Н.Энхбаяраас их идсэн нөхөд байдаг л юм байна – 2

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсыг их хэмжээгээр хохироосон хэргүүдийн талаархи цувралынхаа 2 дахийг уншигчиддаа хүргэж байна. Улсыг хөрөнгөнөөс их хэмжээгээр хувьдаа завшсан эрх мэдэлтнүүд хариуцлага үүрэхгүйгээр үл барам өөрсдийгөө нийгэмд “баатар” болчихсон мэтээр ойлгож, мөнгө байхад бүхнийг шийднэ гэсэн байдлаар асуудалд хандаж, сэтгүүлчдийг заналхийлэх, айлгах, шударга үнэнийг нухчин дарахыг эрмэлзэх явдал газар авсныг эрх баригчид эрхбиш анхааралдаа авна биз ээ.

“Айбекс- Моламын хэрэг”

Монголын газар нутаг, агаарын орон зайг “Айбекс”, “Молам” зэрэг гадаадын компаниудад 60-90 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засгийн газар гэрээ байгуулсан байдаг. “Айбекс”-тэй байгуулсан гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд, ТӨХ-ны дарга асан Д.Сугар мутраа хайрласан бол “Молам”-тай байгуулсан гэрээн дээр Дэд бүтцийн сайд асан Р.Сандалхаан гарын үсгээ зуржээ. Хэрвээ энэ гэрээ хэрэгжсэн бол Монголын байгалийн баялаг 90 жилийн турш зөвхөн “Айбекс”-ийн  хяналтад байж, зөвшөөрөл лицензээ тэднээс авна. Харин Монголын тэнгэр тэр чигтээ “Молам”-ын мэдэлд очиж, гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам сүлжээ ашиглах бүх зөвшөөрөл тус группын гарт төвлөрөх байв. Монгол Улсаа гадаадынханд худалдсан гэж хэлж болохоор асар их эрсдэлтэй энэ гэрээг олон нийт мэдэж, УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ-д хандан цуцлуулжээ. Энэ хэргийн улмаас хэн ч хариуцлага хүлээгүйгээр үл барам Р.Сандалхаан, Д.Сугар нар УИХ-ын гишүүн болон дэвшсэн байдаг.

Дарханы гурилын үйлдвэр /90-180 сая төгрөг/

Дарханы гурилын үйлдвэрийг төсвийн 90 сая төгрөгөөр ямар ч тендергүй худалдаж аваад дампууруулсан хойноо зөвхөн нэг элеваторыг нь эргүүлэд Улсын нөөцийн газарт 180 сая төгрөгөөр шахсан байдаг. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Улсын нөөцийн газрын дарга асан И.Бямнноров нарын нэр холбогддог. Хуулийн байгууллагад шилжин шалгагдаж байсан ч эргэж буцсаар мартагдсан. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.

 

 

МИАТ /5 тэрбум/

Төрийн хянан шалгах хорооноос МИАТ компанид хийсэн шалгалтаар 5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. 500 сая төгрөгийг “Чингис” зочид буудлыг бариулахад зориулж гаргасан, МИАТ-ын захирал асан Нямдаваа болон түүний орлогч нар өөрсөддөө 50 сая төгрөгөөр байшин бариулсан, нисэх онгоцны сэлбэг авах нэрээр мөнгө зувчуулсан, УИХ-ын гишүүн асан Д.Арвины компанид 250 сая төгрөг шилжүүлсэн зэргээр энэ мөнгө МИАТ компанийн данснаас гарчээ. Гэвч уг тайланг Засгийн газар авч хэлэлцэлгүй хав дарж, хэнд ч хариуцлага тооцоогүй. Төсвийн 5 тэрбум хариуцлагагүй албан тушаалтнуудын гарын салаагаар урсаж, салхинд хийсч одсон байна.

 

Дипломат паспортын хэрэг”

Засгийн газар, УИХ-ын гишүүд эхнэр, нөхөр болон танил талдаа хууль бусаар дипломат паспорт гарган өгч, дипломат эрх эдлүүлсэн хэрэг. Ерөнхий сайд Р.Амаржаргалыг Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч байх үед гарсан. Жишээ нь эрхэм гишүүн Э.Бат-Үүл эхнэр Дэлгэртуяагаа Швейцар, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Гэгээрлийн сайд Д.Баттөр нар эхнэрүүдээ БНСУ явахад нь дипломат паспорт гаргуулж өгсөн байдаг. Албаны паспорт 500 ам.доллар, Солонгосын виз 2000 ам.долларт хүрсэн. Тэгэхээр дипломат паспорт гаргуулах энэ үйл ажиллагааны цаана их хэмжээний авилгал байсан гэж харддаг. Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга О.Очиржавыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч хэргийг хаасан.

 

40 сая ам.долларын барьцаа

Б.Жаргалсайханы “Буян”, Б.Эрдэнэбатын “Эрэл”, мөн “Эрдэнэт концерн” зэрэг хувийн компаниудад зээлийн баталгаа гаргаж өгсний барьцаанд төрийн мөнгөнөөс 40 сая ам.доллар гаргажээ. Энэ мөнгө одоо болтол эргэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна.

 

 

Газрын хууль бус наймаа /450 сая төгрөг/

Газрын хууль бус наймаа УИХ-ын гишүүн М.Энхболдыг хотын мэр байх үед ид цэцэглэсэн гэж яригддаг. Хотын А зэрэглэлийн бүсийн газрын зөвшөөрөл авахын тулд 5-100 хүртэл сая төгрөгийн “гарын бэлэг” өгдөг жишиг тогтсон гэх. Энэ талаар “пионер” Н.Болормаа намын их хурал дээрээ мэдээлэл хийж, М.Энхболдыг газрын хууль бус наймаанд буруутгаж байсан. Энэ бүхнээс Спорт цогцолборын барилга барих газрын зөвшөөрлийн 450 сая төгрөгийн асуудал олонд ил болсон. Энэ мөнгөний тодорхой хэсгийг намдаа хандивлахаар тушаасан хэмээн Т.Бадамжунай мэдүүлжээ. Харин үлдсэн хэсэг нь хаашаа орсон нь тодорхойгүй.

Хадгаламж зээлийн хоршооны хэрэг /66 тэрбум төгрөг/

5000 орчим хадгаламж эзэмшигчтэй, 66 тэрбум төгрөгийн хохиролтой, 22 хоршооны хэрэг. Энэ хэргийн улмаас “Гэр хороолын барилгажилт” ХЗХ-ны захирал, Санхүүгийн зохицуулах хорооны даргын амь насыг хохироосон аймшигт хэрэг гарсан. Хамгийн их хохирогчтой нь “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршоо 1645 хүнд 16.2 тэрбум төгрөгийн, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо 1285 хохирогчтой, 11 тэрбум төгрөгийн, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршоо 156 хохирогчтой, 4.6 тэрбум төгрөг болжээ. Нийт хохирлын 50 хувь буюу 33 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. 35 орчим тэрбум төгрөгийн эд зүйлийг хууль хяналтынхан битүүмжилсэн ч цагдаагийн дарга, хурандаа нар энэ хөрөнгийг шамшигдуулсан хэмээн Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг мэдэгдсэн. Хохирол нь одоо болтол бүрэн барагдаагүй. Энэ хэргийн улмаас 43 хүн ял эдэлж байгаа. Улсын төсвөөс гаргасан 33 тэрбум төгрөгөөс ердөө 14 тэрбум нь л төсөвт эргэн оржээ.

“Анод” банкны дамдуурал /120 тэрбум төгрөг/

Ард түмний банк хэмээн сурталчилгаагаа цацаж байсан “Анод” банк нэг л өдөр дампуурлаа зарлаж, 1268 хувьцаа эзэмшигч төрөөс 20 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Нийт 120 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг. Мэргэжилтнүүд “Анод”-ыг дампуурахаар банк биш гэж үзэж, банкны удирдлагууд ч “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг, “Анод”-ын дампуурахыг том зээлдэгчид тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байв. “Анод” банк 2908 харилцагчаас 122.1 тэрбум төгрөгийн авлагатай байсан ч томоохон харилцагчид нь хохирлыг барагдуулахаас байнга зайлсхийж байсан. Тус банкнаас 30 орчим компани 500 сая төгрөгөөс дээш зээл авснаас “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр 15 сая ам.доллар, УИХ-ын гишүүн “Мон Уран”-ы Б.Наранхүү 20 тэрбум, УИХ-ын гишүүн “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар 17, 5 тэрбум, УИХ-ын гишүүн “Очир төвийн” Д.Дамба-Очир 4,2 тэрбум, “Гацуурт”-ын Л.Чинбат 2,1 тэрбум, “Аэромонголиа” компани 6,2 тэрбум, “Тас петролиум” компани 2,9 тэрбум төгрөгийн зээл тус тус авчээ. Тус банкны удирдлагууд болох Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 20 гаруй хүнийг энэ хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Том харилцагч компаниуд зээлээ эргэн төлсөн эсэх, хадгаламж эзэмшигчдийн хохирол бүрэн барагдуулсан эсэх нь одоо болтол тодорхой бус байна.

Энхбаяраас их идсэн нөхөд байдаг л юм байна – 1 нийтлэлийг унших

У.Аянга


URL:

Сэтгэгдэл бичих