Ахиад хоёр аварга, сайхан даа
За Харумафүжи ч цөм авлаа даа. Ахиад л хоёр аваргатай болсон
Дараа нь макүүчид гарч ирсэн Кёкүтэнхо урьд нь бөхөөр хичээллэж байгаагүй хэрнээ төдий амжилт гаргасанд нь бид дуртай байдаг байлаа. (Харин нас хэвийж ирээд түрүүлчихнэ гэж ёстой хэн ч санаагүй биз. Сүмогийн дэвжээг бурхан Монголд өгчихжээ. Хэн хүнгүй баярлаж, ”за Цэвэгнямынхаа түрүүг нэг угаачий” гэж гүрүүшкээ харшуулж байлаа).
Тэгж байтал 2000 оны хавиар манай 6 залуу заан гэдэг шиг Кайо, Мусояма, Чиотайкай, Точиазүма, Таканонами нарын үе эхэлсэн. Паах, дийлдэшгүй амьтад, шилдгүүд! Тойрч үзэлцээд л. Доогуур нь бас баахан аймар амьтад.
Удалгүй монголын гуравдахь бөх макүүчид барилдлаа гэж шуугисаар Аса гарч ирэв. Аягатай усанд дусал цус дусчих шиг л тэс өөр өнгө аяс ороод ирсэн. Нөгөө мундагуудаас бэргэж байгаа ч юм алга. Зэрлэг бар шиг барилдаантай, сэтгэл зүй гэж зүгээр хад. Зэрэгцэж гарсан “найз” нь Котомицүки. Үнэхээр шаламгай, дайчин, ухаалаг бөх. Эхэндээ тэр хоёр өгөө аваатай үзэж байснаа сүүлдээ аварга нь аваргынхаа замаар явж, нөгөө нь тэгээд тэгсгээд дунджаас дээгүүрхэн байсаар карьераа дуусгасан.
Дагвааг бараг озэки автлаа зөвхөн зоригоороо, давна гэсэн хатуу сэтгэлээрээ л ялж байсан болуу гэж бодно. Учир нь Асагийнх гэх барилдаан төлөвшөөгүй байсан санагддаг. Харин озэки болсон үеэсээ ёстой баараггүй бааварладаг болсон. Өрсөлдөгчийгөө бариа зөрүүн дээр биш барьж, базаж хаядаг болов. Арван шаттай гишгүүр байлаа гэхэд Аса 10 дахь дээр нь зогсож, дараагийнх нь арай чүү 6 юм уу 7 дээр л зогсож байх шиг. Точиазүмаг түүний хамгийн сайн өрсөлдөгчид тооцно. Гэлээ гээд тэр Асаг жаахан “удаан л тэсэхээс“ биш өгөө аваа ярихгүй. Котоошюүг гарч ирэхэд нь бид, “за энэ л эвгүй дээ” гэж түгшдэг байсан. Аса нэг удаа зөрж маваши атгаад бүр унасан. Гэвч дорхноо барилдааных нь аргыг олж түүдэг шиг л өнхрүүлдэг болчихсон доо. Бүгдээрээ л дэвжээн дээр гарангуутаа зөөлөн унахаа бодож эхэлдэг байсан гэхэд хилсдэхгүй.
Анх удаа монгол хүн дээд зиндаанд түрүүлсэн башё зүүд биелэх шиг л, монголд олимпийн аварга төрөх шиг л арьс бэржийлгэж, зүрх хөөргөж байлаа. Бярны цуглуулга Ваканосатог эгц мордож зүтгэсээр байгаад тас гэдрэг нь унагасан… харин монгол хөвгүүдийн мөнхийн алдрыг сүмогийн хатуу дэвжээн дээр босгосон.
Дагваад хүнээс өндөр нуруу, хүмүүн бусын бяр байгаагүй. Харин аваргын зүрх, аваргын сэтгэл байжээ.
Ама-г жин нэмчүүл алаад өгнөө гэж бүгдээрээ ярьдаг. Манай байрны дүү л дээ. Долоо билүү наймдугаар ангид байхад нь автуусанд кондуктор, “өөрийгөө 10 жил гэхээсээ ичээч” гээд чимхэж байхыг нь харсан юм. Тэр том амьтанд хэн итгэхэв, туулай байна л гэж бодно. Сүмод явсан том эр харин аварга ах нарынхаа хажууд нарийхан гэж жигтэйхэн. Хэдэн жил ингэж явлаа. Хоёр удаа түрүүлж ч үзэв. Озэки ч боллоо. Арай болоогүй байжээ. Гэхдээ оргил руу тэмцдэг нь аваргын сэтгэл. Тэр нэг л мэдэхэд оргилыг эзэгнэн, ханхайгаад гараад ирлээ. Хэдэн өрсөлдөгчдөө тарааж шидсээр, тэр дундаа ид яваа аваргыг давж аварга болов.
Сүмогийн ертөнцөд гоморхосон монгол хүмүүсийн сэтгэл тайтгарч байгаа нь мэдрэгдэж байна. Ахиад хоёр аварга, сайхан даа. Монгол наадмын дэвжээ шиг өег болоод ирлээ. Дагваа аварга уржигдар Японыг зорьж өчигдөр твитэр хуудсандаа ийм зураг байршуулжээ. Тэр гурав гэж, өдийд амаа чилтэл буу халж, жаргаж байгаа гурван уул суугаа биз ээ.
Нийтлэлч АРТАНЬЯН
URL: