Монгол Улсад хятадууд даварч болохгүй!

Монголчууд бидэнд ажил хийе гэвэл чадвар, бүтээе гэвэл гайхалтай оюун бий. Гадны орнуудад ч бидний монголчууд шиг ажилсаг, махруу ард түмэн үгүйг шагшин магтдаг. Гагцхүү тэр чадварыг эх нутагт нь ашиглаж чадахгүй байгаа төр засаг иргэдийнхээ хүч хөдөлмөрийг гадныханд соруулж буй нь гашуун үнэн.

Өнөөдөр иргэдийнхээ хүч хөдөлмөрийг үнэн зөв, шударгаар үнэлж чаддагсан бол монголчууд эх орондоо ажилтай орлоготой, хэнээс ч гуйлга гуйхгүйгээр амьдрах бүрэн боломжтой.

Хөдөө орон нутагт битгий хэл нийслэлд цалин мөнгө муутай ажиллана гэдэг хэцүү. Тухайлбал, Тамсагт монгол залуус ажилд дургүй, залхуу хойргодоо тогтвортой ажиллаж чаддаггүй биш юм. Гэр орноосоо хол, урт хугацаагаар хөдөө хөрч, гадаа гандаж ажиллахад цалин хөлс, хангамж муу бол амьдрахад бэрх.

Олон улсад гэр орноосоо хол ажилладаг нефть, хийн салбарын ажилчдын ажил амралтын өдрийн жишиг 20:10, 15:15 болон түүнээс ч бага хугацаатай байдаг ажээ.

Гэтэл манайхан эх орондоо гадныхны боол болж, “элэг хөшим” цалин авч доромжлуулсаар буй нь харамсалтай.

БНХАУ-ын “Петро Чайна дачин тамсаг” компанийн үндсэн ажилчид сард 180 мянган төгрөгийн цалинтай бол гэрээтүүд нь 120-160 мянган төгрөгийн хооронд цалинждаг байна.

Өнөөдөр нэг хонь 170 мянган төгрөг хүрсэн гээд бодоход сард хэдийг нь хувцас хунарт, хэдийг нь үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах билээ.

Зээлээс зээлийн хооронд, цөөхөн хэдэн төгрөгийн төлөө шургаж унатлаа ажиллаж яваа монголчуудын энэ өрөвдөм байдлыг гадны “гуйлгачид” хараад элэг доог хийн ид бахаа хангаж байхад манай төр засгийн удирдлагуудын сэтгэл жаахан ч атугай хөндүүрлэдэг гэж үү.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Болорчулуун нар монгол хүнийхээ төлөө сэтгэл гаргаж.

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 139.1 дүгээр заалтыг үндэслэн Хятадын “Петрочайна Дачин  Тамсаг” компанид хүргүүлсэн тэдний мэдэгдэл омогшоов.

Ажиллах нөхцөл тааруу, үндэсний болон хятад ажилтнуудын тэнгэр газар шиг цалингийн зөрөөг багасгах, ур чадвар туршлагаар нь цалинжуулах, ажиллах цагийн хуваарийг дээд тал нь 20 хоног ажиллан, 10 хоног амрах хүртэл хувааритай болгон зохицуулах зэрэг олон оновчтой шаардлагуудыг тавьжээ. Хамгийн гол нь үр дүн чухал.

Алхам тутамдаа монгол хүний эрхийг зөрчиж буй даварсан гадныхны хандыг хага дарах хэрэгтэй.

Тасралтгүй 40 хоног гэр бүлээс нь хол ажиллуулж буйд монгол ажилчдын гэр бүлийнхнээс санал гомдол ихээр ирэх нь мэдээж. Үүнээс болж гэр бүл салж, үр хүүхэд өнчирсөөр байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн жишээ жирийн үзэгдэл болж, гадныхан эх нутагт минь эзэн мэт сууж, өөрсдөө боолчлогдож байгааг засаж болох алдаа. Хүнийх л бол хүнийх л байдаг хойно. Бид өөрсдийнхөө хувь заяаны эзэн байж чадахгүй бол “боолын боол, босгоны шороо” хэвээр адлагдана.

Чин үнэндээ монгол хүний төлөө монгол хүн л үнэн сэтгэлээсээ дуугарч, зүтгэж чадах билээ.

Монгол нутгийн газар доорхи баялагт шунагсад үнэндээ даварч гүйцлээ. Хаа сайгүй дур мэдэн ухаж, газар нутгийг минь сэндийлж, дахин ашиглагдахааргүй болгон асар их хохирол учруулсан атлаа хээв нэг ярзайн суух.

Өчигдөр “Петрочайна Дачин Тамсаг”-т холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцлээ. Манай шүүхийнхэн овоо шүү!

“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-аас “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Дорнод аймгийн Матад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, тус компанид байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг Тосон-Уул 19 дүгээр талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоосон. Улмаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-д даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээлээ.

Монгол нутагт хэн дуртай нь хэрэн хэсэж, хэд гурван халтар төгрөгөөр эмс охидыг бузарлаж, унаган дагшин байгалийг сүйтгэж, дахин ашиглагдахааргүйгээр сэндийлж сандайлж болохгүйг энэ шүүхийн шийдвэр харууллаа гэж баяснам.

Шүүх хурлын явцыг ажиглаж суухад хятадууд гэм зэмээ төдийлөн ойлгож, хариуцлага хүлээх дургүй, унтуу ихтэй байгаа нь харагдсан.

Хүний хүмүүс, ялангуяа хятадуудыг Монгол эх орондоо хэзээ ч даврааж болохгүй.

Э.Энх-Эрдэнэ

эх сурвалж:”Medee.mn”


URL:

Сэтгэгдэл бичих