Төрөлхийн гоо сайхнаа төлбөр өгч сүйтгэх нь…
Сүүлийн үед эмчилгээний болон гоёлын гоо заслын чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулдаг газруудын тоо эрс нэмэгдэх болсон. Үүнтэй зэрэгцээд орчин үеийн охид эхээс төрсөн бие, нүүр царайгаа голж, гоо сайхны мэс ажилбар хийлгэхийг мөрөөддөг болсон гэхэд бараг л хилсдэхгүй биз ээ. Тиймдээ ч охидын 60-70 хувь нь нүд, хөмсөг, уруул, хамраа, 10 хувь нь чихээ, таван хувь нь хөхөндөө, хөлөндөө зэрэг жижиг мэс ажилбаруудыг хийлгэдэг гэсэн судалгаа гарсан байх юм. Мөн үсэндээ элдэв химийн үйлчилгээ хийлгэн гоо сайхны салон хэсч, нүүрэндээ сайн муу нь мэдэгдэхгүй крем түрхэж явна. Ийнхүү эрэлт ихтэй нөхцөлд гоо сайхны салонууд олноороо байгуулагддаг ч төдийлөн чанартай бүтээгдэхүүнээр, шаардлагад нийцсэн орчинд үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Тэд зүгээр л иргэдийн гоё сайхан болох хүсэл дээр дөрөөлөн хөрөнгөжсөөр байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 100 нилээд хол давсан гоо сайхны салон үсчний газар байдаг гэх юм билээ. Гэхдээ дээрх тоонд багтаж ороогүй олон хүний тэр бүр мэдээд байдаггүй орцны хонгил подвальд байрлах газрууд ч бас байж л байгаа. Уг нь бол Стандартчилал, хэмжил зүйн газраас гоёлын гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлагыг нарийвчлан боловсруулж стандарт баталсан байдаг. Тодруулбал: Үйлчилгээнд ашиглагдах бүтээгдэхүүн болон цахилгаан, дулаан, ажлын байрны гэрэлтүүлэг, аюулгүй ажиллагааны гээд бусад олон стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Аливаа гоо заслын үйлчилгээг дээд, нэг, хоёрдугаар зэргийн гэж ангилдаг аж. Дээрх зэргээс хамаарч тухайн газрыг юу гэж нэрлэх нь хамаардаг байна. Жишээ нь, дээд зэргийнхийг нь “супер”, нэгдүгээр зэрэглэлд “салбар”, харин үлдсэн зэрэгт нь “цэг” гэж нэрлэх нь. Тиймдээ ч энд заасан зэрэглэлийн дагуу тавигдах шаардлага нь ч харилцан адилгүй. “Супер” хэмээн нэрлүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг байрны гадаах зогсоол, гэрэлтүүлэг, эмблем, хүртэл шаардлагатай. Дээр нь гутал цэвэрлэгч дэвсгэр, зөөлөн тавилга, саван ариутгах бодис зэрэглэлийн гэрчилгээ, үйлчилгээний дүрэм, дотоод журам гэх зэрэг 57 янзын зүйл шаарддаг. Бүүр цаашлаад гоо сайхны газрын шалыг паркетан эсвэл чулуун хавтан байхыг шаарддаг байна. Харин дараагийн ангилал буюу гоо сайхны цэг ажиллуулахад энэ нь нэг их хамааралтай биш. Тэгэхээр гоо заслын салон, цэгээр үйлчлүүлэхдээ тухайн газрыг ямар зэрэглэлийнх болохыг өөрсдөө мэдэж болох нь байна. Үнэндээ манайд ”гоо заслын цэг“ гэдэг хаягийг гаднаа хадан байрлуулсан нэг ч газар байхгүй. Хонгилын мухрын хэний ч мэдэхгүй жижиг газраас эхлээд олны таалалд нийцээд байдаг томоохон газрууд бүгд л “супер салон” гэх тодотголтой өөрсдөдөө хүндэдсэн нэртэй байдаг.
Иргэд мөнгөө үрж байж дээрх газруудаар үйлчлүүлдэг ч хангалттай үйчилгээ хүртэж чаддаггүйн дээр өвчний үүр уурхай болдог. “Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 5604:2006 стандартын 5 дугаар бүлэгт зааснаар “… батга цэвэрлэх, шивээс, цоололт хийх зэрэг үйлдлүүдийг арьс гоо заслын эмч гүйцэтгэнэ” гэсэн заалт байдаг. Гэтэл энэ заалтын хэрэгжилт хангагдахгүй өөрөөр хэлбэл дурын гоёлын гоо сайхны газруудад дээрхи үйлдлүүдийг хийдэг зөрчил байсаар байгаа юм. Тиймээс гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ, ялангуяа арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах шивээс, чих цоололт болон гоо сайхны мэс ажилбарууд хийлгэхийг хүсч байгаа бол шийдвэр гаргахын өмнө сайтар судлан арьс салст гэмтээх үйлдэл бүхий үйлчилгээ нь ямар нэгэн халдварын эрсдлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, ариутгаагүй зүү тариур, хямсаа, зүүлт чимэг, бохирдсон будагч бодисоор вируст гепатит В,С, ХДХВ зэрэг цусаар дамжих халдвар дамжих эрсдэлтэй. Мөн нянгийн болон хүнд металлын харшил, сорви үүсэх зэрэг хүндрэлүүд гардаг байна. Үүнээс гадна гоо сайхны үйлчилгээ хийлгэх газрыг үнэ хямдтайг харж бус тусгай зөвшөөрөлтэй ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, мэргэжлийн эмч, ажилчдаар хангагдсан эсэхийг юуны өмнө харж зөв сонголт хийх нь зүйтэй. Үнэндээ төрөлхийн гоо сайхнаа төгрөгөөр сүйтгүүлэх шаардлага байгаа ч юм уу даа бас л бодох л асуудал болоод байна…
Ө.Уртаа
URL: