Ц.Шинэбаяр: Төрийн ордонд ороод хоёр алхахад л авилгачтай таарна

Таныг тагнуул, цагдаагийнхантай “тулж” ажиллаад завгүй яваа гэх юм. Тэд таныг салаавчын хэргээр шалгаад байна уу. Эсвэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгах юм уу?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Н.Энхбаяр даргын гэрт байж байтал цагдаагийн тусгай ажилтнууд болон АТГ-ынхан дайрч орж ирээд “Гараа шилэндээ ав. Газар хэвт” гэсэн. Тэгээд намайг диван дор дарж, хоолойг минь боосон. Тэдний болчимгүй үйлдлийнх нь төлөө АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад асуулга тавьтал эргүүлээд “Н.Энхбаярын гэрийг нэгжихэд саад учруулсан.

Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад хийлээ. Ёс зүйгүй аашиллаа” гээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийг нь тагнуулынхан шалгаж байх үеэр нь би гадаад руу эмчилгээнд яваад ирсэн юм. Тэгсэн “Таныг хилээр гарч, орохыг хориглосон. Яаж орж ирсэн юм” гээд л бас дахиад байцаалаа. Эх орондоо ирлээ гэж буруутгаж байгаа юм уу , хаашаа юм. Ирээд удалгүй эмнэлэгт хэвтсэн.

Гэтэл амралтын өдөр буюу ням гаригийн өглөө 10.00 цагийн үед нэг мөрдөн байцаагч орж ирээд “Гадаа машин хүлээж байна. Явж байцаалтаа өг” гэлээ. “Үгүй, та нар чинь амралтын өдөр ажилладаг юм уу” гэхэд “Ажилладаг” гэж хариулсан. Гэхдээ яваагүй. Өөрөөр хэлбэл, ажил, амралтын өдөр ялгахгүй дуудаад, хилээр орж ирэхээр эх орондоо ирлээ гэж буруутгаж байх жишээтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй хүнийг хүртэл “Явъя” гэж дарамталж байна. Энэ нь хууль, хяналтын байгууллагын ажилтнууд бусдыг дарамтлая, шантаачлая гэдгээ урьтал болгосныг илэрхийлж буй. Одоо бол намайг тагнуул биш цагдаа нар шалгах юм гэсэн.

-Тагнуулын ажилтнууд шалгасан нь сонин санагдах юм. Та үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээгүй биз дээ?

Мэдэхгүй юм Тагнуулынхан хэний захиалгаар шалгасныг нь мэдэхгүй. Ерөнхийдөө монголын хууль хяналтын байгууллага захиалга биелүүлдэг болсон жишээг олон тохиолдлоос харж байна. Үүний нэг нь энэ.

-Тэгэхээр төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзжээ, янз нь?

-Тийм. Эрүүгийн хуулийн 130.1-д заасан үндэслэлээр буруутгаж буй юм.байх.

-Тэр үед таны хоолой өвдсөн байсан гэх. Цочирдсон хүн дуугарч чадахгүй учраас үйл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлсэн нь буруутан болох шалтгаан болсон юм биш үү?

-Аливаа үйл явдлыг орон зай, цаг хугацаанаас нь таслахаар бодитой болж чаддаггүй. Үйл явдлыг бүхэлд нь харах ёстой. Тэр өдөр тусгайгийн ажилтнууд орж ирээд “Гараа шилэндээ аваад, газар хэвт” гэсэн. “Командыг чинь биелүүлж чадахгүй” гэхэд хэлснийг маань сонсоогүй. Хоёр дахиа хэлсэн ч сонсоогүй. Тэгэхээр нь хариу үйлдэл үзүүлсэн нь тэр. Яагаад гараа шилэндээ аваад газар хэвтэх ёстой гэж.

Би тийм командыг хэзээ ч сонсч байгаагүй. Сонссон ч биелүүлж чадахгүй. Нөгөө талаар тэд диван дор дарж унагаад хоолойг маань гэмтээсэн. Өнөөг хүртэл хоолой эдгэхгүй байгаа нь гэмтлийн үр дүн байхгүй юу. Уг нь эдгэх хугацаа болсон. Эмч нар “УИХ-ын сонгуулийн өмнө эдгэнэ” гэсэн баталгаа өгсөн ч үр дүн нь гарсангүй. Хоолой эдгэхгүй байгаа нь шууд гэмтлийн түүний үр дагавар гэж хэлмээр байна.

Яахав, хордлогоос болж миний хоолой өвчтэй байсан уу гэвэл байсан, Гэхдээ хордлого эдгэж байхад нь тусгайгийн хэдэн нөхөд дахиад гэмтээсэн байхгүй юу. Тухайн үедээ сөрөг нэхэмжлэл гаргасан ч Д.Дэмбэрэл дарга “Энэ асуудлыг больё. Цагдаагийнхан одоо нэхэмжлэлээ татаж авна. Та нар ч гэсэн татаж ав” гэж авахуулчихаад араас нь буцаагаад ийм байдал руу хүргэсэн. Иймээс дахин сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй.

 
-УИХ-ын сонгуульд танай “Хамуг Монгол” нам бусад намуудтай хамтарч оролцоод амжилт олсонгүй. Үүнд дүгнэлт хийж байна уу?

-Би өөртөө дүгнэлт хийхгүй. Дээрээс нь өөрийнхөө тухай ярихдаа ч гол нь биш. Харин сонгууль шударга болсон эсэх тухай ярих ёстой. Уг нь сонгууль ямар болсныг хүмүүс мэдэж байгаа. Харамсалтай нь, хэн ч ярихгүй юм. Сонгуулийн дүн автомат машинаар санал хураахаас гурван хоногийн өмнө “Өдрийн сонин” дээр гарчихсан шүү дээ. “Баанга өвгөн” гэгч сонгуулийн дүнг санал хураалтаас өмнө зарласан.

Энэ нь сонгууль бол урьдчилан программчлагдсан, хувь заяа нь тодорсон байсан гэсэн үг. Дээрээс нь зарим талаар үр дүн таалагдахгүй болохоор Сонгуулийн ерөнхий хорооныхон дүнг зассан.  Сонгуулийн  ерөнхий хорооны цахим хаягт энэ талаар бий. Уг нь сонгуулийн урьдчилсан дүнгээр манай “Гуравдахь хүчин” эвсэл 66 мянга гаруй хүний санал авсан байсан юм. Сонгуулийн ерөнхий хорооноос маргааш нь мэдээлэл хийхдээ манай эвслийн авсан саналыг 16 мянга гээд бүр 50 мянган санал хассан. Үүнийг хүмүүс ярихгүй байна.

Сонгууль ажигласан 160 гадаад ажиглагч хүртэл надтай адилхан хоолойгоо боолгосон мэт дуугүй өнгөрөөсөн. Шударга сонгууль болж, ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлж чадаагүй учраас өнөөгийн УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа юм. Өмнө нь би яагаад Дуугараагүй гэхээр хоолой боолттой учраас юм ярьж чадахгүй байсан. Одоо гайгүй болж байгаа учраас үгээ хэлж байна.

-Танай нам яагаад Б.Жаргалсайханы намтай эвссэн юм бэ. Магадгүй та хоёрыг Н.Энхбаярт гомдогчид гэж хардахаар байна?

-Хүнд гомдож улс төр хийдэггүй. Монголд яаж шударга ёс бий болгох вэ. Яаж өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр сонгуульд оролцох хэвшлийг тогтоох вэ. Албан тушаалын төлөө, авлигаа нууж хаахын төлөө У ИХ- д ордгоос ялгаатай байх гэж хамтран оролцсон.

-Өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгч байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар байх болно” хэмээн тодотгож буй?

-Шинэчлэх гэдэг нь жирийн үг биш. Мэдлэгтэй, далайцтай, хурдтай, хариуцлагатай өөрчлөлт хийж байж шинэчлэхээс биш албан тушаалыг фракцуудад хуваарилж өгснөөрөө шинэчлэл болохгүй. Цаг хугацаа өдөр хоног өнгөрөөж арга ядсан хярсан залийг шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа гэж хэлэхгүй. Шинэчлэл гэдэг үгийг олон хүн хэлж чадахгүй байна. Ганцхан Н.Алтанхуяг шинэчлэл гэж хэлэхээс биш, Засгийн газрын гишүүдийн нэг нь ч хэлж чадахгүй.

Яагаад гэвэл энэ үгийг хэлэхээс эмээж буй хэрэг байхгүй юу. Яахав дээ, өнөөдөр МАН бүлэггүй байна, АН- ынхан авлигатай тэмцэж байна гэж яриад л байна. Тэгвэл авлигатай тэмцэнэ гэж юу хэлээд байгаа юм бэ. Тэд зөвхөн авлига гэдэг эзэн биегүй зүйл ярихаас биш жинхэнэ авлигачтай тэмцэхгүй байна. Хагарах дөхсөн авлигач УИХ, Засгийн газарт зөндөө байна. Өөрөөр хэлбэл, АТГ- ынхан АН, МАН-аас гадуур авлигач хайгаад олохгүй суугаад байгаа юм.

Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгүй зургаан жил боллоо. Үүнийг хаацайлаад байгаа нөхдүүдтэй тэмцвэл мөн олон авлигачийг барина даа. Дээрээс нь хэвлэл мэдээллээр “Бороо гоулд”, “Тавантолгой”, газрын тосны “Петро-Чайна”- тай холбоотой сэжиг бүхий мэдээлэл байнга гарч байна. Мэдээллийн мөрөөр ажиллавал нэлээд авлигачийг барьж авна шүү.

Намайг сонгуульд орж байхад ард иргэд “Авлигатай сайн тэмцээрэй. АТГ-ыг авлигатай тэмцэхээс биш авлигачтай тохиролцдог газар байлгаж болохгүй. Авлигачдыг барьж авчихаад эргүүлээд суллаж байна. Энэ нь тохиролцож буй хэрэг шүү” гэж захиж байсан. Даанч ялалт байгуулж чадаагүй учраас одоогийн хууль тогтоогч нарт шаардлага хүргүүлж ажлыг нь хийлгэнэ. Уг нь манай эвслийн мөрийн хөтөлбөрт олон чухал заалт байсан. Түүнийг хэрэгжүүлэх талаас нь Засгийн газрыг шахаж шаардая гэсэн бодолтой байна.

-Та авлигачдыг нэрлэж чадах уу?

-Ордонд ороод хоёр алхахад л тааралдаж байна. Энэ тэндгүй гүйлдэх авлигачдыг мөргөж. шүргэчих гээд хэцүү байна. Мөргөөд унагачихвал бас л хэрэгт орох байлгүй. Тэгэхээр ордон    орохоос болгоомжилж байна шүү.

-Дорнодын тойрогт лидер нэр дэвшигч байхгүйгээс бие даагч болон мөнгөтэй эрхэм гарч ирсэн гэж хэлэх хүн байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг сонгуулиар мөнгө тараасан тухай мэдээлэл гарах болсон?

-Баримт нь бий. Даанч шалгах зүрх, зориг төрд алга. Тийм чадал ч байхгүй биз. Ардчиллын нэр барьсан авлигачид л Монголын төрд байгаа болохоос биш ардчиллыг төгс утгаар нь байлгая гэсэн нэг ч хүн алга. Өнөөдөр Монголын төрийг ардчиллын нэр барьсан авлигач, хулгайч, луйварчдаас аврах хариуцлагатай цаг үе тулгараад байна.

-Нэгэн цагт таны зүтгэж байсан МАН-ынхан гишүүдээ МАХН-д алдахаас эхлээд УИХ-д  бүлэггүй байна. МАН-ын улс төрийн замнал саарах шинжтэй байна гэж дүгнэх хүн бий. Энэ үйл явдалд ямар дүгнэлт хийж байгаа бол?

-МАН улс төрөөс цаг нь болсон. Толгой дээр байгаа авлигачдаа цэвэрлэхгүй юм бол МАН тэдэнтэйгээ хамт алга болох ёстой. МАН дотроосоо шинэчлэгдэж чадахгүй байна. Чадахгүй учраас ч би гарсан. Монголын төрийг шинэчлэхийн тулд МАН, АН-ын толгойд байгаа авлигач, луйварчдаас салах ёстой. Улс төрөөс бүрмөсөн хөөх ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол Монголд тогтвортой төр, сайн сайхан амьдрал хэзээ ч тогтохгүй.

Анх 1990-ээд онд ардчиллын салхи сэвэлзлээ гэхэд нь баярлаж байлаа. Гэтэл төр авлигач, луйварчдад баригдаад ардчиллыг хүмүүс хар шуурга, хар салхи, гамшиг мэтээр харж байгаа нь нууц биш. 22 жилийн туршид энэ хоёр нам Монголын төрөөр тоглолоо шүү дээ. Энэ утгаараа АН, МАНходоод гэдэс хөл нь нэг, тархи нь тусдаа сиамын ихэр байхгүй юу. Бүлэгтэй, бүлэггүй нь хамаагүй энэ сиамын ихрийг эрчимт эмчилгээнд нь оруулж эрүүл саруул сонгодог ардчиллыг нутагшуулах ёстой. Сиамын ихэртэй Монголын төр хэзээ сайн сайхан явахгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр шатны шүүхээс гэм буруутай мэтээр яллаа. Үүнийг зарим хуульч, улстөрч төдийгүй иргэд “Улс төрийн захиалгат шүүх хурал боллоо” гэж дүгнэж буй. Та МАХН-ыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэж байсан атлаа яагаад гарсан байдаг юм бэ. Муудалцсан болов уу гэсэн хардлага байна?

-Бид хоёрт муудалцаад байх шалтгаан байхгүй. Монголын төрд өнгөрсөн 22 жилийн туршид дандаа албан тушаалын төлөөх муудалцаан байсан. Би үзэл бодол, итгэл үнэмшлээрээ “Явъя” гээд гарсан. Өмнөх жилүүдэд албан тушаал, фракцийн эрх ашгийн төлөө МАН, АН-ынхан ажиллаж ирсэн. Үүнийг нь эвдэж өөр болгоё гэж улс төрд өнгөрсөн дөрвөн жилийн туршид тэмцэл явуулсан болохоос биш хэн нэгэн хүнтэй муудалцаж улмаар өшөө хонзон авна гэж яваагүй. Ийм улс төрд цэг тавихыг л хүссэн юм.

-Та Н.Энхбаярт ял оноож буй нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч буйгаа хэлэхгүй юм?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш ганцхан энэ хэрэгтэй Монгол төр, засаг, хууль хяналтын байгууллагынхан тэмцлээ. Нийгмийн сэтгэлзүйг нэг тийш нь аваачаад авлигатай тэмцэж байгаа мэт дүр эсгээд явж байна. Хэдэн жил, сараар үнэн, худал нь үл мэдэгдэх ганцхан хэрэгтэй ноцолдох гэсэн юм бэ.

-МАХН-д элсэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дээрээс нь МҮАН- ын Ц.Цолмон дарга МАХН-д элслээ. Үүнээс үүдэн МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл задрах нь гэх боллоо?

-Монголд ардчилал байхгүй. Байхгүй гэдгийг олон зүйлээс харж болно. Хууль хяналтын байгууллагынхан эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг дуудаж байцаахаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл шүүх хурал хуралдаж байх жишээтэй. Тийм л сүрхий ажиллаж байгаа юм бол бусад ажлаа сайн хийх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа олон ажил зогссон. Стратегийн ордуудыг олигархиуд хулгайлсан хэвээр байна.

Яагаад үүнийг таслан зогсоож шийдвэрлэхийг бодохгүй байгаа юм бэ. Тэгсэн атлаа    хүмүүсийг дарамтлах болохоороо ажил, амралтын өдөр ялгахгүй юм. Өнөөдөр ард түмэн цөхрөнгөө барж байна. Шударга үнэн, ардчилал, тэгш эрх бүгд алга. Хуулийн гадна амьдардаг цөөн хэдэн хүнийг хараад залхаж байна. Бид Монголын улс төрд шинэ ардчиллын давалгаа оруулахын төлөө тууштай тэмцэх цаг үеийн өмнө зогсч байна.

-Тэмцлийнхээ төлөө ямар хүчин зүтгэл гаргах юм бол, та?

-Манай нам өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө УИХ-д байгаа нөхдүүдэд шаардлага хүргүүлж байна. Намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийж үзэхэд олигтой юм юу ч алга. Нөгөөх худал хуурмаг, арга ядсан хөтөлбөр байна лээ. МАН, АН-ын хэдэн фракц хуучин бялуу хуваадаг байсан бол одоо булуу булаацалдаг болсон нь үнэншүүдээ.

-Танай нам Улсын дээд шүүхэд бүртгэгдснээс хойш үйл ажиллагаа нь сул юм шиг ажиглагддаг. Та эмчилгээ хийлгээд завгүй болохоор тэр юм болов уу?

-Эмчилгээ их хийлгэлээ. Цаангид ч хийлгэнэ. Хордлогоо гүйцэд эмчлүүлэх хэрэгтэй. Ийм улс төрийн эгзэгтэй үед хувийн ажлаа хойш тавьж улс төр хийхээс аргагүй. Би тэгж хувийн ажил хийж амиа хоохойлмооргүй байна. Улс төрийн төлөө өөрийгөө зориулмаар байна? эхдээ эрүүл мэндээ бас бодно.

-Улс Төрийн төлөө өөрийгөө зориулна гэхээр гудамжинд жагсах ёстой юу. Эсвэл эрх баригч намуудад нөлөөлөл үзүүлэх юм уу?

-Энэ талаар тодорхой ярих болоогүй. Гэхдээ хийх ажил их байна.

-“Хамуг Монгол” намын даргаар яагаад С.Молор-Эрдэнийг сонгосон юм бэ. Та яагаад намын дарга болоогүй юм?

-С.Молор-Эрдэнийг сонгосон биш сонгогдсон.

-Тэгэхээр танай намд таны хүрээлэл, дэмжигчид цөөхөн хэрэг үү?

-Сонгууль ардчиллын зарчмаар сонгогддог болохоос биш AH, МАН- ынхан шиг албан тушаалын төлөөх фракцуудын тохиролцоогоор явдаггүй.
Д.Болормаа
Эх сурвалж:”Зууны Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих