Б.ЛХАГВАЖАВ:ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭНД ХАМГИЙН НОЦТОЙ НЭГ ЗААЛТ ОРСОН БАЙГАА

Оюу толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолыг зөрчин байгуулсан. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар, энэ удаагийн УИХ алдааг  засах ёстой хэмээн УИХ-ын  25 гишүүн гарын үсэг зуран Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуягт хүргүүлээд байгаа.
Энэ талаар эдийн засагч, судлаач, мэргэжилтнүүд ямар  байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. 

Иргэний хөдөлгөөний, Цэцийн, Соёмбо хөдөлгөөний, МАН-ын  гээд олон янзаар “овоглуулдаг” эдийн засагч,  хуульч Б.Лхагважав ийм байр суурьтай байна.


-Оюу толгойн гэрээг сайжруулах асуудал  ид яригдаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид нар хүсэн хүсээгүй  гадныхны тоглолтод орчихсон. Өнөөдөр Монголын төрөөс хамааралгүйгээр  лиценз эзэмшигч гадны компаниуд манай улсын  газрын хэвлийг баялгийг  барьцаалан хувьцаа гаргаад асар их хөрөнгө босгож байна. Нэлээд хэдэн жилийн өмнөх мэдээллээр бол 26 компани  манай улсын газрын хэвлийн баялгийг хайх, ашиглах  лицензийг эзэмшээд хувьцаа гаргаж олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс  30 гаруй тэрбум ам.доллар  босгосон байсан. Энэ тоо одоо  нэмэгдэж байгаа нь мэдээж.
Ний нуугүй хэлэхэд, монголчууд бид  газрын хэвлийн баялгаа барьцаалж, мөнгө босгох  эрхгүй л болчихсон байна шүү дээ. Ер нь 1997 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж  лицензийг үнэгүй тараасны хамгийн  сөрөг үр дагавар нь энэ. Үүнээс үүдээд өнөөдөр 30 гаруй тэрбум ам.долларын эргэлтэд Монгол Улс  ямарч нөлөөлөлгүй болсон байна. Би нэг зүйлийг анзаараад байгаа. Одоо манай улстөрчид ч , мэргэжилтнүүд ч зарим тоглолтоо нууц байдалтайгаар хиймээр байгаа юм.
Нээлттэй байна гээд хамаг зүйлээ дэлгэчихдэг. Түүнийг нь гадныхан овжиноор ашиглаж байна. Иргэний хөдөлгөөнийхний зүгээс Оюу толгойн гэрээг байгуулахын өмнө 13 шаардлага бүхий бичгийг төр засагт хүргүүлэхэд хөрөнгө оруулагч талын нэг канад нөхөр энэ доторх хамгийн чухал хоёр заалтыг олоод үзчихсэн, анхааралдаа авчихсан байсан удаатай. Тэд биднийг дэндүү судалж байгаа байхгүй юу даа.  Эрх зүйн хувьд, бүтцийн нь хувьд, төрийнх нь хувьд, монгол хүний сэтгэлгээнийх нь хувьд гээд л.
Энэ бүхэн нь  нөгөө талд ашигтай гарч байгаа. Тийм  учраас зарим зүйлийг хаалттай хэлэлцэхээс аргагүй байдалд орж байна.
Нийтийн хамааралтай төрийн өмч гэдэгт газрын хэвлийн баялаг, ус, ой мод, бэлчээр гээд орно.  Өнөөдөр энэ бүх өмч  эрх зүйн ямарч  хуулиар зохицуулдаггүй юм байна. Энэ нь  хамгийн том эмгэнэл. Манай газрын хэвлийн баялаг өнөөдөр үнэгүй, бүртгэлгүй. Тиймээс юуны түрүүнд өмчийн харилцааг зохицуулах хуультай болох хэрэгтэй байна.
-Оюу толгойн гэрээг нэгэнт хийчихсэн, засах аргагүй гэсэн үг үү?
-Энэ гэрээг сайжруулахын тулд нэлээд зүтгэл шаардах нь мэдээж. Гэхдээ эхний ээлжинд санхүүгийн системээр олох ашгаа нэмэгдүүлэх боломж байна.  Татварын бодлогоор гэх мэтчилэн. Дөнгөж саяхан Татварын ерөнхий газрын дэргэд уул уурхай хариуцсан хэлтэс байгуулагдаж байна. Цөөхөн хэдэн хүнтэй. Нөгөөдүүл нь  уул уурхай,  татвар  гэдгээ ч сайн мэдэхгүй л нөхдүүд байх шиг байна.
2013 онд  уурхай ашиглалтад орно гэж байгаа. Тэгэхээр жилдээ 4-5 тэрбум ам.доллар эргэлдэнэ. Энэ нь  бүхэл бүтэн улсын  төсвөөс илүү гарч мэднэ. Түүнийг хянаж мөнгө авахын тулд маш өндөр чадвартай  мэргэжлийн багийг  цаг алдалгүй бэлдэх хэрэгтэй байна. Тэгж байж л жаахан ч гэсэн ахиу орлогыг төвлөрүүлж чадна.
Тэгээд нөгөө миний хэлээд байгаа  зарим зүйлээ  хаалттай, нууцлаг  хийхгүй бол болохгүй байна.  Оюу толгойн гэрээг 2009 онд  байгуулахад хүчинд автагдсан байдал ажиглагдаж байсан.Тэр үед хямрал нүүрлээд   хувьцааны үнэ навс унаж, нэг тонн зэс 4000 ам.доллар болтлоо бууж, манай улсын эдийн засгийн байдал хасах үзүүлэлттэй гарч  байсан шүү дээ. Тэр үед манайх гэрээг байгуулж байлаа.  Гэтэл Оюу толгойг гэрээг сайжруулах асуудал сөхөгдөхөд  дахиад уналтын үе давхцаж таарч байна.  Миний хувьд  нэг хардлага төрөөд байгаа. Айвенхоу, Рио тинтогийн зүгээс дэлхийн эдийн засгийн уналтаар  манай  улс төрийн  давалгааг хайцаалах гэсэн оролдлого байна уу даа гэж ажиглаж байна.
-Оюу толгой  хэмээх ордын газар доорх баялаг ард түмнийх гээд байгаа. Гэтэл Монгол Улсын Засгийн газар 34 хувь эзэмшихийн тулд мөнгө зээлж,  өр тавьж хөрөнгө орууллаа. Тэгэхээр давуу боломж гэж байдаггүй хэрэг үү?
-Газрын дорх баялаг Монгол Улсын өмч. Үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байгаа. Харин Ашигт малтмалын тухай хуулиар бол лиценз аваад хайгуул хийгээд ашиглах  болохоор худалдан борлуулах эрх нь лиценз эзэмшигчид шилжчихээд байгаа юм. Энэ асуудлыг цаашид хэрхэх гарцаа одоо болтол  олоогүй л байна.
Тэгээд л манай улс Оюу толгой компанийн 34 хувь эзэмшихдээ нийт хөрөнгө оруулалтын 34 хувьтай тэнцэх зардал, хөрөнгө оруулалтыг гаргаж байгаа хэрэг.
-Оюу толгойн гэрээг анх байгуулахдаа туршлага дутсан зүйл их бий. Адаглаж үндэсний мэргэжилтнүүдийнхээ хүчийг ашиглаагүй, алдаа ихтэй зүйл хийсэн гэвэл та санал нийлэх үү?
-Энэ үнэн шүү. Манай тал яамныхаа хэдэн хуульч гэсэн мэргэжилтнүүдийг л дайчилсан, тэд нь ямарч нэмэгдэл цалин хөлсгүйгээр ажилласан.
Харин хөрөнгө оруулагч тал манай сайн гэгддэг гэрээний эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтнүүдэд цагийн 1000 ам.долларын хөлс төлж ажиллуулсан. Тэд найман цаг ажиллаад 8000 ам.долларын урамшуулал авч байлаа.
Тиймээс хөрөнгө оруулагч тал юун дээр хожоотой алхам хийх вэ гэдгээ маш сайн тооцож гэрээ байгуулсан.
Эх оронч үндэсний мэргэжилтнүүд нь санаа зовинож төр засагт үгээ хэлдэг ч тоогоогүй. Урьж ярилцлага, хэлэлцүүлэг хийсэн нэр зүүгээд л өнгөрч байлаа. Оюу толгойн хөрөнгө оуулалтын гэрээнд хамгийн  ноцтой  нэг заалт орсон байгаа.
-Тэр нь юу юм бол ?
-Ашигт малтмалын тухай хуулийн  5.6 дугаар заалтыг мөрдөхгүй гэж Оюу толгойн гэрээнд тусгасан  байгаа.
Тэр юу гэвэл  тухайн  компани хөрөнгө оруулалт хийж, хувьцаа гаргавал  10 хувийг нь  Монголын хөрөнгийн биржээр зарна гэсэн заалтыг хэрэглэхгүй гэж   оруулсан гэсэн үг. Тэр үед энэ асуудалд анхаарлаа хандуулж байх учиртай Санхүүгийн зохицуулах хороо юу ч дуугараагүй гээд  бод доо. Хэний эрх ашгийн талд үйлчилж байгаа хэрэг вэ.
Хэрэв хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр зарсан бол манай хөрөнгийн зах зээл 2009 оноос хойш өнөөдөр өндөр түвшинд хүртлээ хөгжсөн   байх байлаа.  Тэр үед  гадны пүүс, компаниуд Монголд ороод ирчихсэн байсан.
Монголчууд чухал 17 ордынхоо хувьцааг арилжихад  10 хувь болгоныг Монголын хөрөнгийн биржээр зарах нь гээд.  Гэтэл хамгийн том,  эхний гэрээ байгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг мөрдөхгүй гээд оруулчихсан. Тэгэхээр тэдэнд  найдлага үгүй болж Монголоос гараад явахгүй хаачих юм. Энэ мэтчилэн алдаатай зүйл их  хийсэн.
-Тэр байтугай ТЭЗҮ-ийг батлуулаагүй байхад гэрээг баталсан шүү дээ?
-Энэ бүхэн нь  төрж барьж байсан хүмүүстэй холбоотой. Хамгийн анхны  буруу алхамыг   Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Н.Энхбаяр  хийсэн. ОХУ-ын өрийг  дарахын тулд 50 сая ам.долларыг Роберт Фрийландаас  зээлээд оронд нь  ашиглалтын лицензийг шууд өгсөн юм. Тэр нөхөр Ашиглалтын  лицензээ аваад зөрүүлээд Бороо гоулд шиг тогтвортой байдлын гэрээ байгуулж Монголын баялгийг цөлмөх гэж байсан юм шүү дээ. Харин олон нийтийн анхааралд орсны хүчинд түүнийг зогсоож чадсан. Энэ мэтчилэн яриад байвал их зүйл бий.
www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих