Бэлтрэг суйлах цаг

Ахмадын өдрөөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болсон цуглаанд хэлсэн үгийн гол санааг зарим нөхдийн хүссэнээр дэлгэрүүлж сийрүүлье.
Ардын намын үе үеийн гишүүд цугласан байгаа тул нэгэн их ухаантны үгийг сонирхуулъя. “Нам гэдэг ганц нэг хүний ашиг тусын тулд олон хүн солиорохын нэр” гэсэн үг байдаг. Үүнийг Английн нэрт шог зохиолч Жонатан Свифт 300 жилийн тэртээ хэлжээ. Солиорно гэж амь бие хайргүй тэмцэхийг хэлж байна. Нам бол тэрхүү ганц нэг хүнийхээр илэрч байгаа өөр бусдын ашиг тусын төлөө амь бие хайргүй тэмцэгчдийн байгууллага мөн гэсэн үндсэн санаа энд багтжээ. Нам гэдэг нь зөвхөн итгэл үнэмшлийн бөөгнөрөл төдий хөн биш, харин эрх ашгаараа хэлхэлдсэн тэмцэгчдийн улстөрийн байгуулла га мөн гэж байна. Тийм ээ, нам бол нямба хийж, маань мэгзэм уншиж суудаг буяны байгууллага огтхон ч биш. Харин олон түмний шударга тэмцлийг удирддаг дайчин тэмцэгчдийн байгууллага мөн юм байна. МАН ийм нам байсан, байгаа, цаашид ч тийм байх болно. Одоо бол нямба хийж ном хурдаг цаг бүр ч биш. Үүрэглэх нойрыг унтаж барахгүй, тэмцэж барна. Одоо бол сэрж сэтгэх цаг. Анчны ухаанаар бол бэлтрэг суйлдаг цаг. Хамар толгой дээр гарч хол ойрын бараа хардаг цаг. Хавхаа эргэж, мөр хөөдөг цаг.
Би бээр Ю.Цэдэнбал даргатай МАН-д 1955 онд Дашбалын Балбар, Цогнын Бадарч гэдэг хоёр ахмад гишүүнээр батлан даалгаж зургаан сарын орлогчийн хугацаа дамжин намч чанараа шалгуулан тэнцэж гишүүн болсон. Түүнээс хойш 57 жил солиортлоо тэмцэж явна. Бас тэрхүү Свифтийн бас нэг онч мэргэн үгийг сануулмаар байна. “Хамгийн сайн жимс өт хорхойд идүүлдэг шиг хамгийн шударга хүмүүс гүтгэлэгт идүүлдэг” гэсэн үг байдаг. МАН өнөөдөр өт хорхойд идүүлсэн жимс шиг хөөрхийлөлтэй байна. Тус намыг “алуурчин нам” хэмээн улстөрийн хилс хэрэгт гүтгэж байна. МАН нэр төрөө сэргээлгэхээр олон улсын шүүхэд хандах бүрэн үндэстэй гэж үзэж байна. МАН бүх улстөрийн зүтгэлтэн удирдагчдаа хүйс тэмтр үүлэн хядуулсан учраас 1937 оноос үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн үнэн баримт бидэнд байна.
МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч 11 гишүүнээс 10-ыг нь хэлмэгдүүлсэн. 1937 оны гуравдугаар бүгд хурал гэгчийг хийх үед анх 51 гишүүнтэй байсан намын Төв хорооны гишүүний 60 хувь нь буюу 29 нь байхгүй болсон байсан. Элдэв-Очир даргыг нас барснаас хойш 1937-1940 онд нам даргагүй байсан. 1937 онд хийх ёстой байсан намын ээлжит Их хурлыг хийж чадахгүй дөрвөн жил хойшлуулсан. 1940 онд хуралдсан Х Их хурал нь чухамдаа сэргээн байгуулах хурал байсан. Нөхөр Х.Чойбалсан хувьсгалын эсэргүү нартай тэмцэхэд намын Төв хороо “Байлдааны жинхэнэ штаб болж чадаагүй” гэж намын Х Их хурал дээр илтгэсэн зэрэг нь МАН хэлмэгдүүлэл үйлдээгүйг давхар нотолж байгаа юм. Ер нь яаж ч бодсон манай нам өөрийн удирдагчид, нэрт зүтгэлтнүүдээ тийнхүү хоморголон хядаж, өөрсдийн ариун номын багш болсон лам хуврагуудаа хүйс тэмтрэн хөнөөж цусан далай, махан овоо, ясан уул босгох сон билээ. Энэ булай хэргийг Стали ны удирд лагаар Ежов, Фирновский, Миронов тэргүүтэй СССРийн Дотоод хэргийн ардын комиссиарат гардан үйлдсэнийг 1960-аад онд Н.С.Хрущев, 1993 онд Борис Ельцин нотолж дэлхийд тунхагласан байдаг. Нэг удаа Фриновский бээр “хэтэрхий их цус урсаж байгаа юм биш үү” гэж зориглон асуухад Сталин “Зүгээр, нам бүх хариуцлагыг хүлээнэ” гэж хэлсэн баримт байдаг юм билээ.
Түүнээс гадна А.Амар сайдыг баривчилснаас хойш Монголд үндэсний засаг төр устгагдаж Сталины тоглоомын дэглэм 1940 оныг хүртэл ноёрхож байсныг ч зөвшөөрөх хэрэгтэй. Чухам үнэнийг хэлэхэд Монголын хэмжээг үй эрхт эзэн хааны зэрэгт шүтэгдээд байсан Сталины тухай бяцхан тодруулга хийе, тэгэхдээ сэдвээсээ гажихгүй…
1949 онд Уинстон Черчиллийн дурсан бичсэнийг уншсанаа санаж байна. ”Сталин бидэнд гойд сэтгэгдэл төрүүлдэг сэн. Түүний хүмүүст нөлөөлөх нь хэлэхийн аргагүй. Ялтын бага хурал дээр түүнийг танхимд орж ирэхэд тушаал өгсөн мэт цөм босоцгоодог, хамгийн хачирхалтай нь цөмөөрөө номхон зогссон байдаг сан. Хамгийн эгзэгтэй хэцүү мөч тэрчлэн ёслол төгөлдөр цагийн өмнө ч биеэ барьж чаддаг, хэзээ ч илбэдүүлдэггүй, ер бусын төвөгтэй хүн байсан. Асар уудам гүрнийг бий болгож эрхшээлдээ оруулсан, дайсныхаа гараар дайснаа дардаг хүн байсан. Империалист үүд гэдэг биднийг хүртэл империалистүүдийнх нь эсрэг байлдуулдаг байлаа” гэж бичсэн юм билээ.
Сталины хэв шинжийн тухай 1931 онд Москвад зочилсон Английн алдарт зохиолч Бернард Шоу “Хар лам, фельдмаршалын хольц юм” гэсэн гэдэг. Манайхныг ч үнэхээр л фельдмаршал шиг сэлэмдээд, хар лам шиг мунхруулж орхисон билээ. Тэр хүн Монголын тусгаар тогтнолын барьцаанд дэндүү олон хүний амь нас хохи рооход хүргэсэн юм. Тэгтэл эдүгээ түүний үл үзэгдэх сүнс ами лаад байх шиг олны зүрхэнд шар ус хураах боллоо. Ардчилсан намынхан МАХН-аар хамжаа хийж МАН-ыг тохуурхан гадуурхаж байна.
Ил үзэгдэх цус урсалт үгүй мэт боловч ихээхэн учир битүүлэг заналхийлэл ганцхан МАН-ын эсрэг шар усны үер адил суваг шуу дуу бүхнээр садран дайрч байна. Өнөөдрийн Монгол бол МАН-ын 91 жилийн түүхэн тэмцлийн биет үр дүн мөнийг дэлхий дахин мэднэ. Монголыг МАН гардан удирдаж бүтээсэн нь шинжлэх ухааны нотолгоо шаардахгүй үнэн баримт юм. Хүн амын дундаж наслалт 33, мал нь 13 сая, хүн ам нь 500 мянга байсан үнэн баримтыг одоотой харьцуулаад харахад бүх юм алган дээр тавьсан мэт тов тодорхой шүү дээ. Гэтэл урдаа ийм агуу гайхамшигт түүхтэй, өнөөдрийн сонгуулиар араасаа 400 мянган сонгогчийг дагуулсан МАН-ыг үзэл бодлоор нь гадуурхаж ардчиллын нэр хүндийг айхтар муухай гутааж байна. Тус намын бодлогыг төлөөлөн хамгаалж хэрэгжүүлэх сайд, дэд сайд, агентлагийн захи рал гэж нэгээхэн ч байхгүй болгож, манай сонгогчдын гуравны нэгийг улстөрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж хүний эрх зөрчиж байна. Ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт МАНын сонгуулийн хөтөлбөрөөс юу ч оруулсангүй хасч зүрхэллээ. Энэ бол Монголд улстөрийн үзэл бодлоор нь гадуурхах дэглэм тогтож байгааг харуулж байна.
Өнөөдөр Монгол Улсын улстөрийн амьдрал маш их эрсдэлтэй эмзэг үед ирээд байна. Одоо Монголд байгаа төр засаг бол чухам нарийндаа тулбал хууль зөрчиж байгуулагдсан төр засаг болж таараад байна. Тэгээд түмний нүдэнд нэгэнт ил тод болсон тэдгээр алдаа завхралыг Үнд сэн хуульд нийцүүлэн засч залруулахын оронд Үндсэн хууль болон дэгийн тухай хуулиа мөнөөх балиар завхруулгадаа нийцүүлэн өөрчлөхөөр туйлын инээдтэй атлаа маш гутамшигт юм хийхээр зэхэж байна. Үндсэн хуулийн цэц нь амь тавьсан Үндсэн хуулийн зүйл, заалтыг эцсийн замд нь үдэх оршуулгын газар болсон байж магадгүй.
Далайн хар шуурга дэгдэж хэчнээн их хүчтэй том давалгаа хуйлран боссон ч зохих хугацааны дараа эргэж мөнөөх эх далайдаа буудаг жамтай гэдэг сэн. Өнөөдөр Н.Энхбаярыг шийтгэж байгааг харахад тэртээ 1996 оноос хойш найман жил МАХН-ын дарга байхдаа Ардчилсан нам, эвслийнхний эсрэг нэн хүчтэй өрсөлдөж удаа дараа ялагдуулж байсных нь өр төлөөс байж магадгүй гэх сэжүүр байх шиг. Ер нь юу л болоод байна даа, та минь ээ. Ходоод хагаравч тогоон дотроо багтаж байвал юутай таатай билээ.

СГЗ Х.ЦЭВЛЭЭ

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих