Саалийн цагаар саваа хаяад зугтахын учир юун?
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Өмнөх дарга нараа бодвол түс тас хариулт нь хэзээд бэлэн явдаг түүнд сонгогчид талтай байсан сан. УИХ-ын сонгуулийг анх удаа автомат системээр явуулж, будилаангүй сонгууль явуулсан хэмээн сайшаагдаж байсан түүнийг ажлаас халагдтал дарамталсан гэх шум Төрийн ордноор нэг хэсүүчилж эхэллээ. Орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байхад СЕХ-ны дарга нь ийнхүү халагдах өргөдлөө өгч байгаа нь саалийн цагаар саваа хаяад гүйдэг саальчин шиг л харагдуулж байна, түүнийг… Ямартай ч өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар түүний оронд хэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Эх сурвалжийн өгүүлснээр СЕХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Содномцэрэн даргынхаа суудалд тухлах бололтой байна. Уг нь Н.Лувсанжав дарга хүндээ хөнгөнөөс өгч яаран сандран шийдвэр гаргах хүн биш. Тэгэхлээр олны цуураад байгаачлан нэлээн дээрээс дарамт ирсэн гэдэг л ортой болж таарлаа.
Түүнчлэн СЕХ-ны даргаас гадна Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл түгсэн. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх цусгүй дайн ид өрнөж байхад дээрх эрхмүүд сайн дураараа халагдах өргөдлөө өгч буй нь хардах сэдлийг өгөөд л байгаа юм даа.
URL: