Баянголын хүдрийг цөлмөхийн тулд Монголд байхгүй хүчин чадалтай вагон оруулж иржээ
“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн уурхай Ерөө сумаас 40 орчим км-ийн зайтай. Мөн л шороон замаар туучиж байж хүрнэ. Бид Ерөө сумаас гарахдаа Баянголын уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Ганбат гэгчтэй холбогдож уурхайн олборлолтыг сонирхох хүсэлт тавьсан юм. Энэ дагуу уурхайд ирвэл харуул нь “Ганбат дарга алга. Та нарыг буцаа гэж байна” гээд оруулсангүй. Бид ч орох гэж хүчилсэнгүй.
Учир нь энэ компани нэг уулыг тэр чигт нь зөөж байгаа болохоор уурхайн хашаанд орсон ч, ороогүй ч хэрхэн олборлолт хийж байгаа нь хэдхэн км-ийн цаанаас ил харагдах аж.
Хар яриагаар бол “Болд төмөр Ерөө гол” гэдэг компани Ерөө суман дахь модоор бүрхсэн нэг уулыг дэлбэлж, буталж, шигшиж байгаад БНХАУ руу галт тэргээр зөөчихөж байгаа юм байна. Үүнийгээ олборлолт дууссаны дараа нөхөн сэргээнэ гээд байгаа. Яаж ч сайхан нөхөн сэргээлээ гээд унаган төрхийг дахин бий болгох боломжгүй. Тэр тусмаа “Болд төмөр Ерөө гол” ХХК яаж дахин уул босгох юм. Төмрийн хүдрийнхээ оронд Хятадаас шороо, мод зөөж ирээд уул босгох уу. Үгүй шүү дээ.
Буурал дээдсийн үлдээсэн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэгсэн. Гэвч “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөгөөд дуусчихлаа. Өөрөөр хэлбэл, нэг уулыг тэр чигт нь Хятадад худалдчихлаа. Энэ бол тусгаар улсын хувьд том эмгэнэл. Гэтэл Хятад, Япон хоёр нефтийн нөөцтэй арлын төлөө яаж “алалцаж” байгаа билээ. Бүр дайны хэмжээнд хүрчихсэн шүү дээ. Баянголын орд төмрийн хүдрийн 110 сая тоннын нөөцтэй гэдэг утгаараа Хятад, Японы маргаантай арлаас дутахгүй. Гэтэл тэр уулыг Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр зарж идээд дуусч байна.
“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын ачилтын хэсэг нь уурхайгаас нэлээд зайтай. Биднийг уурхай руу нэвтрүүлээгүй учраас төмөр замын ачилтын хэсэгт очихын тулд уул давж, нэлээд тойруу замаар очно. Тариан талбай, модтой уул, голын эргийн бүдэг замаар туучсаар төмөр замын хэсэгт хүрлээ. Төмөр замын ачилтын хэсэг гэж нэрлэгдээд байгаа энэ газар ерөнхийдөө “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хятад ажилчдын үүр аж.
Баянголын уурхайгаас ачилтын хэсэг хүртэл хааш хаашаа 20 гаруй км газар “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн эзэмшил гэнэ. Энэ эзэмшил дотор нь олборлолтын хэд хэдэн уурхай байдаг болохоос гадны хүн нэвтрүүлдэггүй юм байх. Мал бэлчиж яваад эдний газар руу орвол буцаж гарч ирэхгүй. Бүр хятад ажилчид нь ой мод руу орсон малд төмөр утсаар урхи тавьж, “ан хийж” байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол бий гэсэн.
Сумын Засаг дарга Б.Сэргэлэнгийн ярьснаар ажилчдын 40 орчим хувийг монгол ажилчид бүрдүүлдэг гэсэн. Харин нутгийн малчдын хэлснээр энэ ууланд дор хаяж 600 гаруй хятад ажилчин бүгжээ.
Уурхай бүрээс олборлосон төмрийн хүдрийг түүхийгээр нь шууд машинд ачаад төмөр замын ачилтын хэсэгт буулгадаг. Ингэж зөөсөөр байгаад төмөр замын ачилтын хэсэгт төмрийн хүдрийн толгод шиг уул босгочихсон байна лээ. Эндээс өдөрт дунджаар 300 вагонд ачиж, хил давуулна. Тоос шороо нь үдшийн бүрийгээр манан татуулаад л… Шөнийн цагаар тэр уулын модон дотроос хотынх шиг гэрэл гялалзана. Байшин сав бариад хот босгочихсон юм уу гэхээр үгүй. Хятад ажилчид нь майхан шиг юм бариад тэр ууланд бүгж суудаг гэсэн.
Хамгийн сонирхолтой нь одоохондоо БНХАУ-ын талаас Монголоос зөөсөн төмрийн хүдрийг цааш нь баяжуулж, боловсруулах асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д байдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн худалдан авагч талын төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр ачааллаа даахгүй болсон байна. Иймээс өдөрт тогтмол гаргадаг 300 вагоноо цөөлж, 200-250 вагоныг зөөж байгаа гэнэ.
Үүнийг юу гэж ойлгох вэ. Хоёрхон жилийн дотор төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн ачааллыг даахгүй болтол нь Баянголын төмрийн хүдрийг зөөчихсөн байна шүү дээ. Мэдээж Хятадын төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр гэдэг нүсэр бүтэц, хүчин чадалтай байж таарна. Тэрийг нь Монголоос зөөсөн төмрийн хүдрээр хахаачихсан байна гээд бод.
Ингэхээс ч аргагүй юм билээ. Тэр их төмрийн хүдэр зөөж яваа галт тэрэгний зүтгүүр нь Монгол Улсын төмөр замд байхгүй эд. Хүч, чадлаа дагаад үнэ өртөг нь асар өндөр. Мэргэжилтнүүдийн ярьснаар энэ галт тэрэгний нэг зүтгүүр нь 4.2 сая ам.долларын үнэтэй гэсэн. “Болд төмөр Ерөө гол” ХХК-д ийм үнэтэй 20 гаруй зүтгүүр бий. Нэг удаагийн ачилт хийхдээ гурван зүтгүүр хөдөлгөдөг. Харин төмрийн хүдрээ зөөдөг 3000 орчим яшиктай. Үүний нэг нь 90 мянган ам.долларын үнэтэй.
Эднийх Баянголын уурхайгаагаас Дулаанханы зөрлөг хүртэл 98 км зам тавьсан. Нэг км зам тавихад гурван сая доллар зарцуулсан гээд байгаа. Бүх л систем, технологи нь хятад стандартаар баригдсан гэдэг юм билээ. Энэ замаар жилд 10 сая тонн төмрийн хүдэр зөөх хүчин чадалтай гэсэн.
Харин манай Улаанбаатар төмөр зам жилд 3-5 сая тонныг тээвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр “Болд төмөр Ерөө гол” ХХК жилд таван сая тонноос илүү төмрийн хүдэр зөөх боломжгүй. Иймээс компани үүнд баригдаж, жилд олборлох төмрийн хүдрийнхээ хэмжээг гурван сая тонн болгосон бололтой. Баригдаад хоёр жил болж байгаа энэ төмөр замыг улсын комисс өнөө хэр нь хүлээж аваагүй байна.
Ерөнхийдөө тооцоод үзвэл “Болд төмөр Ерөө гол” ХХК төмрийн хүдрээ 84 сая ам.долларын 20 ширхэг зүтгүүр, 270 сая ам.долларын 3000 ширхэг вагоноор 294 сая ам.долларын үнээр боссон төмөр зам дээгүүр зөөдөг. Зөвхөн төмөр замдаа 648 сая ам.доллар буюу 842 тэрбум 400 сая төгрөг /1300-аар бодоход/ зарцуулжээ. Мэдээж энэ их хөрөнгийг Баянголын төмрийн хүдрээс олсон ашгаар төлнө. Тэгэхээр энэ орд ямар үнэ цэнтэй, ямар их ашигтай гэдэг нь тодорхой байгаа биз.
Нэг талаар “Болд төмөр Ерөө гол” гэдэг компани чинь Монголд байхгүй хүчин чадалтай сайхан зүйл хийчихсэн юм биш үү гэж бодогдмоор. Тэгвэл уучлаарай, тийм биш…
Ерөөсөө л Баянголын хүдрийг асар богино хугацаанд бага татвар төлж, зөөж дуусгах гэсэн бодлого. Компанийн цаад бодлого асар богино хугацаанд энэ ордын нөөцийг зөөж дуусгах. Эс бөгөөс манайх шиг тогтворгүй засаг, төртэй улсын нэг салхи сэвэлзэхэд л Баянголын ордыг стратегийн ордод хамруулчихаж болно. Ингэвэл төр 51 хувийг нь авч, зүгээр урсаж орж ирдэг мөнгөнийх нь хэмжээ танагдана.
Энэ төмөр замыг орон нутагт хийсэн бүтээн байгуулалт гэж тодорхойлсон. Өнгөц харахад тийм юм шиг боловч бодит байдал дээр орон нутагт ямар ч үр өгөөж алга. Өдөр шөнөгүй, хүдэр зөөж тоос шороо бужигнуулан давхилдах галт тэргийг нь Б.Дэлгэрсайхан захирлаас гуйж, жилдээ нэг удаа тариа будаа зөөх гэж Ерөө сумын иргэд зовдог байна. Хүн тээвэрлэж болохгүй, ачаа ачих боломжгүй. Төмөр зам нь Ерөө, Хүдэр сумдын нутгаар дайрдаг боловч сумын төвүүдээс 30-40 км-ийн зайтай. Тэгэхээр энэ ямар юмных нь бүтээн байгуулалт байх вэ дээ.
Баянголын ордын нөөцийг зөөж дууслаа бол “Болд төмөр Ерөө гол” ХХК алга болно. Харин Ерөө сумынхан уул байсан буурин дээрээ, хэнд ч хэрэггүй төмөр зам сахиад үлдэнэ. Үлдээсэн төмөр замаар нь жилд нэг удаа тариа будаа зөөх гэхээр “улсын комисс хүлээж аваагүй зам” гээд Улаанбаатар төмөр зам вагоноо оруулахгүй.
Ийм л нэг бүтээн байгуулалт нэртэй “Болд төмөр Ерөө гол” ХХК Баянгол уулыг нүүлгэж байна.
Түрүүч №188 /1525/ дугаарт
Б.Даваахүү
Үргэлжлэл бий…
URL: