Гаалийнхны цэвэрлэгээ дарга Д.Цэвээнжаваас эхэлж, оронд нь А.Мурат томилогдох нь

Гаалийн байгууллагад их цэвэрлэгээ хийх цаг хэдийнэ болсоныг хэрэгт холбогдсон байцаагчид нь байн байн сануулсаар л байгаа. Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав энэ албан тушаалыг дөрвөн жил хашиж буй ч энэ хугацаанд гаалийнхний гэмт хэрэг нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Өнгөрсөн баяр наадмын үеэр дөрвөн вагон цайруулсан самрыг хууль бусаар гаргах гэж завдсан хэргийн гол буруутан, гаалийн улсын байцаагч Д.Гансүх гэгч өөрийн лац, тэмдгээ бусдад ашиглуулсны төлөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх шалтгаанаар өдгөө Төмөр замын цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа.

 

Үүнээс өмнө хууль бусаар самар гаргах гэсэн хэд, хэдэн хэрэг гарсаар байхад Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав яагаад өдий хүртэл дуугуй байсныг өөрөө л хариулж чадах байх. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар хэрэгт орж буй байцааг нар Д.Цэвээнжавын ивээлд байдаг болохоор арга хэмжээ авдаггүй гэсэн яриаг хүртэл гаргаж байсан. Түүнчлэн өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байцаагч Ж.Янжиндулам гэгч эмэгтэй Замын-Үүд боомтын шалган нэвтрүүлэхээр хөлдөөсөн 17 чоныг гаргах гэж байгаад гаалийн улсын байцаагчид баригджээ. Тэр үед Ж.Янжиндуламд хууль бус наймааг гардан хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн аж.
Ийнхүү шил шилээ даран буяныг гаргахгүй, бузарыг оруулахгүй байх үүрэгтэй Гаалийн итгэл алдаж байгаа учир “томчуудын” хараанд өртжээ. Сонгуулийн дараа шинэчилсэн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаж, төрийн албан халаа сэлгээг маш хүчтэйгээр хийж байгаа. Дарга, цэрэг нараас эхлээд мэргэжилтэн нь хүртэл “шинэчлэгдэж” байгаа энэ үед Гаалийнхан энэхүү довтолгоонд өртөөд эхэлчихжээ. Гаалийнхны их цэвэрлэгээг даргаас эхлээд хийхээр болжээ. Өөрийн бэрээ хүртэл байцаагчаар ажиллуулдаг гэдэг тэрбээр тун удахгүй ажлаа өгөхөөр болсон байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга асан А.Мурат томилогдохоор болсон гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих