Налайхын Б.Баяндэлгэр давж заалдсан ч буруутай нь тогтоогджээ

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр хөл толгойгүй олон янзын хэрэгт орооцолдсон бүтэлгүй нэгэн. Хэтэрхий олон хэрэгт нэр холбогддог болохоор ямар хэрэг нь хэрхэн шийдэгдэж байгаа нь ч сүүлдээ ойлгогдохоо больсон. Тэгвэл түүнтэй холбоотой түмэн янзын хэргийн нэгээхэн хэсэг болох “Дүүргийн боловсролын хэлтсийн дарга Р.Цэдэндамбааг хууль бусаар ажлаас халж, улмаар хэд хэдэн шатны шүүхээр заргалдсаны эцэст буруутай нь тогтоогдсон” баримтыг хүргэе.

 

Б.Баяндэлгэр нь Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан Р.Цэдэндамбааг өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-ны өдөр 69 тоот захирамж гаргаж, хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн аж. Түүнийг дүүргийн эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л албанд өөрийн хүнээ шахах замаар мөнгө төгрөг завшдаг тухай налайхчууд ам уралдан ярьдаг. Тэгвэл энэ хүнийг шалтгаангүй халсан нь цаанаа бас л тийм зорилготой байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл түүний Р.Цэдэндамбааг ажлаас халсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дээрх шийдвэрээ цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн боловч Б.Баяндэлгэр том толгой гарган биелүүлээгүй аж. Тиймээс хохирогч Р.Цэдэндамбаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг нь шүүх тогтоожээ. Гэвч өөрийн хууль бус үйлдлээ зөвтгөхөөр хэт улайрсан Б.Баяндэлгэр мөчөөгөө өгөлгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Ингэхдээ “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Р.Цэдэндамбаа үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн учраас ажлаас халсан” гэсэн тайлбар гаргажээ.

 

Харин Ерөнхий шүүгч Ц.Цогтын даргалж, шүүгч Б.Мөнхтуя, А.Отгонцэцэг нарын оролцсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянаад шүүхийн өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, Р.Цэдэндамбаагийн ажилгүй байсан 2011 оны гуравдугаар сарын 1-нээс долдугаар сарын 28-ны өдөр хүртэл дөрвөн сар 28 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3.071.705 төгрөгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Цэдэндамбаагийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасан байна.

 

Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлж тогтоосон Монгол Улсын бүхий л хуулиар “дүүргийн боловсролын хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх” бүрэн эрх дүүргийн Засаг даргад олгогдоогүй байхад Б.Баяндэлгэр дур мэдэн тийм шийдвэр гаргасан нь тогтоогдсон гэсэн үг.

 

Б.Баяндэлгэр гэж хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус шийдвэр гаргаж, гэм зэмгүй төрийн албан хаагчдыг хохироодог, хийсэн хэргээ хүлээхгүй булздаг ийм л хариуцлагагүй этгээд болох нь энэ мэт баримтаас харагдаж байна. Гэвч түүний хууль бус үйлдлүүдийг шүүх цагдаагаас ээлж дараалан тогтоож, зохих хариуцлагыг нь ногдуулсаар байна


URL:

Сэтгэгдэл бичих