Английн “хаан шалдан байна” -фельетон-
Ихэнх англичууд унтахдаа нүцгэлдэг. Харин тэдний ханхүү тоглоходоо шалдалдаг. Гэтэл сүйт бүсгүй нь аялахдаа нүцгэлдэг аж.
Ирээдүйн хааныхаа гэр бүлийг шалдан байхыг харсан британичууд “нүцгэн хаант ёс”-ны эрин үе ирж байгаа юм байна гэж ухаарав болтой. Ингээд шинэ хаант ёсонд амьдрахад бэлдэн өөрснөө шалдалж эхэлсэн байна. Нэгдсэн вант улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шалдан байхын ач тусыг магтаж, хааны гэр бүлийнхэн нүцгэн байгааг шүүмжилсэн гадаадын сонингуудыг шүүхэд өгч, дайнд яваа цэргүүд үхлийн өөдөөс хувцастай явах хэрэг алга гэж үзээд “Уубаан Шалдан стайл” гэлцэн нүцгэнээр тулаанд орох болсон гэнэ. Ялангуяа шалдан бүсгүйчүүдийн батальоны “спритиз атак” дайсныхаа алийг алдуулж байгаа гэх юм.
Улс төрчид ч гэсэн шалдарч эхэлсэн болтой. Консерватив нам шалдан эрчүүд, харин лейбористууд шалдан эрэгтэйчүүдийг сонгуулийн лого болгон авчээ. Сонгуулийн өмнөх санал асуулгыг “ За одоо, тори намыг дэмжиж иргэд шалдална уу” гэх маягаар явах болтой. Сонгуулийн дүнгийг мэдээ “ Консерватив намын төлөө сонгогчдын дөчин хувь нь шалдалжээ” гэхчлэнгээр үргэлжлэх нь байна. Стриптиз баарнууд дээр сонгуулийн штаб төвлөрч таарах гээд байна.
Нүцгэн явах нь байгаль орчинд хамгийн ээлтэй оршин тогтнох арга юм байна. Нэгэн үе үйлдвэржүүлэлтээр дэлхийг хошуучилж байсан англичууд өдгөө ногоон амьдралаар манлайлж эхлэх болтой. Өдгөө манай гариг долоон тэрбум хувцастай хүнийг багтааж байгаа ба тэдний дөрөвний нэг нь өлөн зэлмүүр амьдарч байна. Хэрэв хувцаслахаа боливол дэлхий дээр үүнээс хоёр дахин олон хүн өлсөхгүй амьдарч болох юм байна. Энэ их амархан. Нэгдүгээрт, эргэн тойрон нүцгэн хүн хөлхөж байхад хэний толгойд хоолны тухай бодол орж ирэх билээ? Хоёрт, нүцгэн хүмүүс хувцастайгаасаа хурдан үржих болно, баталгаатай.
Хааныхаа гэр бүлийн жишээгээр зөвхөн нүцгэн тоглох, аялах бус нүцгэн ажиллах нь тодорхой болсон тул маханбодийнхоо мөн чанарт өөрчлөлт гаргах хэрэгцээ гарсан гэх.
Алдарт Долли хонийг колонийн аргаар гаргаж авсан эрдэмтэд англи хүний бүхий биеийг ноостой болгох замаар өвөл нүцгэн аж төрүүлэх туршилт хийгээд эхэлсэн байна. Болж ч байгаа болтой.
Хүний нөхөн үржихүйн сонирхлыг зохицуулахгүй бол олон нийтийн газруудад нүдээр харахын эцэсгүй юм болно гэдгийг сайн ойлгосон эрдэмтэд хомосапиенсыг адуу үхрийн нэгэн адил “орооны улирал”-тай болгох талын юмыг давхар хийгээд эхэлжээ.
Хэн нэгэн доктор Жонсын яриагаар бол, энэ асуудал эхэндээ тун ч амархан санагдаж байжээ. Тэд хүний нөхөн үржих зөнг зөвхөн харанхуйд идэвхжих байдлаар программчилахад болох юм санаж байж. Гэтэл их төлөв орой үдэш юмуу, харанхуй орчинд болдог шоу арга хэмжээний үеэр гарах асуудлыг санаадахтал үс байтугаа юм босоод иржээ. Дараа нь зөвхөн хайртай хүнээ харахаар “нэг л их олон хүүхэдтэй болмоор” санагдаад эхэлдэг болговол ч зүгээр юм уу гэсэн санал гарч. Харамсалтай нь, тэдний хажууд байгаа хайргүй хүмүүст энэ бүхэн ямар санагдахав гэдэг дээр тулаад гацсан байна. Зөвхөн ор дэрний дэргэд л ийм тийм юм бодогдох байдлаар зохицуулах санаа төрөөгүй биш, төрж. Энэ санааг сонссон тавилгын дэлгүүрийн эзэд муурч унах шахжээ…
Аз болоход энэ асуудлыг тэдхийн хошин шогч Адам гэгч амархаан шийджээ. Түүнийхээр бол хүний нөхөн үржихүйн сенсорыг хувцастай хүн харахаараа ажиллаад эхэлдэг байхаар зохицуулахад л болох юм байна. Шөнийн клубуудэд хувцастай хүн бүжиглэнэ. Бүр хаалттай клубт бол дах дэгтийтэй хүүхнүүд үзүүлбэр харуулна. Хувцастай жүжигчид гардаг киног 18-аас дээш насныхан үзнэ. Эхнэр нөхөр хоёр орондоо ядаж л цув усны гуталтай орох болно.
Англичууд дараагийн олимпийг илүү экологилог болгож шалдан зохионо. Хувцаснаасаа салж жин нь хөнгөрсөн тамирчдын амжилт ч ахиж өгнө. Хөл бөмбөгийн фанат хүүхнүүд талбайд бүрэн хувцастай гүйж гарч цагдаа нарыг сандаргаа л… аан.
URL: