Утаагүй Улаанбаатарын эрэлд мордъё

Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог-

Түм түжигнэж, бум бужигнасан их хотод маань утааны улирал эхэллээ. Нийслэлчүүд бид өвлийн цагт өглөө, оройдоо битүү утаан дунд байсаар нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэв. Утаа, агаарын бохирдлоос болж өвчин эмгэгтэй хүүхэд олноор төрлөө, утаанаас болж уушигны өвчин, ханиад нэмэгдлээ гэх олон шалтгааныг жил бүр ярьсаар л байгаа ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй.

Харин энэхүү асуудалд дорвитой арга хэмжээ авахаар төрийн эрхийг гартаа авсан удирдлагууд өнгөрсөн жилээс утаагүй зуух, утаагүй түлшийг нэвтрүүлж эхэлсэн. Уг нь хэн хэнийхээ ажлыг дэмжээд, хямдхан зуух, түлшийг нь хэрэглээд явбал агаарын бохирдол 30 хувь буурна гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэтэл иргэд өдөр, шөнөгүй түүхий нүүрсээ чихэж, өөрсдийгөө ч өрөөлийг ч хордуулсаар…

Өнгөрсөн жил түүхий нүүрс түлэхийг Баянгол дүүрэгт хориглож, хязгаарлалтын бүс тогтоосон. Ингэснээр агаарын бохирдол өнгөрсөн жил 5,7 хувь буурсан гэсэн судалгаа байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох хэрэгтэйг хэлж байсан. Тэд гэрээсээ халуун, хүйтэн усаа авч, гал түлэхгүй агаараа бохирдуулахгүй болох юм гэсэн.

Хуучин хүүгийн үлгэрээс салж, дэд бүтэцжүүлсэн шинэ гэр хороололтой болохыг иргэд хүсч байгаа нь мэдээж. Бас л цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардана. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хэд, хэдэн айлууд инженерийн шугам, дулааны төвлөрсөн сүлжээнд холбогдож байгаа юм билээ. Уг нь боломжийн гэдгийг иргэд хэлж байсан ч шийдвэрлэх асуудал олон байгаа аж. Наад зах нь л бохирын суваг нь үнэр ихтэй, өвлийн хүйтэнд шугам сүлжээ нь хөлддөг гээд зовлон их. Дээрээс нь дахин төлөвлөлт гэдэг хүндрэлтэй асуудал байгаа аж.

Харин өнгөрсөн жилээс сайжруулсан зуухыг иргэд их сонирхох болжээ. “Хас”, “Өлзий”, “Дөл” зэрэг зуухыг монгол инженерүүдийн ур ухаанаар манай нөхцөлд тохируулж Хятад улсад үйлдвэрлэдэг байна. Энэ жилийн хувьд бүх гэр хорооллын өрхүүддээ зуухаа нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.

Уг нь Эрчим хүчний яамны захиалгаар үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих зорилгоор 10 мянган зуухыг манай үндэсний үйлдвэрлэгч компаниуд нийлүүлэх ёстой аж. Гэтэл гэрээний хугацаа дуусч байхад хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хийгээгүй ээ, гэрээгээ сунгаад өгөөч гэсэн үлгэр яриад сууж байдаг. Нөгөө л хариуцлагагүй байдлын тод жишээ бол энэ юм.

Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихгүй байна, импортоор орж ирсэн зуухыг хямд үнээр иргэдэд өгч тэднийг дэмжиж байна гэх гомдлыг удаа дараа хотын удирдлагад тавьсан ч шийдвэрлэхгүй байна гээд л хээв нэг залж сууна. Гэрээний үүргээ биелүүлээгүй нөхдүүдийн гэрээг нь цуцлах арга хэмжээ авах тухай нэг бус удаа яригдаад өнгөрлөө. Харин Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог”. Тиймээс орон байраа сайн дулаалах хэрэгтэй гэдгийг иргэддээ дахин дахин захиж байна.

Иргэд дүн өвлийн хүйтнээр дулаацах гэж түүхий нүүрсээ түлээд л байдаг. Гэтэл өнөөх авсан дулаанаа хана, тааз, дээвэр туургаараа алдаад дуусдаг нь нууц биш. Тиймээс л орон байраа сайн дулаал гэдэг чинь боддог л бодол. Ядаж л дулаанаа баривал түлш бага түлэхээс гадна эдийн засагт хэмнэлттэй юм.

Утаа үйлдвэрлэгч иргэдээ, утаанаасаа салах цаг боллоо

Энэ өвөл өмнөх жилүүдээс илүү хүйтрэх тухай ахмадууд ярих боллоо. Харин өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын тусгай сан, Цэвэр агаар сан зэрэг байгууллага хамтран “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” сарын аяныг зохион байгууллаа.

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар оролцсон юм.

Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа энэ утааны асуудлыг хоёр янзаар шийдвэрлэж байгаа тухай нийслэлийн Засаг дарга хэллээ. Тэрээр “Нэг нь утаагүй зуух, утаагүй түлш, нөгөө нь шинэ хот төлөвлөлтөд хамрагдаж, амины орон сууцаа дэд бүтэцтэй холбуулан утааны асуудлаас бүрэн салах. Энэ нь илүү үр дүнтэй ч цаг хугацаа их орно. Тиймээс бид одооноос бэлтгэж, зам талбай, бохирын шугам тавих газраа чөлөөлж өгөх хэрэгтэй. Түүний дараа төрөөс бүх ажил хийгдэж утаагүй Улаанбаатартай болно гэж үзэж байна” гэсэн юм.

Намрын нар налайж байгаа ч нэг л өглөө цас дарж, сэрүү унана гэдгийг иргэд мэдэж байгаа. Тэнд үндэсний үйлдвэрлэгчийн зуух болон, импортын бараа бүтээгдэхүүн, шалны халаалт, дулааны материал, нарны илчээр халаах төхөөрөмж, байгальд ээлтэй цэвэр түлш, хямд атлаа авсаархан амины орон сууц гэх мэт агаарын бохирдол гаргадаггүй дулаалгын олон төрлийн материалуудыг хүмүүс ихэд сонирхож байв. Дарга нарын хэлдгээр үнэхээр дулаанаа алдахгүй, түлшээ хэмнээд агаарын бохирдол буурвал сайн л хэрэг гэсэн иргэд олон байлаа.

Утааг бид үйлдвэрлэсэн юм чинь утаанаасаа салах цаг одоо болоод байна шүү гэх ахмадууд хоорондоо ярилцсаар цааш явлаа.

Ж.Ганцэцэг

Эх сурвалж : “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих