Зайсангийнхан нийслэлийн иргэн биш үү?

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан болж “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээ”-ний тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Уг нь 14 хоногийн өмнө энэ асуудлыг хэлэлцэж батлах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн Засаг даргыг мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй гэсэн шалтгаанаар завсарлага авсан юм. Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч С.Очирбат тогтоолын төслөө танилцуулж, НИТХ дахь намын бүлгүүд санал шүүмжээ хэлэлцлээ. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны наймдугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах барилгын ажлаас бусад ажлыг наймдугаар сарын нэгнээс түр зогсоосон. Нийслэлд барилгажилт хамгийн ихээр явагдаж байгаа бүс, иргэдийг хамгийн ихээр бухимдуулдаг газрын маргаан, хот төлөвлөлт, газар олголт, аюулгүй орчинд амьдрах зэрэг асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч хэллээ.

Тиймээс уг тогтоолын төслийг хэлэлцэж батлах шаардлагатай байна гэсэн юм. НИТХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгээс газрын зөвшөөрөл олгох, барилга барихыг хориглосон 1300 га газарт нэмж Хүүхдийн парк буюу Соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг оруулах шаардлагатай гэж үзлээ. Учир нь эдгээр бүсэд хамгийн их барилгажилт явагдаж байгаа гэдгийг онцолсон юм. Харин МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн оруулж ирсэн саналыг төлөөлөгчдийн 19 нь Соёл амралтын хүрээлэнг, 23 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хориотой бүсэд нэмж оруулахыг дэмжсэнээр Соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг бусдад олгох, шинээр барилга барихыг хориглолоо. Түүнчлэн Яармагийг нийслэлийн хоёр дахь төв болгох тухай хэтийн төлөвлөгөөндөө оруулсан байгаа хэмээн нийслэлийн ерөнхий архитектор Хүрэлбаатар дурдсан юм. Зайсан болон Яармагийн бүсийн газар нийслэлд биш БОЯ-ны мэдэлд байдаг. Тусгай хамгаалалттай бүс гэх Зайсанд газар олгон, айлууд амьдарч байгаа нь тусгай хамгаалалт гэсэн нэртэй харшилж байна. Нийслэлийн мэдлийн газарт амьдраагүй юм чинь Зайсангийн иргэд нийслэлийн иргэн биш гэх үү хэмээсэн нь буруудах зүйлгүй л болов уу. Тиймээс энэ газрыг нийслэлийн мэдэлд авах нь зүйтэй юм биш үү гэсэн саналыг төлөөлөгчид тавьж байлаа.

Мөн АН-ын бүлгээс иргэдийн өмчлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хууль эрх зүйн орчинг хүндэтгэх үүднээс нийслэлийн төвийн 1300 га газрын хил хязгаар дотор дуудаага худалдаа, төсөл сонгон шалгаруулах, тохижилтын ажлаас бусад зориулалтаар газар олгохыг хориглох санал дэвшүүлснийг төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжсэн юм. Явган хүний зам, орц гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын ундны усны эх үүсвэрийн орчимд олгосон газрын болон барилгын зөвшөөрлийг хүчингүй болгох, нийслэлийн инженерийн шугам сүлжээний байгууламж дээр хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох хэд хэдэн санал дэвшүүлсэн нь мөн л төлөөлөгчдийн дэмжлэгийг авлаа. Хурлын үеэр төлөөлөгчдийн ихэнх нь хот байгуулалтын асуудлыг шүүмжилж байсан юм. Улаанбаатар хотын есөн дүүрэг эн тэнцүүхэн дэд бүтэцтэй байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Манай улсад дэд бүтэц цахилгаан дулааны нөхцөл үнэхээр хүнд байна. Тиймээс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, инженерийн шугам сүлжээнд холбох ажлын төсөв мөнгийг яаралтай шийдээд ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэдэг саналыг хэд хэдэн төлөөлөгчид хэлж байлаа.

Мөн хотынхоо төвд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, карьер, тоосго, бетоны томоохон үйлдвэрүүд иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлд халдаж байгааг шүүмжлээд хотоос яаралтай гаргах хэрэгтэй гэлээ. НИТХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Л.Шагдаррагчаа нийтийн эзэмшлийн газрын тооллого, гар дамжин худалдагдсан газрын тооллогыг яаралтай хийхийг сануулсан юм. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхдээ төрийн бус байгууллагын хүчийг ашиглах хэрэгтэйг ч хэллээ.

Харин Сүхбаатарын талбайгаас сүрлэг сайхан Богд хан уулаа харж чадахгүйд хүрсэн. Учир нь хэт өндөр барилгууд барьснаар бахархах сайхан уулаа харж чадахаа больсон гэж Д.Батбаяр төлөөлөгч гомдоллолоо. Тэрээр Сүхбаатарын талбайгаас урагшаа өндөр барилгууд барихыг зогсоох нэмэлт заалт оруулъя гэсэн саналыг хэлсэн юм. Ийнхүү төлөөлөгчид санал хэлж дууссанаар “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээ”- ний тогтоолын төслийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан юм. НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Энэ асуудлыг хэлэлцэж баталсан нь томоохон түүхэн шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотод барилгажилтын асуудал, газрын маргаан, хот төлөвлөлтийн асуудлыг шийддээ.

Нийслэлийн хэмжээнд 1300 га газраас гадна нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламжийн норм дүрэм зөрчсөн газар олголтыг эргэн харж хүчингүй болгохыг Засаг даргадаа даалгаж байна. Мөн дүүргийн Засаг дарга нарт 2003 оноос шугам сүлжээтэй газар олгосон асуудлыг зогсоох, газрын наймаа, газар худалдахыг зогсоох тал дээр Газрын алба анхаарч ажиллаарай” гэсэн юм. Мөн газрын харилцаа, кадастрын зургийг ил тод болгох, газрын хэмжээг хэтрүүлэх, бусдын эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн талбайг хаагаад хашаа барьчихсан зэрэг асуудлуудыг шийдэхээр боллоо. Мөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа гэр бүлийн зориулалтаар газар олгох юм байна. Төлөөлөгчдийн хэлсэн саналыг үндэслэн хотоос гаргах үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах хэрэгтэйг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Э.Төвчимэг

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих