Америкт амьдарсан он жилүүд \баримтат өгүүллэг\

Н.Бадарч.  Арлингтон, Виржиния.
Монголчууд бид иргэдээ тавь жар хүрэв үү үгүй юу л тэтгэвэрт нь хөөж гаргачихаад л зөнд нь хаячихдаг юм байна гэдгийг би гадаадад гарсан хойноо л мэдсэн хэрэг. Та одоо тэтгэвэртээ хэзээ гарах гэж байна гээд л түүний ажлыг авах хүн аль хэзээний хүлээгээд л ард нь зогсчихсон байдаг. Тэгээд л тэд албан хүчээр нийгмийн хамгийн идэвхгүй хэсэгт түлхэгдэн тэтгэвэртээ гарчихаад ажил ч үгүй, хуримтлуулсан бэл бинчин, хөрөнгө мөнгө ч үгүй, амьдралын баталгаа ч үгүй, тэтгэвэрийн хэдэн төгрөгтөйгээ сайндаа л албан газрын манаач, ач зээгээ харах ажилтай хоцордог юм даа. Ажилдаа үлдэхээр цааргалсан нэг нь элдвээр хэлүүлж хөгшин зөнгөөрөө дуудуулж ад үзэгдэн хамт олныхоо дунд нэр нүүрээ бардаг. Иймээс өгсөн тэтгэвэрийг нь аваад төр засагтаа залбираад сууж байя гэсэн бүтээлч бус үзэл бодол бидэнд нэвт шингэжээ.

Эрчүүдийн хувьд жаран нас гэдэг ажилд бол туршлагатай, амьдралд бол барьцтай, бие бэлгийн чадавхтай жинхэнэ төлөвшиж буурь суусан эр байдаг юмаа. Хүн бол хамгийн үнэтэй капитал хэмээн байнга онолддог төр засаг маань амьдрал туулж арвин их мэдлэг, туршлага хуримтлуулсан тэр хамгийн үнэтэй капиталаа яагаа ч үгүй ажилгүйчүүдийн эгнээнд түлхэж оруулчихаад цаашид тэднийг ажиллуулах талаар бодьтой ажил  хийдэггүй, тийм сонирхол ч өнөөг хүртэл байсангүй. Угтаа бол чи одоо хэнд ч хэрэггүй болсон иймээс эрлэгийн эзэн иртэл тэтгэвэрийн хэдээрээ голоо зогоогоод байж бай гэсэнтэй агаар нэг юмдаа.

Манайд одоо хэрэгжиж буй нийгмийн халамж, даатгалын хуулинд насны болон бусад зааг хязгаар тогтоож ажил хийх иргэдийнхээ бүрэн чадварыг хуулиараа бүр бодлогоороо хөгшрүүлдэг болсноор хүн амын багагүй хэсгийг хамарч баян ядууг ёроолгүй ангалаар зааглан бүтээлч бус амьдралд дасгаж эхэллээ. Өнөөдөр ажлын байр бий болсон ч бэлдсэн боловсон хүчин маань тухайн ажлын шаардлага хангахуйц мэргэшил мэдлэгийн чадавх, арга туршлага дутаж байна. Энд шууд ажлын талбарт нь арга туршлагад түшиглэсэн мэргэшлийн сургууль-курс байгуулж богино хугацаанд ажилчид бэлдэхэд тэтгэвэрийн насны хүмүүс ажиллах асар их боломж бий. Энэ талаар алсыг харсан тулгуур түшигтэй нийгмийн бодлого бидэнд зайлшгүй хэрэгтэй болжээ. Жар хүрсэн надад ажил олдсонгүй. Ингэж би ажил хайж гадаадад гарсан тухайгаа өгүүлсү.

Эхнэр, хүү бид гурвыг хувь тавилан хөтөлсөөр энэ уужим ертөнцийн нөгөө талд авчирч дээ. Авчрах авчрахдаа бүр амьдийн диваажин гэлцэх Америк оронд шүү. Залуу байхад дарс уугаад л дандаа л бүжиглэж байдаг жаргалын орон гэвэл тэнд л байдгаар төсөөлж явлаа. Хүн гэдэг угаас сониучхан амьтан, юм болгон руу өнгийж, өлсөөгүй байж амсаж, цангаагүй байж ууж, наалдана гэж мэдсээр байж хөлдүү төмөрт хэлээ хүргэж үзэх гээд байдаг. Дэндүү гэнэн бөгөөд сониуч, хөлдүү төмөрт хэлээ нааж арьсыг нь хуулж байж сая сэтгэл нь амардаг бодь гал даа. Дэнгийн эрвээхэй дөлд шатаж үхэхгүй бол хувь заяандаа гомддог гэдэг ч үнэн бололтой.

Энэ диваажинд ирсэн хүн мөнгөтөй болоод завтай бол дарс ууж дандаа бүжиглэж болохгүй нь юу байх билээ. Гэхдээ л далан хэлийн хүн амьтан цугласан энэ их хөлийн газар эхлээд зовлон дунд л “бүжиглэдэг” юмдаа. Амьдаараа диваажинд очидог газар энд л лав алга. Америк бол ажил, мөнгөний төлөө амь дүйх тэмцлийн орон, ажилтай л бол хүн шиг амьдардаг, ажилгүй бол амьдийн тамд унадаг. Амьдийн там эрлэгийнхээс эрхбиш сүнс нь өвч биедээ байдгаараа л ялгаатай юмдаа.

Шинэ газар ирсэн хүн юуны өмнө газар мэдэхгүй хүн танихгүйн дээр мэдээллийн хомсдолтой байна гэдэг мэдэрлийнхтэй л төстөй. Байр сууц олох, бичиг баримт бүрдүүлэх, нийгмийн даатгалын дугаар авах, ажил олох гээд л элдэв бэрхшээл мундахгүй. Аль ч нийгмийн амьдрал яаж л дандаа өглөө босоход л өргөө цагаан гэр, унах морь, өмсөх зүүх бүх юм нь бэлэн болдог монгол үлгэр шиг сайхан байхав дээ. Хөхөө шувуу ч дандаа л урнаар донгодоод байхгүй шүү дээ. Яаж шүү өндгөө бусдын аятайхан үүр олоод тавьчихав гээд л түүнд бас зовох цаг байж л таараа түүнд. Та дөнгөж энэ диваажинд хөл тавиад л жаргана гэвэл эндүүрэл. Энд дөнгөж ирээд л дасахад бас тийм ч амаргүй. Шилэн цонхоор өөрөөсөө бусдаас тусгаарлагдаж, тохиолдсон бүхий л учир нь олдох, эс олдох зовлонг зөвхөн та өөрөө л үүрэх болно. Гэр орон ахан дүүсээсээ холдсон Таны төлөө хэн ч санаа тавихгүй, сонирхох ч үгүй, хүн өөрөө өөртөйгөө үлдэнэ гэдэг ямар хэцүү байдгийг яваандаа ойлгож давах ямар нэг арга хайсаар эцэст нь сэтгэлээр унах, гутарч гомдох аль нь ч тохиолдож болзошгүй тул аливаа тохиолдолд бэлэн байж сэтгэл дотрыг чинь юугаар ч урсан шантрахгүй тэсэх хаттай байгаарай гэж дараагийнхандаа зөвлөе. Хүнд даарч хөрөх, өлсөж цангах бол юу ч биш, харин санаа сэтгэлээр унавал аливаа бэрхшээлд амархан ялагдмой. Сэтгэлийн унанга байдал хамгийн хэцүүг энд л би ойлгосон хэрэг.

Би дөрвөн сар шахам ажилгүй байсаан. Эхлээд хүү маань нэгэн ресторанд, эхнэр маань ажилд орж харин би ажилгүй хэвээрээ л үлдлээ.

Би энэ өдөр гаднаас ирэхдээ мөн л урьдын адил үүдэнд чимээгүй сууж эхнэрээсээ харцаа нуун өөрийн эрхгүй санаа алдав. Нөгөөх маань ажил олсонгүй гэж ойлгосон ч дотроо найдлага нь тасраагүй бололтой, намайг ширтсээр. ”Энэ бүх зовлон хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн бодовч нэгэнт зорьж ирсэн болохоор одоо яая гэхэв дээ, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Энд ирээд гурван сар гаруй болоход ажил олоогүйг бодохоос гутарч, сэтгэл тавгүй, хэзээ нэгэн цагт бид хоёрын дунд байсан өнгөтөй бүхэн одоо зэвэрч мөрөөдсөн минь бүгд худал болж, санахад ч яршигтай юм шиг. Тэд нар маань намайг тайтгаруулж бид хоёр ажилтай байхад болно доо гэх боловч яг үнэндээ бол урд өмнө хэзээ ч надад дайж бас тоож байгаагүй өрхийн тэргүүн гэдэг тэр алдарыг л үгийн далимд сануулсаар эцэст нь манай өрхийн тэргүүн ажилгүй гэртээ жаргаж байнаа гэдэг байлаа.

Гээд ажилгүй гэртээ ингэж “жаргаж” сууна гэдэг тийм ч дурламаар зүйл биш харин ч бүр там ажээ. Бид байр сууцаа төлөөд хоёр идэхгүй хоосон хонохгүй боловч сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй л байлаа. Тэр орой би гэрлээ асаалгүй телевизорын өмнө сууж элдэв зар, мэдээг эргэлдүүлэн цонхны цаана хаврын салхинд царсны навч сэрчигнэн, гудамжинд зэврүүн хотын нүргээн үргэлжилсээр байв. Эхнэр маань энэ бүхнээс залхсан бололтой хаашаа ч хамаагүй явъя гэж байна. Би маргахыг хүссэнгүй, үнэндээ гэрт ганцаар үлдэнэ гэхээс газар дороос мөөг мэт ургасан өндөр байшингуудын дунд төөрөхөөс ч илүү айж байлаа. Тэгээд ч эр нөхөр нь эхнэрийнхээ дэргэд ажилгүй суух бүр ч хэцүү, сэтгэл санаа үргэлжийн дарамтад байх агаад заримдаа нэг сайхан ярьж бүр архидмаар ч юм шиг.

Амеркчууд бол ийм үедээ өөрийн сэтгэл зүйчээ дуудах агаад тэр нь ердөө л зуухан доллараар сэтгэл санааг нь засч өгөөд л төлбөрөө аваад явчихдаг гэдэг юм билээ. Монголчуудад бол иймэрхүүг ердийн танил найз нь л нэг шил “юм” задлахад үнэгүй хийж өгдөг юм даа.

Нааш гарахад байсан самбаа зориг, эрч хүч минь яачихав. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь гэдэг бол миний цээжинд эрээд олддоггүй ажил, эргүүлж төлөх өрөөс өөр юу ч багатахаа больчихож. Хүний дотор нэг ч үг орохгүй дүүрдэг үе байдаг бол би яг л тийм болждээ. Одоо яая гэхэв эр олзонд, эрвээхэй дөлд гэдэг л болж. Гэхдээ би өөрийгөө ажилгүй хүний тоонд оруулахыг хүсээгүй ажил эрж байгаад хэзээ нэг цагт ажилтай болно гэж бодсоор явлаа.

Тэр орой бид гэртээ тогтож сууж чадсангүй гадагш гарлаа. Дөрвөн эгнээ урсгалаар нэгэн зүгт зэрэгцэн хөвөх энэ тамтагүй олон машин чухам хааш яарнам? Бүгдээр тэмүүлэх тэр зүгт тийм чухал юу гээч болж байна? Ажил олгож байгаа болов уу?… гэтэл эсрэг зүгт мөн л адил дөрвөн эгнээгээр зэрэгцэн хуй салхи мэт довтолгож байна. Тэд орон зай, цаг хугацаа, өнөөгийн ертөнцийн хэмнэлтэй ан мана уралдан амьдрах гэж яарч яваа хүмүүс аж. Би ч мөн адил амьдрах гэж яарч бас тэмцэж явна. Мөлчийж толийсон замын хоёр талаар жирэлзэн өнгөрөх юм бүхэн хурд ба хугацааны их хүчин дор салхинд хөөгдсөн хамхуул мэт туугдан, олон машины хөлд боссон түйрэн салхи, саяхан орсон борооны ус, өнөөгийн гэх бодит юм болгоныг нэг хэсэгтээ хамт өртөөлөн дагуулж байснаа заримийг нь их хурдны замаас шууд л хажууд гарган чулуудаж байх шиг, хэнийг ч юуг ч үл ойшоон тасралтгүй хөврөх энэ урсгал өнгөрсөн ба ирээдүйн хооронд өчүүхэн ч зай завсар хавчуулсангүй бас л ардаа үлдээв. Цаг хурдын цахим хувиралд дасаагүй ч бид хоёр ч мөн энэ шуурганд туугдсаар энэ бүхний дараа бас инээж, үр хүүхдээ хайрлаж, ирээдүйд тэмүүлж, одоотой уралдаж бодит амьдралын бэрхшээл саадыг давахаар бүхий л чадлаараа зүтгэсээр л явна. Хоцорвол мөхөл, энэ ертөнц цагыг нараар тооцож цалингаа үргэлж нэмүүлдэг монголчууд биднийхтэй адилгүй, ажилтай нь амьдардаг, ажилгүй нь өнхөрдөг, юм бүхэн ахар орон зай, цаг хугацаатай, нэг мөчийн үнэ цэнэ амь зуулгын дэнчинтэй. Энд урьд эртнийхээс тэсч үлдсэн нь гэвэл өр тавьж өөрсдөө зүтгэсээр ирсэн бид хоёр л юм шиг. Бид юу бодож өтөлсөн хойноо хаашаа, юуны төлөө ийм газар ингэж зүтгэж яваа юм бэ? гэх нууц бодол бас төржихүй .

Бидний орсон газар америк түмэн ажлын дараах алжаалаа тайлахаар нанчид зооглон, тамхи уугиулан сууцгааж, эрээн мяраан шивээсээр өвч биеэ чимсэн нутгийн одонцор охидууд шар айргатай шилний амсрыг час улаан будагтай уруулдаа болгоомжтой хүргэн доторхийг шимж араас нь урт иштэй слим хэмээх нарийхан янжуурыг нэг сорж утааг дээш үлээн шунхан хумсний үзүүрээр үнсийг сурамгай буулгах ялдамд нүцгэн цээжин дэх алгын төдий даруулга дороос бултагнах шалдан шахуу хөх, үнэгэн сүүл мэт сэвлэг үсээ сэгсэлзүүлэн ийш тийш харснаа эсрэг хүйст бусад биетүүдэд мэлмий, мишээл хоёрыг даанчиг гамгүй илгээн хоорондоо шивнэлдэнэ. Өнцөгт гялалзах шилэн халхтай пойлоосон тавиур дээр элдэв амттан, бохь тавьж “Нэгийг худалдаж аваад нөгөөг нь үнэгүй ав” гэсэн нь хямд л бол, бүр зүгээр өгч юм байгаа бүхнийг хэрэггүй ч гэсэн авдаг хүнд зориулсан америк бизнесийн сэтгэлгээ, өөрсдөө ч түүндээ дуртай. Би ч бас энэ оронд ирэх эрхийг өндөр үнээр авч, ажилгүйдэх зовлонг энэ бохиний адил үнэгүй олсон хүндээ. Бааранд цугласан хүмүүсийн хөгжилтэй дуу шуугиан адар өндрөөс буух хүрхрээ гэмээр нүргэж мөнгө хийвэл л хангинадаг төмөр шүүгээнээс урсах  блюз хөгжмийн аянд ч үл дарагдана. Амеркчууд наргиж байна, гэхдээ тэд бол тэд, бид бол бид шүү дээ.

Эхнэр маань ширээн дээгүүр надруу гараа сунгав. Залуудаа бид муудалцсаныхаа дараа ингэж эвлэрч ойлголцдог байсан юм. Би түүний сунгасан гар доор алгаа дэвсэн бүжиглэхийг оролдсон боловч нэг л болж өгсөнгүй, тэр үе биднийг аль хэдийнээ бас л орхин оджээ. Дараа нь эхнэр маань гэртээ харья гэхэд би мөн л даган гарлаа. Ирэнгүүт хоёр тийш харан бие биенээсээ харцаа нуун шургасаар нэг мэдэхэд таг унтжээ. Ням гаригийн энэ өглөө сэрж нүдээ нээсэнч хөдлөхгүй хэвтсээр эхнэрээ ажиглахад тэр маань нэг талаараа хажуулдан, цааш хана руу харан нойрсч байлаа. Би сэм босч толинд харваас зүс царай минь хувхай даасныг сая мэдэв.  Дух, хацарт үрчлээс тогтон, зовхи дор хавагнаж ерөөс би лундаа хиймороо алджээ. Бас үс минь унаж байна. Яг л намрын навч шиг. Энүүхэн хооронд би ямар их өтөлсөн юм бэ? Зүгээр л нэг махан тулам болж үлдэж дээ. Үүнээс хойш би сахлаа хусахгүй л бол толинд бүр ойртмооргүй санагддаг болчихсон юм.

Кофе хийж хоёр өндөг шараад гаднаас олж авчирсан хуучин сандал дээр суун, эхнэр маань телевизорын өмнө цайлав. Би цонхны цаана шил алгадан буух борооны дуслыг харж суусаар намдахад босч эхнэрээ үлдээчихээд өөрөө гарч одов. Эхнэр хүүхэд нь ажилтай байхад эр нөхөр нь ажилгүй гудамж метрлэж явна даа. Миний энэ зовлонг биеэрээ туулсан хүн л зөвхөн ойлгоно доо. Одоогоор өмнөх амьдралд минь биднийг юу хүлээж байгаа нь надад ажил олдох эсэх л болжээ. Гадаа бороо намдсан ч эндхийн хүчит хар салхи есөн сүвийг минь нэвт үлээн намайг газрын хөрснөөс ховх татахаар улайрч байна. Надад энэ нутгийн  байгаль нь хүртэл царай өх шинж алга.

Үүнээс хойш бараг сар болсон байх, Нэг өдөр би гадуур ажил хайж яваад нэгэн хими цэвэрлэгээний газар орж ажил асуулаа. Тэнд нэгэн ази царайтай эр байна. Ажил асуухдаа нөгөө л заалгаснаараа англиар “ажил хайж явна” л гэлээ.

Гэтэл нөгөөх чинь өөдөөс толгойгоо сэгсрээд англиар нэг юм хэллээ тэр ойлгогдохгүй юм. Байхгүй гэж байгаа бололтой. Цаанаас эзэн нь бололтой нэгэн гарч ирээд, та хаанаас ирсэн бэ? гэж байна. “Монголоос” л гэлээ. Өө та бас Монгол юм уу гэж байна. Гэтэл миний түрүүчийн хэл нэвтэрч чадаагүй эр монгол хүн ажээ.

Мөрөөдөл бас биелдэг л юм билээ. Миний таньдаг охин ресторанд сав угааж байснаа ар гэрийн гацагдлаар гэнэт нутаг буцах болж нөгөөх ажлаа надад үлдээсэн юм л даа. Гуанзны эзэн солонгос эр, нас ахисан намайг харж хамгийн хямдаар, хамгийн хүнд ажлаа хийлгэх арга сүвэгчлэн үнэрхсээр нөгөөх охинд өгч байснаас доогуур цалин өхөөр тохиролцоод намайг авч ажиллуулав. Тэд ингэж шинэ ирсэн монголчуудыг өчүүхэн хөлсөөр хар ажилдаа алганы арьсийг нь эвэрштэл, асуух нурууг нь бөгтийтэл хийлгэж гаршсан хүмүүс.

Би ажилгүй удсан болохоор олдсон нь их юм гээд ажлын хүнд цалингийн багийг юман чинээ бодсонгүй. Эврээ гээсэн буга шиг явсан миний бие ингэж л шинэ амьдралын хоёрдахь замд энэ хорвоогоос жаран хаврыг элээсний дараа орсон билээ. Намайг магтдаг л байлаа. Манай хамгийн ажилсаг хүн гээд л. Гэсэнч тэрээр орлогооо бодоод хүнээ хасахдаа хамгийн түрүүн насаар ахмад намайг хасч залуусийг үлдээв. Ингээд би дахин ажилгүй болоод гэртээ ирлээ. Гэртээ ирээд хэд хонож байтал нөгөөх солонгос намайг дахин дуудлаа. Яваад очитол залуус цалингаа голоод яваад өгчээ. Буцаад л ажилд орлоо. Өдөр бүр илүү цагаар ажиллуулдаг мөртлөө нэгэнтээ саатаж хэдхэн минут хоцороход цалин хасч нүнжиггүй зан гаргав. Удалгүй нөгөөх охин маань ирж ажилдаа орох болоход хонжооч эр ажлын хямд хүчнээс салахыг хүссэнгүй, миний цалинг нэмье чи цаашид ажилла гэвээс би түүнд “Цалин нэмнэ гэсэн үеэс эхлэн нэм” гэхэд тэр нарийндаа хатсан амьтан мэдээж харамч зангаа давж яахан чадах билээ.

Хэрэв жудаггүй эрийн дүрийг толинд харж болдогсон бол тэнд тэр надтай таарсан эрийн царай харагдах нь лавтай. Би нөгөө охиныг ирэхэд ажлыг нь өгнө гэж ам өгсөн тул цааш ажиллахгүй л дээ. Гэхдээ л энэ жудаггүй эрийг хясмаар санагдсан юм. Тэр хүний мөсөөр хомсхон хүн, монгол цайлган зангаар хандаж үл болох агаад түүнд итгэх нь хиймэл цэцгээс бал гордохын адил. “Сохорын газар сохор, доголонгийн газар доголон” хэмээх монгол үгийг ийм тохиолдолд бас хэрэглэж болох ажээ.

Дөнгөж энд ирсэний дараа зайлуул муу ээж маань намайг гэсээр насан өөд болоход би очиж ч чадаагүйдээ ихэд харамсч явна даа. Үйл лай минь ийм л хойно яалтай ч билээ. Хүн бүр л өөртөө оногдсон үйлийн лай ланчигаа өөрөө үүрдэг бус уу. Одоо миний ээлж болжээ.

Би ажиллахаас эрэх нь голдуу явсаар хэд хэдэн газар дамжин туршлага сууж бас ганц нэг үгийн солиотой болж овоо дээрдэв. Гэвч миний ажил ерөөс дээрдсэнгүй. Анхны ажлаас онцгой өөрчлөгдсөн юмгүй солонгос, энэтхэг, пакистан ресторан дамжин өдөрт арваас доошгүй цаг ажиллавч авч байгаа нь болжморийн нулимс шиг бас ямарч даатгал, баталгаагүй байв.

Өнөөөдөр цалин сайтай ажилд орчин үеийн хурдацтай шинэ программ, үйлдвэр технологийн хөгжилтөй мөр зэрэгцэн ажиллах хэл устай, өндөр мэдлэгтэй залуу ажилчдыг хайж хөгшдөд цалин хөлс багатай ч тэдний мэдлэг чадвар, нас ажиллах чадварт тохирсон ажил байдаг. Түүнийг нь зориуд бий болгодог. Мэдээж энэ бол Америк орон иргэдэдээ зориулсан бодлого. Харин мань мэтэд бол угаах цэвэрлэхээс гадна хэл ус сайтай нь жолооч зөөгч гэх мэтийн арай гайгүй талбар л олддог аж. Тэхээр миний хувьд бол эсвэл сургуульд суралцах эсвэл ямар нэг ажлыг чадвал дээд зэргээр, эс чадвал ядаж хүний санаанд нийцэхүйц хийх хэрэгтэй юм байна даа л гэж бодсон хэрэг. Мэдлэг чадвартай, хэл устай хүмүүс бол ч мэдээж шал өөр шүү дээ. Тэд том албан газрын менежер, их дээд сургуульд багш, зарим нь өөртөө хувийн компани байгуулан ажиллаж байна. Гэхдээ нэг юмыг энд би ойлгосон. Мэдлэгээс гадна чадвар чухал гэж. Дээд боловсролтой байхдаа ч бас гол нь биш юм байна. Чадварлаг сайн ажилчин ч сайн сайхан амьдарч болно гэдгийг эндхийн амьдрал нотолдог. Заавал сайд дарга, татвар, гаалийн байцаагч, тендерийн эзэн, байх албагүй.

Ингээд би  “ЗИП КАР” хэмээх АНУ-ын томоохон хотуудаар зөвхөн шинэлэг, үнэтэй автомашин түрээслэдэг компанийн Вашингтон ДС дахь салбарт нь автомашинд хөнгөн засвар үйлчилгээ  хийж дараа нь угааж цэвэрлээд гаргадаг “Кенгеру кар кэйр” компанид Баяндалай гэдэг монгол залууг дагалдаж орсон юм. Үүнээс хойш олон жил болж би ч хэрэндээ л хичээсэн, энэ чиглэлд бага сага ажлын дөр суусан даа. Би анх энэ ажлаасаа  ичдэг байлаа. Ухаандаа би үйлдвэрийн дарга сүүлд сонин сэтгүүлд ажиллаж явсан мөртлөө машин угаагаад… гээд л. Харин дотроо бол энэ ажлаа алдчих вий гэж айдаг байлаа. Машин цэвэрлэх гэдэг ийм нарийн ажил гэж бодож байсангүй зүгээр л савандаж угааж арчаад л… гэх мэтээр төсөөлж үүнийг хийхэд юухан байхав гэж байлаа. Гэтэл тиймгүй ажээ.

Америкчууд машиндаа маш хайртай, монголчууд хүлэг мориндоо яаж ханддаг билээ. Тэдний ярианы нэг гол сэдэв нь өөрийнх нь унадаг автомашины тухай байдаг. Эндээс би нэг зүйлийг ажиглаж мэдсэн. Энд ямарч ажил хийсэн маш нарийн хандлагатай, барих багж, хэрэглэх материал нь дээд зэрэгт хөгжсөн яг тэр ажилд тохируулж бүтээсэн хамгийн сүүлийн сайн чанарын байх. Монголчууд бид чинь улаан гараараа л шахуу үзээд болгоод сурчихсан дэггүй овсгоотой хүмүүс шүү дээ. Шил толь арчдаг тусгай цаас байсаар атал  л нөгөө л зангаараа сонингоор ч юмуу хуучин цамцаараа арчих гээд байдаг юм. Харин ажилд бол ч манайхан гарамгай л даа. Тэр сайн багж хэрэгслэл, материалыг гарт нь бариулчих юм бол чиг бүр дийлдэхгүй. Мөн монголчууд мэдлэг боловсрол сайтай хааяа хэтэрүүлчих гээд байдаг болохоос. Философид бол бүр ч гарамгай даа.

Ингэж би арай гэж олсон арав таван ногооныг ардаа нэг өвөртөө нэг барьж амь зуулгаа залгуулж явсаар амьдрал арай л дээшлэв. Одоо ажил амьдрал ч арай өөдрөг, авгай маань ч сайхан зантай болоод дажгүй л амьдарч байна. Анх америк оронд ирсэн хүн иймэрхүү даваагаар амьдын диваажинг бус ажлын хүндийг давж хөлд бас хэлд ордог юм даа.

Одоо олон жилийн дараа би өмнөхөө бодвол өрнөөсөө салж энэ нутагт дасч бага сага ч гэсэн хэл устай арай өөр болсон, ажлаа хийсээр л байна. Ажил олдож л байвал хийхээс өөр аргагүй, тэгээд ч ажилтай хүнд амьдрал ч, сэтгэл санаа ч өөдрөг байдаг юм. Аж амьдрал маань дээшилж үр хүүхдүүдтэй тээр болохгүй харин ч тэдэндээ жаахан жуухан ч атугай юм явуулж, урмын үг сонсч байхад надад түүнээс илүү жаргал гэж хаа байхав дээ. Эндээс олж мэдсэн нэг зүйл бол энд хүн ажил хийх л чадвартай л бол насны хязгаар байхгүй, тэтгэвэртээ гараад давхар ямар ч ажил хийж цалин тэтгэвэрээ авч болдог. Тэтгэвэрийн насныхны хийх ажлын жагсаалт гаргаж ажлын байр зориуд бий болгоод тэдний хуримтлуулсан баялаг мэдлэг, туршлагийг бүрэн дүүрэн ашигладаг юм байна. Гэхдээ аль ч оронд, Америкт  ч бай, бүх юм дандаа л үнэмлэхүй бүрэн төгс байна гэж яаж байхав дээ гэдгийг ч бас энд хэлэх хэрэгтэй болов уу.

Нэг өдөр интернетээр монгол сонин уншиж байхад нутгийн маань сэтгүүлчид биднийгээ “боолын хөдөлмөр эрхлэгчид” гээд нэрэлчихэж, бараг л эх орноосоо дүрвэгч, тэнүүлчид гэх маягаар бичсэн байх юм. Өнгөн дээрээ өрөвдөл ч гэмээр, өрцөн цаанаа бол доромжлол ч гэмээр ийм нэг салаа утгатай үзэл бүр нийтлэг болчихсон байгаа юм. Бид ямар сайндаа л өр зээлд дарагдаж өргөө гэрээ барьцаанд тавьж, өрөөл ижлийгээ орхин харь хол руу зүтгэж байхав дээ. Хэрэв манай улс хөдөлмөр эрхлэлтийн  бодлогоо цаашид шинэчлэхгүй бол ийм л байх болно. Хөгшин би ч одоо дүүрчээ. Та нар минь л боолоос холхон яв л гэе дээ.  Ер нь бол босгоны ч бай, бооссын ч бай ажил хөдөлмөр хийж авсан цалингаараа амьдралаа залгуулаад арав тавыг нь ах дүү садандаа явуулаад алтны магнат шиг биш ч гэсэн амьдралд минь өнгө орж өөрчлөлт гарсаан. Өнөө үеийн хөгжилтэй оронд ажлыг боолын босгоны хэмээн ялгаварлах үзэл нэгэнт үгүй болжээ.

Ажил бол ажил л байдаг. Сайн муу ямартай ч энд ажил хийсэн хүмүүс цалин хөлсөөрөө амьдралаа залгуулж унаа тэрэг авч хүн шиг амьдарцгааж л байна. Дээр цагт монголчууд эхнэрээ тогооны хүн гэдэг байлаа. Яагаад гэвэл тогоо барих нь зөвхөн эмэгтэй хүний хийдэг ажил гэсэн хатуу ойлголттой байснаас л тэр. Өнөөдөр эхнэр нь ажилтай, нөхөр гэртээ бол тогоогоо барьж л таараа. Хэн юу чаддагаа хийгээд олсон орлогынхоо түвшинд амьдрах боломж нь бий тул тэр зам нь нээлттэй байна.

Сайн сайхан амьдарч, үр хүүхдээ сургаж ирээдүйн амьдрал нь баталгаатай итгэлтэй байхын нэг үндэс бол тэднийгээ хөлийг нь дөрөөнд хүргэх бидний энэ ажил. Энэ бол эхнэр бид хоёрын эцсийн зорилго, биднээс хойш тэд нар минь цаашдаа яаж амьдрахаа өөрсдөө шийдсүгэй.

Хүү маань сургуулиа төгсөөд ажил төрөлтөй, хань ижилтэй, өөрийн гэсэн орон савтай, унаа тэрэгтэй боллоо. Бид хоёр өөрсдийн тааваар өөрсдийгөө болгосоор нас минь 69 дахь хаврыг элээж байна. Энд ирсээр би нэг л мэдэхэд арван жил болчихжээ. Ирэх жил би дал хүрнэ. Ажиллах чадал хүсэл байвал ажиллана шүү дээ. Бие хөнгөн, сэтгэл сэргэг байдаг юм.

Амьдийн диваажин гээд байгаа энэ газар ирсэн хүн зөвхөн өөрийнхөө мэдлэг ажиллах чадварт найдахаас өөр аргагүйг ингэж л өвч биеэрээ туулж явна даа бид хоёр. Энэ диваажин ажилгүй хүнд там болж хувирах нь амархан ч бэрхшээлийн өмнө юу юуны туханд хүрэлгүй бүү шантар гэдгийг ч дүү нартаа зөвлөе.

Энд ирээд арав шахам жил байхдаа би жаргалын дээдийг эдэлсэн гэж үү, үгүйдээ дандаа жаргадаг газар энд лав алга бурхны оронд л байж магадгүй. Энд надад ажиллаж амьдрах эрч хүч, өөдрөг байх сэтгэл санааны хат нэмэгдсэн нь түр ч атугай жаргалтай байх боломжийг бүрдүүлсэн гэж бодном. Өөрөө түүнийгээ мэдрэхийг хичээвэл шүү дээ. Зориг байвал хиймор дагадаг. Аз жаргал гэдэг тэтвэрийн халамжид шүтэж ажилгүй ад үзэгдэж, биеэ чагнаж суух биш гэдгийг би ойлгосон. Ингэж би өөрийнхөө гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө, бурхан болсон ээжийнхээ төлөө өөрт буй хүч ухаанаа дайчлан ажиллаад аз түшиж, нас гүйцвэл төрсөн нутаг Бургалтайн голдоо харина даа гэсэн унаган бодол минь намайг ер орхисонгүй энэ он жилүүдэд үргэлж надтай хамт байж тархинд минь зөн совингийн хонх мэт жингэнэсээр л байнам. Амьдрал гэдэг дан ганц аз жаргалаар бялхдаггүй ч жаргалтай үе, цаг, мөч гэж хүнд бас хааяа тохиодгиймаа. Жаргалаар эхэлсэн амьдрал минь жаргалаар дуусах тэр өдрүүд Бургалтайн голд намайг хүлээж л байгаа гэдэгт би итгэдэг. Сар шинийнхээ тавгийн идээг  монгол хүн тэгж л өрдөг юм.


URL:

Сэтгэгдэл бичих