3.2 км урттай буудлын зурвасыг Монголын инженерүүд гүйцэтгэлээ

Орчин үеийн нисэх буудлын буух зурвасын замыг амжилттай барьж дуусгалаа. Энэ бол Монголын өмнийн говьд анх удаа баригдаж байгаа олон улсын стандартад нийцсэн нисэх буудлын цогцолборын гол хэсэг юм.

Оюу Толгой ХХК Монголын өмнө хэсэг буюу Өмнөговь аймагт авто зам, уул уурхайн дээд сургууль, техник технологийн сургууль, өндөр хүчдэлийн шугам, гүний худгийн усан хоолой, баяжуулах үйлдвэрийн холбогдох барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Үүний нэг нь энэхүү олон улсын стандартын нисэх буудал юм.
Монголд анх удаа буух зурвасын замыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэж дээд амжилт тогтоолоо. 3.2 км урттай буудлын зурвасыг Монголын инженерүүд, гэрээлэгч компаниуд төлөвлөгөөт хугацаанд чанарын өндөр түвшинд барьж дуусгалаа.  Монголдоо хоёрт орох том хэмжээтэй хатуу хучилт бүхий уг нисэх буудалд Боинг 737, С130 төрлийн онгоц буух боломжтой.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Макрей “Өмнийн говьд дэд бүтцийн томоохон сүлжээг бий болгох бидний төлөвлөгөө биеллээ олж буйг харахад нэн таатай байна. Энэхүү төслийг Монголын барилгын компаниудтай хамтран аюул осолгүй, богино хугацаанд, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн нь Оюу Толгой ХХК болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж буйн нэг томоохон илрэл юм.” хэмээн онцлон тэмдэглэлээ.
АНУ-ын Айова муж дахь “Гомако” компаниас нийлүүлсэн хатуу хучилттай зам тавигч төхөөрөмжийг Монголд анх удаа ашиглан, бүтэн 3 жилд гүйцэтгэх буух зурвас замын ажлыг хамгийн богино хугацаа буюу 90 хоногт дуусгасан юм. Галт тэрэгний цуваатай адил энэхүү машин нь гулган шилжих хөдөлгөөнөөр 7.5 метр өргөн, нэг метр орчим урт, 44 см зузаан замыг нэг минутад хатуу хучилттай болгодог.
“Ханбумбат” нэртэй нисэх буудлын цогцолборыг Оюу Толгой төслийн санхүүжилтээр барилгын менежментийн Флюр компанийн удирдлагаар Монголын “Арц суварга”, “Эй Си Эч Сервис” зэрэг компаниудын 500 гаруй ажилчид барьж гүйцэтгэж байна. Энэхүү нисэх буудлын цогцолбор нь үйлчилгээний барилга, агаарын хөдөлгөөн удирдах хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий цамхаг, галын аюулгүй байдлыг хангах иж бүрэн хэрэгсэл бүхий алба зэрэг олон хэсгээс бүрдэнэ.
Ш.Болд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих