Хамгийн утгагүй хөшөө дурсгалыг металлын цэгт тушаахыг хүсч байна

Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш амьд­ралаас болон өөрсдийн удир­дагчдаас хоёр л чухал зүйл шаардсаар ирсэн. Энэ нь хоол хүнс, үзвэр үйлчилгээ юм. Хэрвээ эхнийх нь дутагдвал хоёр дахиар нөхөх гэж оролддог аж. Фараон, эсвэл хаад ард түмэндээ дур­сагдан үлдэж, алдар нэр­тэй болохын бөөн хүслэн болдог. Ухаантай удирдагч төр улсаа тохинуулж, эдийн засгаа сэргээж байхад тэ­нэгүүд нь онигооны баатар болж, өөртөө хөшөө дурсгал бариулдаг аж.

Үүний нэг жишээ бол 86 настай, Сенегалын Ерөн­хийлөгч асан Абдулай Вад юм. Тэрбээр энэ онд гурав дахиа төрийн тэргүүн болох гэж оролдоод дийлээгүй билээ. Вадыг төрийн тэр­гүүнээр ажиллах үед Сенегал улсад авлига, хээл хахууль цэцэглэж, танил талаа өөд нь татдаг, төсвийн мөнгийг ашиггүй зүйлд зарцуулдаг үзэгдэл газар авчээ.

Тэрбээр аварга том хө­шөөнд дурладаг байсных уу, ямартай ч  төсвийн мөн­гөөрөө Африкийн сэргэн ман­далтын хөшөө гэгчийг байгуулсан түүхтэй.

Абдулай уут дүүрэн дол­лар дээр суучихаад ядуу төрөөд, гуйланчлалд амиа тавьдаг ард түмэндээ хэрхэн туслах талаар бодож л дээ. Гэтэл бодож, бодож, нэг арга олсон юмсанж. Түүний үзсэнээр Африкийн ард түмэн ядуу буурай байгаад цагаан арьстнууд, тэдэн дундаа америкчууд буруутай болж таарчээ. Ингээд Ерөнхийлөгч Вад Нью-Йоркийн Эрх чө­­лөөний хөшөөнөөс ч том бай­гууламжийг Дакар хотод бү­тээхээр шийдсэн байна.

Манай гарагийн хамгийн баруун хэсгийн лалын ша­шинт орны хөгшин Ерөн­хийлөгч энэхүү агуу санаагаа хэрэгжүүлэхийн тулд учир утгагүй хөшөө дурсгал хийд­­гээрээ мэргэшсэн хү­­мүүсийг урьжээ. Тэр уригд­­сан хүмүүс нь Хойд Солонгосын коммунист мэр­­гэжилтнүүд юм байна. Мэдээж “Африкийн сэргэн мандалтын хөшөө”-ний зо­хиогчоор нутгийнх нь иргэн буюу Сенегалын архитектор Пьер Гоудиаби ажиллажээ. Тэрбээр Вадын хүсэлтийг бодолцон үзэж, “Либертийн мисс”-ээс (Эрх чөлөөний хөшөө) хэдэн метрээр өндөр хөшөө бодож олсон байна.

Ингээд хөшөөний ба­рилгын ажилд 27 сая ам.дол­­лар зарцуулжээ. Гэ­­тэл Сенегал улсын нэг хүнд ногдох ДНБ нь ердөө л мянган бакс байдаг аж. Эдгээр мөнгөний 35 хувь нь өнөөх Ерөнхийлөгчийн халаасанд орсон гэлцдэг юм билээ.

Дэлхийн хамгийн том, өндөр  (Египетийн  пира­мидыг тооцохгүйгээр) энэ­­хүү хүрэл хөшөө нь Аф­рикийн хамгийн баруун цэгт сүндэрлэсэн түүхтэй. Уг хөшөөг 2010 оны дө­рөв­дүгээр сард, Сенегал улс Францын империалист улсаас салан тусгаарласны 50 жилийн ойд зориулан нээ­сэн байна. Хөшөөний нээл­тийн ажиллагаанд ч бас хэдэн сая ам.доллар зарцуулсан гэлцдэг.

Харамсалтай нь Аф­рикийн “суут сэргэн ман­дуулагч”-ийн бодож олсон энэхүү утгагүй, тэнэг хө­шөө ард иргэдийнх нь дур­гүйцлийг төрүүлсэн юм. Зарим нь хэрэггүй зүйлд мөнгө цацлаа хэ­мээн дургүйцэж байхад нөгөө хэсэг нь баримлын хүмүүсийг лалын хэв мая­гаар хувцасласангүй хэ­мээн ундууцжээ. Ингээд 2010 оны хавар Дакар хотын мянга мянган иргэн гудамжинд гарч, муухай хөшөө барьсан, эндээс сталинизм үнэртэж байна хэмээн эсэр­гүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Аварга том металл хө­шөөний дэргэд аж төрдөг африкчууд төрийн “хайр халамж”-аа байнга л мэ­дэрдэг бололтой. Тэдний ихэнх нь тог цахилгаангүй нөхцөлд аж төрдөг бөгөөд хоол хүнсний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж, заримдаа ундны усгүй болдог аж. Ийнхүү “сэргэн мандаж буй” сенегалчууд бахь байдгаараа, орон гэргүй хэвээрээ үлджээ.

Тэд энэхүү хөшөөгөө нүд үзүүрлэсэндээ хэсэгчилж ху­ваагаад, хаягдал металлд ту­шаахыг хүсдэг байна. Харин мөнгөөр нь  хоол хүнс авахыг хүсч буй юм.

 

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих