Улсын төсвөөс илүү О.Магнайгийн ажил сонин байлаа

Зэрэг нэмэхийн өмнө­хөн” гэдэг шиг унтаж, унтаж сая нэг сэрсэн мэт чуулган эхлэхийн өмнө Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын даргад өргөн барив.

Анхнаасаа “ам сайтай” байгаа гэх энэ төсөвт харин ард иргэд төдийлэн итгэхгүй байна. Учир нь “Төсвийн тодотгол” гэсээр төрийн албан хаагчдын цалинг хоёр сар орчим өгөлгүй аргамжиж байж саяхан өгсөн болсон. Ингэхдээ “Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөв” гэгчийн үлгэрээр Хөгжлийн банкнаас Монгол Улсын ирээдүйд хөрөнгө оруулж буй мөнгөнөөс ийнхүү цалингаа тавьж орхисон нь “Ийм байтал 2013 оны төсвийг сайн болсон гэдгийг нь яаж мэдэж байна аа” гэх хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа.

Уг төсөлд “Ирэх жил төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй. Аль болохоор зарлагыг шахаж, орлогыг нэмэгдүүлэхийг тусгасан гэх. Гэтэл нидэр дээрээ шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газар 11 яамыг 16, 929 орон тоо­тоог 1625 болгож, яамдын орон тоог даруй 696-аар нэмэгдүүлж, төрийн толгойг данхайлган, хурган дарга нарын тоог улам нэмсэн. Энэ нь ирэх оны төсөв хэрхсэнийг хэлээд өгсөн гэхэд болно.

“Ам сайтай” төсвийн хажуугаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ Нийгмийн даатгалын ту­хай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Нийгмийн даатгалд “гаршсан” гэх нэр зүүсэн түүний энэ төслийг харин ч сайн хууль болно гэж нэг хэсэг нь хэлж байхад ихэнх нь төдийлэн таашаахгүй байгаа гэх.

Өнгөрөгч долоо хоногт эх орны улстөрийн амьдрал ийн унтаа байхад Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд оролцож, хэд хэдэн арга хэмжээнд үг хэлсэн. Тэрбээр Ардчилсан орнуудын хамтын нийгэм­лэгийн дарга орны хувиар НҮБ дахь Ардчиллын бүл­гийн орнуудын сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулж, “Хуулийг хэрэгжүүлэх ёс ба ардчилал” сэдвээр өрнүүлсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж хэлэхдээ “Хуулийг хэрэг­жүү­лэхгүй­гээр ардчи­лал, хүний эрх оршихгүй. Хууль бодитоор мөрдөгдсөн газар шударга ёс дэлгэрч, ардчилал хөгжиж, хүний эрх баталгааждаг. Ардчилал бол суралцах үйл явц. Ардчилал бол нэг удаагийн хувьсгал биш. Мөн ардчилал хэзээ ч эрийн цээнд хүрдэггүй, нялх хүүхдийг асардаг шиг арчилгаа тордлого хэрэгтэй үйл явц” хэмээсэн. Энэ нь ардчиллыг дээдлэгч орнуудад хатуу, бас сонин содон үг байсныг гадаадын хэвлэлүүд онцолсон байсан.

Харин улс орны амьд­ралыг жаахан амьтай бол­госон үйл явц нь төрийн албан хаагчдын халаа сэлгээ байсан гэхэд болно. Албан бус тоогоор 80 гаруй мянган хүн ажилгүй болж байгаа гэдэг. Гэхдээ хоморголон халж байгаа гэх эдгээр үйл явцтай зэрэгцэн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удир­дах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам”-ын тухай ч зэгсэн яригдсан.

Засгийн газраас ямар хууль, эрх зүйн заалтыг баримтлан яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг чөлөөлж бас томилсон. Мөн Засгийн газраас гаргасан 2012 оны 26 тоот тогтоол нь Төрийн албаны тухай хууль, УИХ-аас баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журамтай хэр­хэн нийцэж байгаа вэ гэх шүүмжлэлийг дагуулсаар байгаа.

Түүнчлэн улстөрийн амьд­ралтай зэрэгцэн нийгэм эдийн засгийн амьдрал ч аядуун байв.

Аж ахуйн нэгж, бай­гууллагуудын төгрөгийн хад­галамж өмнөх сарынхаас 0.5 хувь буюу 1.2 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувь буюу 74.4 тэрбум төгрөгөөр буурч, 226.6 тэрбум төгрөг болсон аж. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 1.8 хувь буюу 50.9 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 20.0 хувь буюу 475.2 тэрбум төгрөгөөр өсч, 2854.5 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сарынхаас 3.7 хувь буюу 47.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 54.2 хувь буюу 469.2 тэрбум төгрөгөөр өсч, 1334.5 тэрбум төгрөг болсон байна.

Гэхдээ өнгөрөгч долоо хоногт нийгмийн анхаар­лыг нэлээд татсан зүйл нь Шударга өрсөлдөөн хэрэг­лэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн долоо хоногт хийсэн ажлын тайлан байсан.

Залуу хүний зүрх зори­гоор ажилдаа шуурхайлсан О.Магнай үгсэн хуйвалдах замаар шатахууны үнээ нэм­сэн компаниудад тавь­сан 17 тэрбум төгрөг, гар утасны төлбөр тооцоо, бү­тээгдэхүүний мэдээ­лэл болох шошго, их сургуулиу­дын сургалтын төлбөрт шалгалт хийснээ мэдээлсэн.

Тэрбээр шатахуун им­порт­логч компаниудын 17 тэрбум төгрөгийн торгуу­лийг цуцалсан явдлыг АТГ-т дахин шалгуулахаар болсон. Мөн иргэдээс ирүүлсэн төл­­­бөр тооцооны гомдолд үндэс­лэн арваннэгдүгээр са­рын 1-нээс үүрэн телефоны бүх хэрэглэгч секундээр тоо­цож, харин дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд барь­цаа хөрөнгө дээр хүү бодоод сарынх нь төлбөрөөс хасах шийдвэрийг гаргуулж чад­сан юм.

Ийнхүү шүүмжлэл да­гуулсан төсөвтэй, эдийн за­саг, нийгэм улстөрийн амьд­рал нь аядуу долоо хоног төгсөхөд “цогтой тэмцэгч” Магнайд талархагсад олон байсан юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих