Гар утасны төлбөрийг бууруулах журам гарч байна

-Журам хэрэгжвэл утасны төлбөр 30 хувиар хэмнэгдэх үү?-

Гар утас барьдаггүй хүн Монголд бараг үгүй. Хувь хүн бүр сард утасны төлбөрт орлогынхоо тодорхой хувийг зарцуулдаг. Хэрэглэгчид хэмнэх аргачлалыг хямд багцыг сонгохоос эхлээд өөрийн ярилтаа буюу гадагш дуудлагаа багасгах тал дээр хяналт тавих зарчмаар шийдвэрлэхийг хичээдэг. Саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нэгэн шинэ журам гаргажээ. Өнөөдрөөс буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн ярианы төлбөрийг минутаар биш секундээр тооцдог болох тухай журмыг “Мобиком”, “Юнител”, Скайтал”, “Жи-Мобайл” үүрэн телефоны компаниудад албан бичгээр хүргүүлээд байна. Түрүүчээсээ буюу “Мобиком” ярианы тарифтаа өөрчлөлт оруулж төлбөрийг минутаар бус секундээр хэмжиж болох тухайгаа мэдэгдсэн байгаа. “Скайтел” компани техникийн хувьд бэлэн биш байна гэдгээ мэдэгдсэн бол “Юнител”-ийнхэн секундээр тооцож төлбөр хасагдах боломжтой гэсэн бол “Жи-Мобайл” шинэ журмын тухай асуудлыг дөнгөж сая мэдэж байгаа учир танилцаж байж болно гэсэн хариултыг тус тус ирүүлж байгаа. Монголд монополь гэж хэлж болох үүрэн телефоны дөрвөн компани энэ тухай асуудлыг ярилцаж саналаа нэгтгэж байж шийдвэрлэнэ гэсэн өнгө аястай сууна.

Хэрэв энэ журам хэрэгжиж чадвал иргэн таны утасны төлбөрөөс ойролцоогоор 30 хувь хэмнэгдэх боломжтой гэж яригдаад байгаа. Бүх хэрэглэгчийг хүссэн эс хүссэн худалдаж авахаас өөр гарцгүй байдалд татан оруулдаг бизнес бол яах аргагүй гар утас. Монголчуудын дунд бусад улс орныхтой харьцуулахад манайд хэрэглэгчийг харьцангүй мөлждөг гэсэн яриа байдаг. Нэгэнт гар утас монгол хүн бүрийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хөнддөг болохоор үүрэн телефоны компаниуд Монголд хамгийн шударга, нээлттэй үйлчилгээтэй байх ёстой. Сингапур мэтийн гадны улсын жишиг шиг үүрэн телефон компаниудын хувьцаа хэрэглэгч гэдэг утгаар ард түмний гарт байдаггүй ч цаашид бодлогоор гадны хөрөнгө оруулагчийг энэ салбарт оруулахгүй байхад төр анхаарах цаг ирсэн. Гадны хөрөнгө оруулагчид энэ салбарын зах зээлийн дийлэнх байдаг нь эргээд үндэсний аюулгүй байдал талаасаа аваад үзэхэд аюул дагуулахыг үгүйсгэхгүй. Манай улсын хувьд мэдээлэл, технологийн салбарт өмнө нь бэлэн биш байсан учраас анхнаас нь гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй хандсан болохоор одоо бизнест төр шууд оролцох боломжгүй нь мэдээж. Харин хэрэглэгчийн талаасаа зах зээлийн үнэд өөрчлөлт оруулах, төлбөрийг багасгах зэргийг судалгаан дээр үндэслэсэн журам, шаардлага тавих эрх бол төр, түүний хариуцсан харьяа газарт бол бий. Одоогийн байдлаар “Юнител”, “Жи-Мобайл” хоёр монгол эзэдтэй, монгол хөрөнгө оруулагчидтай гэгддэг. “Скайтел”, “Мобиком” монгол, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай.

“Мобиком” урьд нь хэрэглэгчийнхээ нууцлалыг гадагш алдаж байсан түүх бий. Өнөөдөр Монголд 9911-тэй дугаарыг хэн барьж байна. Хэн Мобигийн хэрэглэгчид голдуу байна. УИХ-ын гишүүдээсээ эхлээд томоохон компанийн захирал, дарга нар бүгд 9911, 9910-тай дугааруудын эзэд. Төр засгийн өндөрлөгүүд, бизнес эрхлэгчид Монгол Улсын хөгжлийг тодорхойлох гол хүчин болдог. Тэд бүгд л 9911 -тэй дугаартай гэж хэлэхэд алдахгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх улсын эрх ашиг хөндөгдсөн нууц болон ил далд гэрээ хэлэлцээрүүд “Мобиком”-ийн 9911, 9910 дугааруудаар явагддаг гэсэн үг болж таарна. “Мобиком” болон бусад үүрэн телефоны компаниуд хэрэглэгчийнхээ ярианы нууцлалыг чандлан хамгаалах үүрэгтэй ч гадагш алдахгүй гэх баталгаа өнөөдөр байна уу. Япон, Солонгост “Самсунг” брэндийг гаргаж ирсэн цагаас хойш иргэд нь бүгд энэ компанийг сонгож улмаар өөрсдийн үндэсний оператуудаас хувьцаа худалдаж авах болсон. Үндэсний хөрөнгө оруулагчидтай компаниуд ард түмэнд зориулсан хувьцаа гаргаад ирэхээр аандаа гар утасны төлбөр багасаад ирдэг аж. Хэрэв үнэн бол “Мобиком”, “Юнител” нэг, хоёр мянган төгрөгийн нэгжийн оронд аз нь таарсан хүнд байр, орон сууц бэлэглэж буй нь үүрэн телефоны компаниуд тодорхой өндөр ашигтай байдгийг харуулж буй юм. Хэрэглэгчийг татах арга хэдий ч нэгж худалдаж аваад байр хожих боломжтой нь нэг талаар компаниуд өндөр ашгаа ард түмэнтэйгээ хувааж болно гэдгийг харуулж байгаа үлгэр жишээ биш гэж үү.

Б.НАРАН

logo-niislel


URL:

Сэтгэгдэл бичих