14 тэрбумаар “тоглосон” гэгддэг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Сингапурт казинодсон бололтой

Монголын парламент “казиногийн хэрэг”-ээр гурван гишүүнээ шоронд хорьсон, бас гурван гишүүнээ шоронд хорих шахсан.

Тэгсэн хэрнээ илжиг модон хударгандаа дуртай гэдэг шиг, улстөрчдийн казино тоглох дуртайг нь яана. Хоригдсон, хоригдох шахсан гишүүдийн түүх тэдэнд жаахан ч болов цочроо, харин нэмэгдэх хандлагатай. Монголын улстөрд хувийн фигур, бүлэг фракцынхаа дэмжлэгээр нэр нөлөөтэй улстөрчид ч казинотой найзалдаг. Тэдний дунд УИХ-ын гишүүн ч бий, сайд нь ч бий.

ХүрэлсүхОдоо төрийн өндөр дээд албан тушаалд очоод, цаг завгүй болоод больсон байлгүй түүнээс бус, нэгэн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг сул иргэн байхдаа казиногийн төрлийн тоглоомын газраар зочилсон тухай хэвлэлийн мэдээ хааяа хааяа гардаг.

Тэдний нэг нь МАН-ын гурван гишүүн төрийн мөнгөөр казино тоглосон хэрэг. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар төрийн өмчийн “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглолцсон хэргээр удтал шалгуулсан билээ. Бүр УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхдээ хүрч байсан ч тэгэсхийгээд намжсан энэ хэргийг өдгөө зарим хүн мартсан ч зарим нэг мэдээллүүд эргэн сануулсаар байна.

Хүрэлбаатар

Тус хэргийг эргэн сануулахад анх 2007 онд “Хадгаламж” банкыг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсанаар илэрсэн. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн гэгч хувьцаа ашиглан завшсан гэдэг. Ц.Чимэдцэрэн нь МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг байсан юм.

Түүний цувчуулсан 14 тэрбумын хэрэгт тухайн үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг ч холбогдуулан шалгаж байсан. Тэднийг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ хэмээн тухайн үед сүр дуулинтай үйл явдал өрнөж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотлоогүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.

Энэ эрхмүүд 14 тэрбумын хэргээс хойш өөдөлсөн үү гэхээс уруудаагүй. У.Хүрэлсүх МАН-ын эрх мэдэлтэй генсек болж Г.Занданшатар ч түүний орыг залгасан. Харин Т.Бадамжунай намынхаа сан хөмрөг хариуцсан нарийн бичгийн дарга болж, намынхаа мөнгөн дээр эзэн сусан.

Гэвч энэ хэрэг ийнхүү бараг замхарч байхад эдгээр хүмүүсийн нэг нь шаггүй том сануулаад авлаа. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг дээ. 14 тэрбум төгрөгийг солонгосын казинод алдсан гэх эдгээр эрхэмүүдийн нэг бас л казинодож яваа сураг дуулдав.

Бүр тодруулбал саяхан УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг нам цохиж хэвлэлээр дуулиан тарьсан У.Хүрэлсүх чуулганынхаа завсарлагааныг ашиглаж сайхан амарч байгаа бололтой. Сингапурт казино эргүүлж яваа талаар нэгэн бор шувуу жиргэв. Энэ талаар нэгэн жиргээч Твиттертээ бичжээ.

Тэрбээр зүгээр ч үгүй сурсан зангаа тавилгүй Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатартай хамт явсан байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх маань харин энэ удаа хэний мөнгөөр казинодож байгаа юм бол. Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатартай хамт явж байгаа гэхэд Эрүүл мэндийн яамны мөнгөөр юм болов уу. Ямартай ч тэрбээр энэхүү сиймхийг ашиглан сайхан тоглож, тархиа амраасан сурагтай.

 

shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих