Авлигал авдаггүй гэж хэлбэл Монголчуудын “инээд хүрэх” байх

Төрийн албаны цалинг нэмэх, хөнгөлөлттэй байранд оруулах, буцалтгүй тусламжид хамруулах, тэтгэвэрт гарахаар нь гурван жил хүртэлх хугацааны цалин олгох гээд төрийн нэрэн доор их бага олон янзаар харж үзэх юм. Төрийн албаны ажилтанд хувийнхаа унаа тэргээр үйлчлэхээс аваад бэлэг сэлт өгч, хэр найр тавьж хандахаас тухайн хүний ажил бүтдэг нь нууц биш болжээ.

 

Жишээ нь газрын албаны байцаагч, мэргэжлийн хяналт, татвар, цагдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэст ажиллагчид. Энэ хүмүүс аль ч шатанд авилгал авдаггүй гэж хэлбэл монголчуудын “инээд нь хүрэх” байх. Энэ төрийн албан хаагчдад хэр хэмжээний шалгалт хийх ажил байна төдий хэмжээгээр халаас нь зузаарч байна. Энэ хүмүүст хэн хяналт тавьж байгаа юм бэ.

 

Үнэхээр чин сэтгэлээсээ ажлаа хийдэг хүн ховор байх. Эдгээр албан тушаалтнуудад байнга биш юм аа гэхэд хааяа нэг бэлэг сэлт өгч “гарыг нь хүндрүүлж” байхгүй бол энгийн иргэд “хүнд суртал” гэдгийг мэдрэх шиг л болно. Төрийн албаны ажилтан ард иргэдэд албан үүргийнхээ дагуу үйлчлэх ёстой юу аль эсвэл хүндлүүлж, гуйлгаж, “царай алдуулан” гүйлгэх ёстой юм уу? Яагаад ийм нийгэм бүрэлдэн бий болов?

Төрөөс явуулж байгаа бодлого төрийн албан хаагчдад хүрч, хувийн хэвшилд ажилладаг хүмүүст тэр бүр хүрдэггүй. Гэтэл хамгийн хүнд суртал хамгийн их авилгалын үүр уурхай төрийн албанд байна. Тэгвэл хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчдыг хэн дэмжиж тэдний амьдралд хэн анхаарал тавих вэ? Улсаас хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст анхаарал тавьж байсан уу? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.

 

Хувийн хэвшилд гэрээгээр ажилладаг, улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг бол банкнаас зээл олгохгүй Тэгвэл төрийн албанд ажиллагчдад зээл төвөггүй олгоно. Монгол Улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар иргэн ажилд орохдоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орох ёстой байдаг. Гэтэл манай улсад зарим хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд хөдөлмөрийн гэрээ хийдэггүй аман хэлбэрээр тохиролцсоноос болж иргэд хохирох нь цөөнгүй.

 

Тухайлбал цалингаа бүрэн авч чадахгүй байх, эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгаанаар цалинтай цалингүй чөлөө авах боломжгүй, хөдөлмөрийн хөлсний хэмжээ зохих журмын дагуу мөрдөгдөхгүй байх гэх мэт зөрчил дутагдал их тохиолддог. Ийм төгс биш байдлаас болж тухайн иргэн нэг байгууллагаас гарч нөгөөд орох үзэгдэл тогтмол гардаг ба үүнээс болж тогтвортой ажлын байртай байх боломжгүй болдог юм.

 

Ингээд тогтмол орлогогүй болж хувирдаг. Ингэж л хувийн хэвшилд ажиллаж байгаа ард иргэд хохирч байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд манай монгол ажилчдад хэрхэн зүй бус хандаж, доромжилж байгаа талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байсан нь цөөнгүй. Гэтэл энэ асуудлыг анхаарч, зохицуулахыг оролддог эрх мэдэлтэн манайд байхгүй гэхэд болно.
Хувийн хэвшлийн удирдлагатай тухайн орон нутгийн засаг захиргаа нь гэрээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаатай нь хамтарч ажиллах цаг нь болсон. Ажилгүй иргэдийн тоо жилээс жилд өсөөд л, ялгаварлан гадуурхал газар авсаар л байна. Мөн гадаадаас монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн албан байгууллагуудтай гэрээ хийж, монгол иргэдийн нийгмийн асуудлыг доголдуулахгүй, ажиллах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаад хяналт тавьж хамтран ажилладаг болмоор байна.
Иймд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд төрийн цогц бодлого хэрэгтэй.
Тухайлбал:

1.Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ажилд орохдоо гэрээ хийдэг байх. Энэ талын мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн сурталчилж ард иргэдийг хөдөлмөрийн хуулийн талаар зохих мэдлэгтэй болгоход бодлогоо хандуулах шаардлагатай юм.

2.Төрөөс хувийн хэвшлийнхэнтэй гэрээ хийж, гэрээний биелэлтэд тухайн газрын засаг захиргаа хяналт тавьж байх.

3.Хувийн хэвшилд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдэд төрийн албан хаагчдын эдэлдэг халамж үйлчилгээг адил тэгш оноодог байх.

4.Тогтвортой ажлын байраар хангасан хувийн хэвшлийн байгууллагыг төрөөс урамшуулдаг болгох.

5.Бүх хувийн хэвшлийн албан байгууллагад ажилдаг иргэдийг нийгмийн даатгалд хамруулах.

6.Хувийн хэвшилд олон жил ажилсан иргэдийг төрийн одон медалиар шагнаж урамшуулах гээд энэ бүх цогц ажлыг төр яаралтай эхлүүлэх цаг нь бас л иржээ.

Нийслэлийн иргэний танхим хариуцсан ажилтан, Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Г. Хажидмаа

Эх сурвалж:”Нийслэл Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих