Хотын дарга асан М.Энхболд багшийнхаа хамт иргэдийн газрыг дээрэмджээ

Сүхбаатар дүүргийн VI хо­рооны хоёрдугаар байрны ор­шин суугчид манай сонинд ханд­лаа. Ингэх болсны шалтгаан нь тус байрныхан  оршин суугчдын дун­дын өмч, нийтийн эзэмшил дэх хүүхдийн тоглоомын тал­бай, суудлын автомашины зог­соол, ногоон байгууламж, айл өрхийн амбаар байсан газраа бусдад булаалгасантай холбоо­той.  Одоогоос 11 жилийн өмнө буюу 2001 онд энэхүү дээрмийн шинжтэй газар булаалтын асуу­дал үүссэн байна.  Тухайн байрны оршин суугчид өнөөд­рийг хүрт эл 11 жил хөөцөлдөж, хэдэн ч нийслэлийн Засаг дар­гад хандсан ч  тусыг эс олжээ. Өдгөө тэнд “Машин механизм”, “Мон Энерго”,  “Авзага Трейд” ХХК зэрэг зөвшөөрөлгүй барил­га барьдагаараа алдартай нэр бүхий компаниуд орон сууцны барилга барьж, үлдсэн газарт хашаа татан хоёрдугаар байр­ны оршин суугчдыг гишгэх ч газаргүй болгожээ.

Тэндхийн оршин суугчдын хүүхдийн тоглоомын талбай, авто­машины зогсоол, хөгш­чүүдийн нарлан суух талбайг булаан байж  “Машин ме­ханизм” ХХК-иар бариулсан зургаан давхар орон сууц нь  УИХ-ын гишүүн асан н.Дами­рангийнх байж.

Засгийн газрын ордны хойд талд байрлах гурван давхар тус байрны оршин суугчид өдгөө орцноосоо нэг алхаад л автозамд хөл тавихад хүрчээ. Орон сууцны хаяаг дэрлэх шахам тавигдсан тэр замаар том, жижиг оврын авто­машинууд сүнгэнэнэ. Тиймээс хүүхэд бүү хэл, насанд хүрэгчид ч байрныхаа орцноос түгшүүртэй гэгч нь гарах болоод уджээ. Нэг ёсондоо орцны үүдийг дарах шахам тавигдсан замаар жирийлгэх авто­машинуудаас болгоом­жилсон хэрэг л дээ.

Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчдын хэлж буйгаар өдгөө тус байранд 50 гаруй айл амьдардаг. Эдгээр айлуудад сургууль, цэцэрлэгийнa насны 30 гаруй хүүхэд бий аж. Дээр нь нэмээд 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Нэг ёсондоо одоо тэндхийн оршин суугчид болоод хүүхдүүд гадаа ч гарах эрхгүй болтлоо гэрийн манаанд “хоригдох” болж. Иргэд байрныхаа гадна гарч нарлах нь бүү хэл орцныхон  үүдэнд зогсох ч газаргүй юм.  Орцны урдуур зам булаалдан давхих автомашинууд өдөр, шөнийн алинд ч оршин суугчдыг түгшээдэг байна. Чимээ, шуугиан ч ихтэй гэсэн.

Одоогоос 64 жилийн өмнө буюу 1948 онд баригдсан гурван давхар энэ орон сууцанд ихэнхдээ нэгэн үеийн хуучны сэхээтнүүд буюу өндөр настнууд аж төрдөг байна. Ийн орчны тав тух муугаас хаяахан ач, зээ нараа дагуулан салхинд гарах хөгшчүүл Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднах талбайд байрлах сандалд сууж салхилдгаа хэлж байв.

Хотын төв тэр тусмаа Засгийн газрын ордны хаяа дэрлэх шахам байрладаг уг орон сууцны эргэн тойрон өдгөө хогны цэг болж гүйцжээ. Тэр хавийн зоогийн газар, цайны газрын түрээслэгчид өглөөд босохоор орцны үүдийг дарах шахам шуудай шуудайгаар нь хог хаяад явдаг байна. Гэтэл саяхнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газар буюу Иргэдийг хүлээн авах байранд засвар хийж эхэлжээ. Ингээд нураасан хана, таазныхаа шавар, хур хогийг мөн л тухайн байрны хаяанд, айлын цонхон дор овоолжээ. Орон сууцны оршин суугчдын тавгүйтэл үүгээр дуусахгүй. Энэ их хог, тэр орчмын бохирдлоос үүдэн нэг хэсэг энэ хавийн айлууд нохойны бөөсөнд хүртэл баригджээ.

Энэ мэт Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны айлууд  олон талын дарамт шахалтан дор хорвоогийн өдөр хоногийг тухгүйхэн  өнгөрүүлсээр байна. Хотын төвд тэр тусмаа Засгийн газартай хаяа дэрлэн байрлах орон сууцны айлуудын тав тух ийн алдагдаж байхад, хотын захын хорооллын айлууд хэрхэн аж төрж буйг таах аргагүй.

Өнгөрсөн хугацаанд оршин суугчид зүгээр суугаагүй гэнэ. Булаалгасан нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаа авах гэж дээр доргүй гүйж, хөөцөлдсөний эцэст Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар нэг хэсэг газрыг хүчингүй болгуулжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулан буулгасан ч удалгүй шинээр хашаа барин оршин суугчдад тохижилт хийх боломж олгоогүй  аж. Энэ хооронд дээр дурдсан  “Машин механизм”, “Мон Энерго”,  “Авзага Трейд” ХХК-иуд оршин суугчдаас хоёр дахь удаагаа булаасан жижигхэн газраа өөрсдөд нь хамааралгүй мэтээр мэлзжээ. Гэтэл дээрх Сүхбаатар дүүргийн газрын албанаас хашааг арга хэмжээнд оруулсан зай багатай газар Нийслэлийн Засаг даргын Газрын албаны 2010 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 674 тоот тушаалаар хэрэгсэхгүй болгосон өдрөө 675 тоот тушаалаар иргэн н.Эрдэнэболдын нэр дээр шилжсэнийг олж мэджээ. Эцэстээ ийнхүү иргэдээр чулуу хөөлгөн будлиантуулсан дээрх газрын маргааныг анхлан тавьсан, тэр орчмын явган хүний замыг сүйтгэж, оршин суугчдын зам засах, орон сууцны эргэн тойрныг тохижуулахад цуглуулсан арван сая төгрөгийг завшсан хүнээр хотын дарга асан М.Энхболд нэр дурдагдаад байна. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга байхдаа ангийн багш  н.Баатарын хамт тэндхийн оршин суугчдыг хууран, мэхэлж өнөөдрийн энэ байдалтай нүүр тулгасан хүний нэг хэмээн иргэд ярьж байна. Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын багш гэгдээд буй н.Баатар нь нийслэлийн V сургуулийн захиралаар нэг хэсэгтээ ажиллаж байгаад М.Энхболдын санаачилгаар Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны СӨХ-ийн даргаар томилогдсон гэдэг. Харин одоо багш н.Баатар бүү хэл хотын дарга асан М.Энхболд ч сураг алдарсан хэмээн оршин суугчид ярина.

Оршин суугчид СӨХ-ийн дарга Д.Туулыг эрэн сурвалжилж байна

Зам дагуу байрлах Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны оршин суугчид өөр нэгэн бэрхшээлтэй нүүр тулсан нь сурталчилгааны самбар аж. Зургаан жилийн өмнө 64 жилийн настай гурван давхар хуучны энэ барилгын дээвэрт томоос том сурталчилгааны самбар хаджээ. Нурахад бэлэн шахам тэр самбарыг “Жуулчин говь” компани байрлуулаад олон жилийн нүүрийг үзсэн байна. Самбар унавал дээвэр, хуучны энэ орон сууц нурах аюултайгаас гадна хүн гэмтээх аюул нүүрлээд буйг оршин суугчид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн ч тоолгүй өнгөрчээ.

Харин өдгөө энэ самбар тус Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрны “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туулын мэдэлд шилжсэн гэнэ. Тэрбээр оршин суугчдын эсэргүүцлийг үл тоон “Бигжойн интернэйшнл” ХХК-тай тухайн самбарт сурталчилгааг байрлуулах гэрээ байгуулжээ. Самбарт сурталчилгаа байрлуулах түрээсний гурван сарын мөнгө 1.050.000 төгрөгийг ч хувьдаа авдаг болж. Одоогийн байдлаар энэ самбарт ямар нэгэн сурталчилгаа өлгөгдөөгүй байна лээ.  Харин “Эхлэл II” СӨХ-ны дарга Д.Туул утасныхаа дугаарыг тавьж, самбар түрээслэх зар хадаад ор сураггүй алга болжээ. Утас руу нь холбогдохоор дуудаж буй ч хариу өгдөггүй аж.  Хэдий СӨХ-ны дарга Д.Туул оршин суугчдаас зайгаа аваад буй ч   Сүхбаатар дүүргийн VI хорооны хоёрдугаар байрныхан түүнийг эрэн сурвалжлах ажиллагаагаа явуулсаар байна.

Ч.Оргил

logo-niislel


URL:

Сэтгэгдэл бичих