Засгийн газар хямралд бэлэн үү?

Сонгуулийн жилийн төсвийн тодот­­го­лын орлого, зарлагын зөрүү 780 гаруй тэрбум төгрөг буюу дотоо­дын нийт бүтээгдэхүүний 4,8 хувьтай тэнцэх болов. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт үндсэндээ зогсч, уул уурхайн эдийн засгийн “голланд” өвчин сэдрэх цагаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасраад байна. Харин энэ бүхний цаад шалтгаан нь шинэ Засгийн газар салгаж, ний­лүүл­сэн яамны сайдуудынхаа захи­ран зарцуулах эрхийг дахин хуваа­­ри­­лах зорилго өвөртөлж байж. Энэ нь ч “ногоон гэрэл”-ээр дуу нэгтэй батал­сан төсвийн тодотголоос нь бэлх­нээ харагдаж буй юм. Тийм ч учраас  10-аад замаар салаалж од­сон эрээвэр, хураавар фракциуд нь албан тушаалын хувь тэнцүүлэх их аж­лын­хаа ард гарч, өнгөрөгч долоо хоногт дэд сайд нараа томилж дууслаа.

Зүй нь энэ удаагийн ялалтыг хаягласан намынхан аль 1996 оноос хойш “өлсгөлөн” суусан Фракциу­дын­хаа хоосон ходоодыг ийнхүү татвар төлөгчдийн хөлсөөр мялаах болов. Гэтэл бодит байдал дээр гадаад, до­тоодод хямрал нүүрлэн төсвийн ал­дагдал ихэсч байхад зарлагаа, ядаж л орлогоо багассан хэмжээгээр танаж, алдагдлаа өсгөхгүй байх учиртай. Цаашлаад, аль болох валютын нөө­цөө нэмэх тал дээр арга хэмжээ авахыг цаг үе шаардаж байна. Гэтэл шинэ Засгийн газар энэ бүхний эсрэг үйлдэл хийх болов. Наанадаж л, дэр нэгтгэсэн сэтэртнүүддээ хэдийг хуваахаа талцаж, хэрхэн захиран зарцуулахаа өөрчилснөөс бус хаанаас, яаж энэ хөрөнгийг олох, ямар аргаар хэмнэх, хямралтай яаж тэмцэх, хэдийг нөөцлөх тухай огт ярьсан­гүй. Харин ч төрийн бүтцийг данхайлгаж, түмний хоолноос хумслах болов.

Гэхдээ энэ бүхэнд “цэвэрхэн” гэгч нь хариулт бэлдэж сууна. Нэг үгээр, фракц дундынхаа албан тушаал юүлэх их лайг төрийн албаныханд оноож буй юм байх. Албаны мэдээллээр яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 500 хүнийг үүрэгт ажлаас нь цомхотгох болж байгаа. Тэгэхээр гүйцэтгэх засаглалд багтсан цагаан захтнуудын амьдрал чухал. Харин жирийн албан хаагчдын ахуй шинэ танхимынханд хамаагүй болж байна. Хэдийгээр хямралын жил байлаа гээд төсвөө хумих бус ажлын байр, эдийн засгийн бүтцээ хадгалж үлдэх нь хамгийн чухал. Тэгж гэмээнэ хямралыг хохирол багатай давахад сайнаар нөлөөлнө. Гэвч АН-ынхан өндөр сэнтий мөрөөдсөн луухгарууддаа сайдын суудал тусгайлан засч, жирийн албан хаагчдын тоог хасч бууруулж тэнцүүлж эхэллээ. Энэ төлөвлөгөө нь “хөшигний цаана” тэднийг нийгэмд хэлэх үгтэй байлгах нь. Учир нь тө­рийн бүтцийг данхайлгахгүйн тулд орон тооны цомхтгол явуулсан уу, явуул­­сан. Төрийн албан хаагчдын тоог цөөлсөн үү, цөөрүүлсэн. Гэвч энэ бүх­ний эцсийн үр дүн нь хэний талд өгөөж­­­тэй байх нь тодорхой харагдаж бай­на.

Нөгөөтэйгүүр, энэ он гарснаас хойш Евро бүсийн өрийн хямрал даамжирч, бүс нутгийн тэр дундаа Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн. Үүнтэй уялдан гадаад секторын эрсдэлийн нөхцөл байдлыг дахин үнэлэх, бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн төлөв хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн хямралын эсрэг авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар санал зөвлөмж төлөвлөгөө боловсруулах шаардлага урган гарч буй. Зүй нь Хятадын гадаад худалдааны гол түнш Евро бүсийн хямрал нь манай урд хөршийн экспортын эрэлтийг бууруулсаар байгаа юм. Энэ нь гадаад худалдааны сувгаар Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс манай улсаас БНХАУ-д экспортлодог уул уурхайн бүтээг­дэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын хэмжээг бууруулж, бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ хямдарч, манайд орох ашиг орло­гыг багасгаж байгаа нь үнэхээр ан­хаарал хандуулах асуудал болсон. Гэвч энэ бүхэнд Засгийн газар таг чиг. Ядаж байхад Тавантолгойн гэрээтэй хол­боотойгоор 980 тэрбум төгрөгийн орлого төсөвт сох дутаад байдаг. Тодруулбал, гарын үсэг зурсан 490, урьдчилгаа төлбөрийн 460, нийтдээ нэг их наяд төгрөг энэ гэрээтэй хол¬боо¬тойгоор дутах болсон. Мөн дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ унаж байгаатай холбогдуулан төсөвт тодорхой хэмжээнд суух ёстой мөнгө ч дутаад байгаа. Тиймээс  Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил бол уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох явдал. Өөрөөр хэлбэл, манай улсын уул уурхайн салбарт тулгамдаж буй асууд­лын   нэгдүгээрт, төрийн бод­ло­гын асуудал орж байна. Энэ сал­ба­рын хууль эрх зүйн орчны тогт­вор­той байдлын эх үүсвэр нь эрдэс баял­гийн талаар төрөөс баримтлах бодлого юм. Гэтэл бодлогын баримт бичиг хоёр ч УИХ-ын нүүр үзэж, өнөөд­­рийг хүртэл батлагдсангүй.

Түүнчлэн Тогтворжуулалтын санд гэхэд 221 тэрбум орлого дутаж, экс­пор­тын барааны нийлүүлэлт багассан. Жишээлбэл, манай улс 20-иод сая тонн нүүрс экпортлох боломжтой байгаа. Гэтэл 31 сая тонн нүүрс экспортлоно гэж үзэж байсан. Энэ хэмжээгээр төлөвлөж байсан орлогууд дутаж буй. Мөн импортын хэмжээ буурсан. Энэ нь импортоос орж ирнэ гэж тооцож байсан орлогын хэмжээ 1,6 тэрбум ам.доллараар бууруулж байгаа. Үүнээс шалтгаалан импортын НӨАТ 57 тэрбум орчмоор, гаалийн татвар 26 тэрбум орчим төгрөгөөр буурч байгаа юм. Гэвч бодит байдал ийм байхад төсвийн алдагдлаа гадаадын зах зээлд бонд гарган зээлэх, албан татваруудаа нэмэгдүүлэх замаар нөхөхөөр танхимынхан шийджээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг чирч яваа гадаадын компаниудын үйл ажиллагааг зогсоох бодлого баримталж байгаа нь цаг үеэ мэдэрсэн зөв алхам мөн гэж үү.

О.МӨРӨН

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих