Барилгын компаниудын “хазаар”-ыг хэн татах эрхтэй вэ
“Нийслэлийн хэмжээнд баригдаж буй 500 гаруй барилга мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдсан. Үүний 79 нь их, бага хэмжээний зөрчилтэй байна” хэмээн албаны хүн хэллээ. Улмаар шалгалтын бүрэлдэхүүн ням гаригт дээрх барилгуудын зөрчлийг олон нийтэд зарлаж хэний ямар нэртэй компани, хэнээр барилга бариулж байгаа гэдгийг илчилнэ гэж байв. Гэтэл МХЕГ-ын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учраас дээрх зөрчлийн тухай мэдээлэл өгөхийг хэд хоногоор хойшлуулжээ.
Түүнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албан ажлаа муу хийснээс болж барилгын салбарт аюул нүүрлээд байна хэмээн нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох байгууллага, эрх бүхий хүмүүс буруутгаж байгаа. Буруутгаад ч зогссонгүй үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Харин Р.Содхүү дарга хэлэхдээ “Манай байгууллага төрөөс өгсөн чиг үүргийн дагуу, иргэдээс ирсэн гомдлын мөрөөр шалгадаг. Мөн төлөвлөгөөт шалгалтыг хийдэг.
Харин бид шалгалтын явцад зөрчил илэрвэл хуульд заасны дагуу түр зогсоох акт үйлдэж, торгууль ногдуулаад хуулийн байгууллагад шилжүүлдэг. Бид зөвхөн дүгнэлт гаргадаг. Засаг дарга нар болон газрын зөвшөөрөл олгодог эрх бүхий хүмүүс хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, ажлаа хийх хэрэгтэй. Хариуцлага ч хүлээх ёстой” гээд байгаа. “Ер нь хуулиар хүлээсэн үүргээ хэн нь биелүүлээгүй юм бэ.
Үүнийг шударгаар олж тогтоох эрх зүйн орчин манайд байхгүй гэж үү” хэмээн хэн хүнгүй эргэлзэж, төрд итгэх итгэл нь алдарч байна. Эцэст нь албаны хүмүүс иргэдэд “Барилга барих чадваргүй тухайн барилгын компанид эрх өгсөн, газар олгосон, зургийг нь баталсан, техникийн аюулгүй ажиллагааг нь хянасан эрх бүхий хүмүүст хүний амь эрсдэх нь ямар ч хамааралгүй” гэдгийг ойлгуулав.
Харин дээрх мэт 10 гаруй байгууллага тухайн компанид зөвшөөрөл өгсөн байхад барилгын ажлыг нь эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг хэмээн өөрсдийгөө өмөөрдөг мэргэжлийн хяналтынхан буруутай гэдгийг онцлов. Тэгвэл яагаад дээрх байгууллагууд анхнаасаа хууль бус газарт, хууль бус этгээдэд, стандартын бус барилга барих эрх олгов гэдэг нь гайхалтай. Нөгөө талаар тухайн орон нутгийн засаг захиргаанаас газрын болон барилгын зөвшөөрөл олгосныхоо дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нь мөрдүүлэхэд анхаарал хандуулах ёстой гэсэн хуулийн заалт ч байдаг юм билээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-т “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, байгууллагын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах. 8.2.1-т “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх” гэж заажээ.
Мөн Газрын тухай хуулийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн газраа чөлөөлөх үүрэгтэй гэж заасан. Улмаар үүргээ хэрэгжүүлэхгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай тодорхой хуульчилсан байна. Харин мэргэжлийн хяналтынхан тухайн барилгад шалгалт хийж зөрчлийг нь тогтоогоод дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох эрх бүхий дээд шатны байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэдэг.
Энэ талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд тодорхой заажээ. Уг хуулийн 10.9.8-д зааснаар “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэсэн байна.
10.9.9-д “Ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдол болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэжээ. Гэтэл үүний мөрөөр шүүхийн байгууллага тухайн компанид хариуцлага тооцох ёстой атал чимээгүй өнгөрдөг байна. Тиймээс хуулийн байгууллага хариуцлага тооцохгүй болохоор мэргэжлийн хяналтынхны тогтоосон акт талаар болж барилгын ажил үргэлжлэх нь энгийн үзэгдэл болсон. Өнгөрсөн хугацаанд хүний амь эрсэдсэн барилгын олонхид нь мэргэжлийн хяналтаас “зөрчилтэй” хэмээн акт тогтоосон юм билээ.
Харамсалтай нь тэд “Мэргэжлийн хяналтынхан торгож, түр хугацаагаар хаахаас илүү зүйл хийх биш” хэмээн авирладаг нь нууц биш. Эл байдлыг нэхэн шалгаагүй, тэдэнд хариуцлага тооцох ёстой шүүхийн байгууллагыг шаардаагүй гэдгээрээ мэргэжлийн хяналтынхан бурууддаг юм болов уу. Уг нь Р.Содхүү дарга “Жинхэнэ буруутай эзнийг олж тогтооно. Хуулиа биелүүлдэггүй эрх бүхий хүмүүст хуулийг нь сануулна. Хариуцлага хүлээлгэнэ” хэмээж хоёр сарын хугацаатай онцгой нөхцөлийн шалгалт хийх тушаал гаргаад байсан.
Гэтэл түүнийг ажлаас нь чөлөөлчихлөө. Тэрбээр анх тухайн компанид газар өгсөн Засаг дарга болон Газрын албаны холбогдох этгээдийг олж тогтоогоод зогсохгүй Барилга, хот байгуулалтын яамтай ч хатуухан ярихаа мэдэгдээд байсан. Хэрэв мэргэжлийн хяналт буруутай бол бүх барилгыг хяналттай байлгахын тулд байцаагчийн орон тоог нэмэх шаардлагатай. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 20 байцаагч ажиллаад өдөр бүр хянаад зогсох боломжгүйгээ тэд хэлсэн. Уг нь барилгынхан ч өөрсдөө хуульд заасны дагуу дотоод хяналттай байх ёстой.
Төрийн мэргэжлийн хяналтад хууль хэрэгжүүлэгчид өөрсдөө хамрагдаж нэгдэх учиртай гэсэн олон улсын томьёолол ч бий. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилга барих, техник технологи гаднаас оруулж ирэх гэж байгаа бол мэргэжлийн хяналтдаа өөрийнхөө бүх материалыг аваачиж өгөөд хуулиар хүлээсэн үүргээрээ хяналтад ордог.
Дотоод хяналтгүй болон аюулгүй байдлыг хангаагүйгээс хүний амь нас эрсэдвэл байгууллага өөрөө хариуцлага хүлээх хуультай. Мэргэжлийн хяналтын нэг байцаагч “Биднийг буруутгаж байгаа нь өрөөсгөл. Автозам дээр машин мөргөлдөж хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохирход ЗЦГ-ынханд хариуцлага хүлээлгэдэггүй биз дээ” гэсэн. Үүнийг бас адилтгаж болох л асуудал мэт. Ер нь холбогдох хуулиудад мөрдөх ёстой эрх үүргийг нь тодорхой заасан ч тэд шагайж хардаггүй бололтой.
Өөр хоорондоо бурууг шидэлцэж байх хооронд эрдэнэт хүний амь дахиад эрсдэх вий гэсэн айдас нийгэмд бугшиж байна. Барилгын салбарынханд хууль, журам мөрдүүлээгүйд мэргэжлийн хяналт, нийслэл хоёрын хэн нь буруутай юм бол. Түүнчлэн зөвшөөрөлгүй барилгын компаниудын “хазаар”-ыг хэн татах эрхтэй вэ.
М.НАРАНБОЛД
UNEN
URL: