“Женко” Х.Баттулга МИАТ-ыг хувьчилж авах санаархалтай сурагтай

Зураач, тамирчин, жирийн бизнесмэнээс УИХ-ын гишүүн, төрийн сайд болтлоо дэвшсэн Х.Баттулга Монголдоо хөрөнгөөрөө эхний тавдугаарт ордог. Түүний намтарт 17 чингэлэг спиртийн хэрэг хараар бичигдэн үлдсэн байдаг. “Баянгол” зочид буудал, “Мах Импекс” ХК, “Талх чихэр” ХХК, “Женко” ХХК, түүний охин компаниуд гээд олон бизнес түүнд бий. Гэхдээ Х.Баттулгын өөрийн болгосон бизнес бүр цэвэрхэн байсан уу гэвэл бас “но”-той.

 
УИХ 1999 оны долдугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах Импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны наймдугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авсан байдаг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон ч УИХ-аар хэлэлцээгүй. Үүний ард Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн өндөр албан тушаалтнууд байсан гэж яригддаг. Х.Баттулга “Мах Импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруйхан тэрбумаар хувьчилж авсан байна.

 
Х.Баттулга БНСУ-ын “Номаранг”-ийн мөнгөнөөс “Мах Импекс” компанийхаа болон “Аранзал”, “Пирамид” гэх мэт компаниудаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан гэж үздэг. “Номаранг” корпорациас түүнийг өрөө яаралтай төлөхийг шаардсаар байсан юм. Харин Х.Баттулгын “Номаранг”-тай холбоотой гэх дуулиан хэрхэн шийдэгдсэн нь одоо болтол тодорхойгүй.

 
Сонгуулийн өмнө Ардчилсан нам доторх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гаарсан үед тэрбээр “Алтан гадас” фракцын гол санхүүжүүлэгчдийн нэг АПУ-гийн Г.Батхүүтэй мөчөөрхөж архины эсрэг бодлого явуулсан. Мөн түүний нэр дэвшин ялалт байгуулсан Баянхонгорт “MSC”-ийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нэр дэвших магадлал өндөр байв. Л.Элдэв-Очир “MCS” группын охин компани “Спирт бал бурам” ХХК-ийг хариуцаж ажилладаг аж.

 

Гэвч энэ бүхний цаана түүний хамгийн том сонирхол нуугдаж байв. Энэ бол “Black Morgan Inc”. Тус компани нь Монголын архины импортын зах зээлийг үндсэндээ хянадаг бөгөөд “Heineken”, “Grey Goose”, “Cuervo”, “1800 Tequila” , “SKYY”, “Campari”, “Bacardi”, “Bombay Sapphire”, “Cinzano”, “Bollinger”, “Martini” зэрэг согтууруулах ундаа, дарс оруулж ирэн Монголын зах зээлд нийлүүлдэг байна. “Black Morgan Inc”-ийн Монгол дахь хамтрагч “The Black Morgan Group”-ээс “Женко” групп 100 хувийн хувьцаа эзэмшиж эхлэхэд буюу 2009 оны нэгдүгээр сарын 1-нд тус компани байгуулагдаж байжээ. Нэг ёсондоо “Black Morgan Inc” нь “Женко” группын охин компани гэсэн үг юм.

 
Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Хятадуудтай нууцаар гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээн мэлзэж Хууль зүйн экс сайдыг шүүхэд өгч байсан. Ц.Нямдорж эргээд түүнийг шүүхэд өгсөн. Гэхдээ Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг. Тэгэхээр энд ямар нэг юм явагдсан л гэсэн үг. Түүнийг Ц.Нямдорж ямар мэдэхгүй байв л гэж.

 
Дээрх бүхнийг дурдаад байгаа учир, тэр л Х.Баттулга гэгч нөхөр одоо бүр “томрохыг” хүсч. Яг өнөө цагийн онилцихоод байгаа бай нь МИАТ. Энэ л том айлыг хувийн болгохоор санаархаж байна. Энэ хүслээ, зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хэрэглэгдэх гол албан тушаалуудад салбарын сайд байх үедээ өөрийн хүмүүсээ байршуулсан. МИАТ компани нэг л өдөр Х.Баттулгын хувийнх болчихвол та битгий гайхаарай. Яагаад гэвэл Женко хүрнэ гэсэндээ хүрч, авна гэснээ авч байж салдаг эр. Тэр Н.Алтанхуягийн оронд нэг хэсэг АН-ын дарга болно гэж янз бүрээр үзсэн. Тэгвэл Ерөнхий сайд болж, бүхнийг өөрийнхөө хүслээр хийж болно гэж тооцсон. Ганцхан үүндээ л хүрээгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих