Хэн бүхний сайн мэдэх Гэсэр сүмийг зорих мөргөлчин олны хөл тасрахгүй. Харин тэр дотор эрдэм номын үйлд шамдан суугаа бяцхан банди нар суралцдаг талаар тийм ч олон хүн мэдэхгүй байх.Гэсэр сүмийн дотор шашны сургалттай 112-р сургууль нээгдээд хорин хоёр жилийн нүүрийг үзэж байгаа ч хүмүүсийн анхаарлаас холхон байдаг. Энэ сургууль анх лам, банди нарт ерөнхий эрдмийн боловсрол олгох зорилготой 1990 онд үүд хаалгаа нээн өдгөө ч энэ л байрандаа ариун номын мөр хөөсөн бяцхан банди нарт эрдэм мэдлэгийг түгээсээр байна.
1912 онд баригдсан Гэсэр сүмийн хоёр байранд сургуулийн анги танхим байрлана.
Гаднаас харахад түүхийн дурсгалт байшин бололтой гэмээр энэ байшинд лам улаан дээлтэй банди нар хичээллэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө ”Энэ байранд цаашид сургууль байх боломжгүй, зөвхөн хурал номын зориулалттай” гэсэн Мэргэжлийн Хяналтын газрын тогтоол гарсан ч өөр байрлах байргүй учир энэ л байрандаа үргэлжлүүлэн хичээллэж байна. Харин байрыг засаж тохижуулан сайжруулах гэхээр түүхийн дурсгалт газар учир хамаагүй сэргээн засаж, өөрчилж болдоггүй байна. Энэ мэтчилэн тэдэнд тохиолдсон бэрхшээл их.Тухайлбал сургууль дотроо боловсон бие засах газаргүй. Та бидний хэлдгээр эрүүл мэндийн . шаардлага хангахгүй нурж унах шахсан модон жорлонтой. Хазайж далийсан модон жорлонгийн хажууд хогийн цэг нь байрлана.Сүмийн ардхан хэсэгт боловсон ариун цэврийн газар барих ажил гурван жилийн өмнө эхэлсэн ч одоог болтол ашиглалтанд ороогүй л байна.
Ариун цэврийн газар барих төсвийг Гандан Тэгчилэн хийдээс төсөвлөн бариулахаар болсон ч барих хүмүүс нь ажлаа дуусгаагүй дээрээс нь холболтын шугам ашиглалтанд ороогүйгээс хойшилсоор энэ гурван жилийн нүүрийг үзжээ
“Уг нь боловсон жорлон ашиглалтанд оруулчихвал эмэгтэй сурагч нарыг ч бас сургуульдаа авмаар байдаг. Гэвч ийм нөхцөлтэй байж яаж айлын охин хүүхдийг сургана гээд авах вэ дээ” хэмээн багш нар ярьж байв.
Үүнээс гадна сургуульд өөрийн гэсэн биеийн тамирын заал, мэдээлэл зүйн тэнхим зэрэг арван нэгэн жилийн боловсрол олгодог сургуульд байдаг анги танхим, кабинет байдаггүй талаар энд суралцдаг банди нар ам уралдан хэлж байлаа. Аргагүй шүү дээ өнөөгийн мэдээлэл холбоо хөгжсөн нийгэмд тэд ч бас өөрсдийн гэсэн мэдээлэл зүйн тэнхимээс дэлхий ертөнцтэй холбогдож мэдээлэл авахыг хүсэж байгаа нь тодорхой.
Урин дулааны цагт гадаа биеийн тамирын хичээлээ оруулдаг. Харин өвөл болоход бараг л ордоггүй дээ. Хааяа нэг өөр сургуулийн заал түрээслэж ордог. Тэгэхдээ биеийн тамирын хичээл ч гэж дээ бид хэд ингээд л сагс тоглож байна гээд шороон дунд самбар дээр зоосон цагирганд бөмбөг шидэж байгаа хэдэн банди нар хэллээ. Эдний тоглож байгааг харахад Гэсэр сүм байгуулагдаж байсан тэртээх 1921 он өөрийн эрхгүй санаанд орно.
Захирал багш намайг дагуулан хичээл ордог анги танхимаар орлоо. Умгархан, харанхуй, чийг үнэртсэн анги танхимд эндхийн хүүхдүүд суралцдаг бололтой. Аргагүй л түүхийн дурсгалт газар шүү дээ. Нурж унах дөхсөн энэ умгархан шавар байшинд ирээдүйн лам хуваргууд суралцаж байна. Энэ бол яав ч хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин биш гэлтэй.
Дуган дотор байрлах ч бас сайн, муу талтай гэж сургуулийн зүгээс хэлж байна. Уг нь бурхан шашиндаа ойр дээд үеийнхэнээсээ хараад суралцах зүйл олонтой. Гэвч нөгөө талаасаа сүсэгтэн олон ном уншуулаад сүүний дээж, архины сэржэмээ өргөдөг. Уг нь хүүхдийн сурах орчин архи, тамхигүй, эрүүл аюулгүй орчин байх ёстой. Тэр нь энэ хавиар дүүрэн үнэртэнэ. Гэвч холдоод явах боломжгүйгээс хойно яая гэхэд дээ хэмээж байв.
Мөн Гэсэр сүм яг дөрвөн замын уулзвар дээр байрладаг. Гараад л хэдхэн алхаад машин зам. Энд суралцдаг арван хоёроос арван найман насны зуун найман хүүхэд хичээлдээ ирэхдээ, хичээлээ тараад зам тээврийн осолд өртөхгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Чингэлтэй дүүргийн цагдаатай хамтран замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг оруулдаг аж. Гэвч энэ хангалтгүй гэнэ.
Энэ мэтчилэн эдний сургуулийн тулгамдсан асуудлуудыг тоочоод байвал дуусахгүй. Энд суралцдаг хүүхдүүдийн дийлэнх хувь нь хотын алслагдсан хэсгүүдээс өглөө найман цагтай уралдан хичээлдээ ирдэг. Био кабинат, Улиастай, Яармаг, Зүүн салаанаас гээд л. Тиймээс айлын олон хүүхдийг аюулгүй тав тухтай сургахын тулд дотуур байртай болвол зүгээр санагдаж байсныг нуух юун.
Үнэнийг хэлэхэд зөвхөн банди на рч биш энд ажилладаг багш нар ч бас хэцүү орчинд ажиллаж байна.
Ажиллах нөхцөлөө бодвол өөр газар ажиллаж болно л доо. Тэгэхдээ ариун номын мөр хөөсөн энэ олон хүүхдийг орхиод явах тийм сэтгэл бидэнд байдаггүй юм гэж тэд хэлж байна. Улсын төсвөөр санхүүждэг сургууль болохоор уг нь санхүүжилт ирнэ. Тэгэхдээ сургуульд цөөн хүүхэд суралцдаг болохоор орж ирсэн санхүүжилт нь хэдэн багш нарынхаа цалинд арай л гэж хүргэдэг гэнэ. Харин Гандан Тэгчилэн хийдээс засвар, ном, сурах бичиг, дулаан цахилгааны мөнгөөр тусалдаг юм байна. Тэгэхгүй бол улсын мөнгө хаана аа ч хүрдэггүй юм байна. Энэ жил л гэхэд улсын төсвөөс 168.000 төгрөг урсгал засварт төсөвлөжээ. Зуу гаран хүүхэд суралцдаг зургаан ангийг засахад энэ мөнгө яаж ч хүрэх билээ дээ…
Сургуулийн захиргаанаас шинээр сургууль бариулах төслөө бичиж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тавьсан гэнэ. Гэвч сайд дангаараа шийдэх боломжгүй учир Барилга Хөрөнгө оруулалтын газар ханд гэсэн хариуг өгчээ.
Сургуулийн захиргааныхан “Уг нь гурван давхар арван танхим, номын сан, цайны газар, биеийн тамирын заал, зан үйлийн танхимууд, ерөнхий эрдмийн хичээлийн танхимуудтай. Бас хажуудаа дотуур байртай болчихвол болох гээдл байна. Уг нь залгамж халаа нь юм чинь Гандантай ойр байвал зүгээр юм шиг санагдах юм. Тэгэхдээ тэнд газар олно гэдэг хэцүү болохоор хаана таарсан газраа л ядахдаа сургуулийн барилгыг бариулмаар байна” гэж гэцгээж байв.
Мэдээж тэдэнд энэ хэмжээний сургууль барих хөрөнгө мөнгө байхгүй учир гаднаас, төр засгаасаа тусламж хүсэн сууна.
Монголдоо шашны гэх тодотголтой, банди хүүхдүүдэд ерөнхий эрдмийн боловсрол заадаг цорын ганц сургууль бол 112-р сургууль. Шарын шашны олон зуун жилийн түүхтэй манай улсын ганц шашны харъяалалтай сургууль нь өнөөдөр ийм л байдалтай байна.
Чадалтай боломжтой айлын хүүхдүүд нь хэдэн саяар тоологдох төлбөртэй сургуульд сурч байхад ариун номын үйлд шамдсан энэ хүүхдүүдэд шинэ сургууль бариад өгөхсөн дөө. Тэдний суралцах орчин түүхийн дурсгалт байшин биш, шинэхэн хичээлийн байр байх талаар анхаарах цаг болжээ.
Э.Хулан www.times.mn
Timesmn |