Ховд, Баян-Өлгийн алим нийслэлд нийлүүлэгддэггүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Учир нь сүүлийн үед гадуур, гудамж, талбайд алим зарах хүн олширсон бөгөөд үүнийг “Монгол алим” гэж тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр нь худалдагч нарын хэлдэгчлэн Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул аймгаас алим ирдэггүй аж. ШӨХТГ-ын мэдээлж буйгаар алимны тариалалтын 90 гаруй хувийг Баян-Өлгий аймаг хангаж, Ховд аймгийн Булган сум хоёр тонн орчим ургац хураасан ч эдгээр нь Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэгддэггүй, тээвэрлэх бололцоо ч байхгүй гэнэ.
Харин есдүгээр сарын 15-ны байдлаар гадаадаас 2114 тн алим орж ирсэн бөгөөд үүний 1524 тн-ыг нь БНХАУ-аас импортолжээ. Гол нь үүний 36.3 хувь болох 554 тн алимыг зөвхөн сүүлийн 14 хоногт оруулж иржээ.
Ийнхүү алимны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь жимсний худалдаачид бүтээгдэхүүнээ борлуулах янз бүрийн арга хэрэглэхэд нөлөөлсөн бөгөөд Улаанбаатар хотын гудамж, талбайд “Монгол алим”, “Ховдын Булганы алим” хэмээн нэрлэн худалдаалж байгаа алим нь Монголын хөрсөнд ургаагүй, БНХАУ-аас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: