“Цаст констракшн”-ын цаана хэн байна?
Есдүгээр сар гарсаар барилгын салбарынхны буруутай үйл ажиллагаанаас болж гурван хүн амь эрсдэж, дөрвөн ч хүн эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ нь барилгын салбарт болж бүтэхгүй байгаа бүхэн эцэс сүүлдээ тэсэрч буйн эхлэл. Цаашдаа нэг хоёроороо бус бөөн бөөнөөрөө зөвшөөрөлгүй баригдсан барилгад даруулж үхэж магадгүй болоод байна. Сохор зоосны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахаа больсон барилгын салбар энэ жил болохоо байчихсан юм биш. Их удаан жил бохир нь хуралдсаар байгаад эцэс хойноо ийнхүү савнаасаа хальж буй хэрэг. Энэ бүхэн ганцхан барилгынхантай ч холбоотой биш байх. Тэдэнд зөвшөөрөл өгдөг, хууль бус үйл ажиллагааг нь дэмждэг, хэдэн халтар цааснаас төрийн албан тушаалыг худалддаг нөхдүүд ч буруутай юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтыг гаргасан. Гэхдээ энэ жагсаалтад итгэж, нийслэлд 79 барилга л зөвшөөрөлгүй баригдаж байна гэж бодох хэрэггүй. Учир нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өмнөхөн усан оргилуур барина гэж хэлчихээд 10-аад давхар үйлчилгээний барилга барьж байгааг тэд мэдээгүй байсан. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын мэдээгүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад өнгөрсөн, мэдэх эрхгүй хичнээн барилга зөвшөөрөлгүй баригдаж буйг хэлэх аргагүй байна. Эрх мэдэл, ар талдаа дулдуйдан төрийн албан хаагчдын мөнгөөр худалдан аваад сурчихсан нөхдүүд хууль бусаар юу ч хийсэн болно гэсэн ойлголттой бололтой. Тэдний нэг нь “Цаст импекс” компани. Тус компани Сүхбаатар дүүргийн III хороо Нарны зам дагуу “Residence” гэсэн чамин нэртэй тансаг барилга барьж буй. Анхнаасаа л айлын газраас хулгайлсан хэрэгт унаж, бөөн хэл ам болсон тус барилга хэзээ хэний аминд хүрэх бол гэсэн айдас тэндэхийн оршин суугчдад байна. Алга дарамхан газарт 10 давхар орон сууц барьж болохгүй гэж албаны хүмүүс анхааруулсаар байтал тэдний шийдвэрийг нохой хуцахын дайтай үл тоож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон “Цаст”-ын цаана хэн байгаа болоод ийм дураараа аашилж буй хэрэг вэ.
Мэргэжлийн хяналтынхан “Цаст”-ынхныг газар шороо, барилгын ажил гүйцэтгэх явцдаа “Монгол эм импекс” компанийн агуулахын барилгад гэмтэл учруулсан, барилгын зураг төсөв батлагдаагүй, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоогүй байхад ажлаа эхэлсэн гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоохыг удаа дараа шаардсан ч ажлаа үргэлжлүүлсээр өнөөг хүрчээ. Хүний газраас дээрэмдэж, зөвшөөрөлгүйгээр, чанаргүй барилга барьчихаад тэгээд бас болоогүй захиалга аваад эхэлсэн байна. Түүнчлэн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрынхан өнгөрсөн онд дээрх газар барилга барих зөвшөөрөл олгоогүй тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн ч “Цаст констракшн”-ын эзэд огт тоосонгүйгээр барахгүй тус байгууллагад барилгын ажлаа зогсоох шийдвэрийг удаа дараа өгсөн хотын Ерөнхий архитекторын өмнөөс салаавч өгөөд л өнгөрсөн бололтой юм.
Тансаг зэрэглэлийн орон сууц барина хэмээн мөнгө цагаан нүд улаан болсон “Цаст”-ынхан “Монгол глобал”, “Монгол эм импекс” хоёрын газраас ил шулуухан дээрэмдэж байшингаа барих болсон нь тус компанийн ард том “ТҮЗ” байна уу гэсэн хардлага ч төрүүлээд байгаа. Тиймгүйсэн бол холбогдох газруудын шийдвэрийг уландаа гишгээд урагшаа зүтгэж чадахгүй байсан шүү дээ. Хотын дарга асан Г.Мөнхбаяр газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст констракшн” үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр л байж.
Өнгөрсөн хугацаанд “Монгол глобал”, “Монгол эм импекс” зүгээс “Цаст констракшн”-ыг шүүхэд өгсөн ч дархан эрхтэй даварсан “Цаст”-ыг буулгаж авч чадаагүй байна. Тэгэхээр “Цаст”-ын цаана хотын даргаас том эрх мэдэлтэй нөхөр байна гэсэн үг юм.
Нэг нь дээрэмдэж, нөгөө нь дээрэмдүүлсэн гэх уг маргаан өнөө хүртэл үргэлжилж, энэхүү маргаан үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл “Цаст”-ын зөвшөөрөлгүй барьсан барилгаа хэзээ, хэн гээч хүний аминд хүрчих бол гэсэн түгшүүр иргэдийн дунд байгааг эрхэм хотын дарга анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу. Иймэрхүү дураараа аашилсан, эрх мэдэл, хөрөнгө мөнгөндөө эрдсэн хүний амийг сохор зоосноос дор үнэлдэг нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулахгүй бол барилгын салбарт идээлсэн, бугшсан олон жилийн хууль бус үйл ажиллагаанаас болж үнэр орж муудсан гажиг тогтолцоо амь бөхтэй байсаар л байх болов уу. Нэг хүний хөрөнгө мөнгө, нийтийн эрх ашгаас хэзээ ч дээгүүрт тавигдах ёсгүй юм.
“Цаст”-ын цаана хэн байгаа болоод иргэдийн эрх ашиг ингэтлээ бусдын уланд гишгэгдэнэ вэ. Цаашдаа ч “Цаст констракшн”-ын асуудал хэрхэн шийдэгдэхийг бид үргэжлүүлэн мэдээлэх болно.
Ж.ЭРХЭС
URL: