Д.Очирбат: Яагаад МАН-ын нэр хүнд ингэж шалдаа буучихав аа

УИХ-ын гишүүн асан Д.Очирбаттай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн ИТХ-д юу болоод байгаа юм бэ?

-Өнгөрсөн сонлиар манай нам ялалт байгуулж чадаагүй. Тиймээс намын удирдлагууд хариуцлага хүлээж огцорлоо. Нийслэлийн намын хорооны дарга ч ажлаа өгсөн. Үүнтэй адил дүүргийн намын дарга нарт хариуцлага тооцох ёстой гэж намын хорооны гишүүд үзэж байгаа юм билээ. Тэр дагуу дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаа өөрчилсөн.

-Тэгэхээр дүүргийн намын хорооны даргаа өөрчилнө гэсэн үг үү?

-Хариуцлага хүлээх зарчмаар явах байлгүй. Үнэндээ манай дүүргийн намын хороо УИХ-ыг зохион байгуулж чадаагүй. Зөвхөн манай дүүрэг ч биш. УИХ-ын сонгуульд нийслэлийн бүх тойрогт манай намаас нэг ч хүн ялсангүй. Тэгэхээр нийслэлийн намын байгууллагыг иргэд яаж үнэлж байгаа нь эндээс харагдаж байна. Сонгуульд ялагдсан нэр дэвшигчээс буруу хайхаас илүү намын байгууллагад нь гол асуудал байна. Үнэхээр нийслэлийн МАН-ын нэр хүнд уначихсан учраас гишүүдийн нэг нь ч ялалт байгуулж чадсангүй. Тэгэхээр намын даргаа өөрчилж, орон нутгийн сонгуульд орох нь зөв гэж гишүүд үзэж байгаа юм билээ. 2012 оны сонгуульд намаа ялуулсан хуучин удирдлагатайгаа орон нутгийн сонгуульд орвол ямар ч өөрчлөлт гарахгүй шүү дээ. Бид дүүргийн намын дарга нараа хамгаалаад аваад үлдлээ гэж бодъё. Тэгвэл гишүүдийн итгэл үнэмшил алдагдана. Тиймээс намын удирдлага хариуцлагаа ухамсарлаад огцрох өргөдлөө өөрөө өгөх ёстой гэж манай намын гишүүд үзээд байгаа.

-Д.Ганболдыг огцруулах хүмүүсийн ард таныг байсан гэх юм?

-Ийм яриа яваад байх юм. Тийм зүйл байхгүй. Үнэхээр би түүнийг огцруулсан юм бол сая өөрөө Засаг дарга болох л байсан шүү дээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Т.Аюурсайхан гэдэг залууг сонгож, нийслэлийн Засаг даргад хүргүүллээ.

-Т.Аюурсайхан нь танай хүн биз…

-Үгүй ээ. Ялгаагүй л дүүргийн намын хорооны гишүүн залуу. Тэрний хүн, энэний хүн гэдэг ойлголтоосоо салъя л даа.

-Танд Засаг дарга болох сонирхол байгаагүй гэж үү?

-Надад үнэндээ тийм сонирхол байгаагүй. Өмнө нь олон жил Засаг даргын ажлыг хийсэн зүгээр л өнгөрсөн сонгуулиар Улаанбаатар хотод нэг ч нэр дэвшигч ялаагүйд шаралхаад байгаа юм. Яагаад МАН-ын нэр хүнд ингэж шалдаа буутал уначихав аа гэж бодож байна.

-Таныг сонгуульд ялагдуулсанд шаралхсандаа Д.Ганболдыг огцруулж байгаа юм уу?

-Үгүй ээ. Би тийм их шартай хүн биш. Гэхдээ нийслэлийн тойргуудад Ардын намын ганц ч гишүүн яагаад ялаагүй юм бэ гэдгийг тунгааж, намын гишүүд санал гаргасан. Түүнээс биш Ганболдыг УИХ-ын сонгуульд миний төлөө ажилласангүй гэж байгаа юм биш.

-Хотод нэг ч нэр дэвшигч ялуулаагүйнхээ хариуцлагыг Г.Мөнхбаяр дарга хүлээчихсэн гэж ойлгож байгаа. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа энэ богино хугацаанд Засаг дарга нарыг заавал сольж, төрийн ажлыг дунд шатанд нь гацаах хэрэг байна уу?

-Нэг хүн хариуцлага хүлээгээд өнгөрч болохгүй л дээ. Дараагийн сонгуульд намаа ялуулах шинэ хүнийг тавиад үзэх хэрэгтэй гэсэн бодолтой байна. Би ганцаараа ийм бодолтой байгаа юм биш. Намын гишүүд цөм ингэж бодож байгаа. Харин дүүргийн Засаг даргын асуудал надтай ямар ч хамаагүй. Дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Энэ тухай Чингэлтэй дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс асуусан нь зөв байх. Тэд ямар шалтгаанаар түүнийг огцруулсныг мэдэхгүй. Тэр бол тусдаа хэрэг. Манай намын гишүүд Д.Ганболдыг өнгөрсөн сонгуульд намаа ялуулж чадаагүй учраас хариуцлагаа хүлээж өөрийн хүсэлтээр намын даргаасаа огцрох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Ардын нам өөрсдийнхөө ажлыг ямагт төрийн ажлаас дээгүүр тавьдаг нь сүүлийн үеийн үйл явдлуудаас харагдах боллоо. Намын төлөө ажиллаагүй гэсэн ял тулгаж, дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөн, бужигнаж байх хооронд улсын ажил орхигдож байгаа юм биш үү?

-Ингэж гуйвуулж ярьж болохгүй ээ. Хэн ч мэднэ дээ. Аливаа нам сонгуульд яах гэж оролцдог юм бэ. Ялахын тулд шүү дээ. Засгийн эрхийг авахын төлөө улс төрийн нам сонгуульд өрсөлддөг. Ард түмний өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Манай намыг өөрсдийн эрх ашгийг дээгүүр тавьдаг гэлээ. Сонгуулийн дараа хуралдсан манай Бага хурлыг хэлээд байх шиг байна. Бид сонгуульд намаа ялагдалд хүргэсэн удирдлагууддаа хариуцлага тооцохоор Бага хурлаа  олон хоногийн өмнө зарласан. Бага хуралд улс орны өнцөг булан бүрээс гишүүд ирдэг байхгүй юу. Тэгэхээр нэгэнт ирчихсэн хүмүүсийг буцааж болохгүй шүү дээ. Намайг УИХ-ын гишүүн байхад АН-ын ҮЗХ хуралддаг л байсан. Түүнд нь хүндэтгэлтэй хандаж, байнгын хорооны хурлаа хойшлуулдаг л байлаа.

-Миний санаж байгаагаар АН-ынхан ихэвчлэн амралтын өдөр ҮЗХ хуралдуулдаг. Ардын нам дандаа ажлын өдөр хуралдаж, чуулган, байнгын хорооны хурлыг хойшлуулдаг байсныг мэдэж байна…

-Үгүй ээ.” Тэр үед би байнгын хорооны дарга байсан болохоор саналгүй яахав. Намын хурал болох гэж байна гээд манай байнгын хороонд байдаг гишүүд нь чөлөө авдаг байсан. Түүнийг нь харгалзаад байнгын хорооны хурлаа хойшлуулдаг л байлаа. Энэ яахав. Өнөөдрийн нөхцөл байдлыг хар даа. УИХ-д Ардын нам бүлэггүй. Гишүүдийг нь УИХ-ын бүтцийн байгууллагад оруулсангүй. Гишүүд нь эзэнгүй явна.

-Сул гишүүд биз дээ?

-Сул гишүүд. Ардын намаас УИХ-ын дэд даргыг томилсонгүй. Бүлгийн даргатай болгосонгүй. Цөөнхийг ингэж хүч түрж болохгүй шүү дээ. Энэ нь УИХ дахь олонхийн бүлэгт ашигтай байгааг ойлгож байна. УИХ-аас гарч байгаа шийдвэр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ардын намын санал тусахгүй байна. Тиймээс нийгмийн халамжийн бодлого дутуу дулимаг болсон, Ардын намд саналаа өгсөн нийт сонгогчдын 40 хувийн эрх зөрчигдөж байна.

Ээлжит бус чуулганаар олон хуулийг баталлаа. Хамгийн сүүлд Орон нутгийн сонгуулийн тухай хууль гарсан. Орон нутгийн сонгуулийг заавал холимог тогтолцоогоор явуулах хэрэг байна уу, үгүй юу. Сумын хоёр, гуравхан мянган хүнийг дотор нь тэр намаас, энэ нь тойргоос нэр дэвшсэн гэж талцуулах хэрэг байгаа юм уу. Энэ талаар манай намын санал тусгагдсангүй.

Маргаантай байгаа автомат машины тооллого хэрэглэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр ч манай намын саналыг авч үзсэнгүй явлаа. Орон нутгийн удирдлагаа өөрсдөө сонгож байгаа энэ процессыг заавал УИХ-тай адилтгаж үзэх шаардлагагүй байсан. Гэвч бүгдийг хүч түрсэн байдлаар явчихлаа.

-Ардын намд санал өгсөн сонгогчдын 40 хувийн эрхийг та нар өөрсдөө зөрчөөд байгаа байх аа. Үнэхээр тэдний эрх ашгийг бодож байсан бол төрийн ажилдаа хуульд номын дагуу цаг тухайд нь оролцоод явах байсан юм биш үү. Тэгэхийг хүсээгүй учраас намын эрх ашгаа төрийн ажлаас дээгүүр тавьсан байх?

-Харин тийм. Яахав манай нам хоёр, гурван өдөр хуралдчихаж. Гэхдээ бүлэгтэй болъё гэдэг асуудлыг хоёр, гурван сар тавиад дийлэхгүй байна шүү дээ. Нэгэнт парламентад хоёр, гурван бүлэг байгуулах хэмжээний олон суудал авчихсан намд хүндэтгэлтэй хандаж болно шүү дээ. Гэтэл тэгсэнгүй.

-Өчнөөн жил төрийн эрх барьж ирсэн нам байж энэ бүгдийг тооцоолж, төрийн ажлаа тэргүүнд тавих байж дээ…

-Уг нь ч тийм л дээ.

-Одоо арай өөр сэдэв рүү оръё. УИХ-ын гишүүн байсан хүмүүс нийлж холбоо байгуулсан гэв үү?

-Тийм. Нээлттэй парламентын холбоо гэдэг нэртэй төрийн бус байгууллага бий болголоо. Ер нь УИХ-ын гишүүн байсан хүн маш их мэдээллийн капитал болчихож байгаа юм. Улс орныхоо төлөө хууль батлах байгууллагад ажилласан учраас тэдний мэдлэг, мэдээллийг ашиглахгүйгээр орхиж болохгүй гэж үзсэн юм.

-Хичнээн гишүүнтэй юм бэ. Яаж ажиллах вэ?

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бүх хүн орж байгаа. УИХ-ын гишүүн байсан нийт 400 гаруй хүн байдаг юм билээ. Тэдэнд урилга өгч байгаа. Тэр, энэ нам гэж хуваахгүйгээр нэгдэж ажиллана. Энэ хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаална. УИХ-аас гаргах хууль, шийдвэрүүдэд өөрсдийнхөө саналыг хүргүүлнэ. Тэндээс авахыг нь аваад, хаяхыг нь хаяна биз. Төрийн бус байгууллага учраас УИХ-тай хамтарч ажиллах зорилго агуулж байгаа.

-Парламентыг гаднаас нь хянана гэсэн үг юм уу?

-Үгүй. Манай холбоог ийм зорилготой төрийн бус байгууллага мэтээр хэвлэлд бичсэн байна лээ. Тийм биш. Монгол Улсын парламентыг хянах эрх хэнд ч байхгүй. Хуулийн дээр Цэц, Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг шүү дээ. Гэхдээ бид аль ч асуудалд нэг талыг барихгүй. Төв байр сууринаас зөвлөгөө өгч, санал хүргэх юм.

-Бас нэг парламенг бий болно гэсэн үг үү?

-Тийм том байгууллага биш л дээ. Төрийн бус байгууллагын дуу хоолой саналыг сонсч байвал энэ парламентад сайн биз дээ.

-Холбооныхоо удирдлагыг сонгосон байгаа юу?

-Үгүй. Удахгүй хурлаа хийж сонгоно.

-Хэзээ?

-Ойрын хугацаанд болох байх.

-УИХ-ын гишүүн байсан хүмүүс олны анхаарлын төвд байж, хүмүүст мартагдахгүйн тулд ийм холбоо байгуулж идэвхтэй ажиллахаар шийдсэн гэж ойлгож болох уу?

-Юу ч гэж ойлгож болно. Хүнд мартагдахгүй байя гэвэл өөр олон үйл хэрэг хийж болно шүү дээ. УИХ-ын гишүүн болоогүй юм байж, зүгээр гэртээ сууж байхгүй, юун хэнээтэй юм гэж зарим нь хэлэх байх. Гэхдээ холбоо байгуулсан нь бидний амбиц биш. УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдийн талаар саналаа хэлдэг байх гэсэн юм. Энэ бол улс орны төлөө юм шүү дээ.

-Таны хувьд энэ холбоонд нэгдэхээс гадна өөр юу хийж байна вэ?

-Нам дээр ажиллаж байна. Орон нутгийн сонгуульд бэлтгэж байна.

-Манай намын бүлгийг байгуулж өгсөнгүй гээд бусдад буруугаа өгчихөөд төрийн ажилд оролцохгүй, өөрсдийнх нь эрхийг зөрчсөн хэвээрээ байвал Ардын намд итгэсэн сонгогчдын 40 хувийн итгэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд буурах байх аа..

-Үнэндээ УИХ-д сонгогдсон манай гишүүдийн идэвх санаачилга дутуу байна. Бүлэг байгуулж болох бүх бололцоог эрж хайж, ажиллах ёстой байсан. Ямар нэгэн аргаар халамжийн талаарх намын бодлого, байр суурийг УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд тусгах арга эвийг нь олох ёстой байсан. Энэ хэрээрээ ард түмний шийдэх ёстой зарим асуудал орхигдож байгаа байхгүй юу. Үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Та орон нутгийн сонгуульд нэр дэвших үу?

-Орон нутгийн сонгуульд Ардын намыг ялуулахад таны хүчин зүтгэл чинь хэрэгтэй байна гэх юм бол орно. Ямар байдлаар оролцохыг мэдэхгүй. Нэр дэвш гэвэл “Үгүй ээ. УИХ-ын гишүүн байсан хүн тэгж доошоо орохгүй шүү” гэж хэлэхгүй. “Орон нутгийн сонгуульд намдаа нэг суудал аваад ир” гэж намын нөхөд маань хэлбэл татгалзахгүй.

-Таныг МАХН руу явна гэсэн яриа гарсан байна. Үнэн үү?

-Намаа ялсан үед нь гишүүн нь болчихоод ялагдахаар нь орхиод гарч муухай загнаж болохгүй. Надад ийм сэтгэхүй байхгүй.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих