“Орчин цагийн “Шилийн сайн эрчүүд”
Манжийн дарлалын үед шилийн сайн эрчүүд гэж байсан гэх. Тэд манж худалдаачид болон эдгээр худалдаачидтай наймаалцсан монгол ноёдын адуу малыг дээрэмдэж, нэг хошуу нутгаас нөгөө хошу унутгийн хилийг давуулан хөөж, энгийн иргэдэд өгч “буян” болдог байсан ажээ. Ийм эрсийн нэр аймаг хошуу, ар халх даяар алдаршсан байдаг байжээ. Тоорой Банди, Цахиур Төмөр, Сохор Мандах гээд тэдний нэрсийг дурьдахад тэдний талаарх үлгэр домог мэт яриа хөвөрнө. Үнэндээ “Шилийн сайн эрс” бол бусдын өмчид хууль бусаар халдагч “хулгайч, дээрэмчид” байсан гэдэг.
Тэднийг зөвтгөж болох цорын ганц шалтгаан нь гэвэл хулгайлж дээрэмдсэн адуу мал, эд хөрөнгөө амин хувьдаа завших бус хошуу нутаг дамнуулан эгэл жирийн ард иргэдэд тарааж өгдөг байсан явдал юм.
Харин XXI зуунд буюу өнөөдөр бидний дунд “Шилийн сайн эрс” олон байна. Гэхдээ мэдээжийн хэрэг энэ зуунд адуу мал хулгайлаад, эд баялаг дээрэмдээд байхгүй тодорхой. Эрх мэдэлтнүүдтэй ойр байж, эд баялаг хурааж, газар нутгийг зарж, ганцаар дангаар баяжигчдыг энэ цагийн “шилийн сайн эрс, эрин үеийн шилдэг луйварчид” гэнэ. Эдний нэр ч эрт цагийн шилийн сайн эрсийнх шиг сонсголонтой. Дундговийн “дуулиант” Наранхүү, Өмнөговийн “ажнай” Бат-Эрдэнэ гэх нэр алдарыг монголд таньж мэдэхгүй хүн бараг үгүй.
Дээр цагт шилийн сайн эрчүүд “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийдэг” байсан бол эдүгээгийн шилийн сайн эрчүүд “УИХ-аар нэр хийж, гишүүнээр хамгаалалт хийдэг” болжээ.
Эрт цагийн шилийн сайн эрчүүдийн араас Арван тавны цагдаа нар хошуу нутаг тойруулан хөөцөлдөхөд, хүлгийн сайнаар баригдалгүй зугтдаг байсан бол, энэ цагийн “сайн эрчүүд”-ийн хойноос АТГ, УМБГ, УПЕГ хөөцөлдөхөд хөрөнгө мөнгө, нам улс төрийн хамгаалалтаар түрүү барин үл баригдах болжээ.
Өмнөх цагт ихэс дээдэс, ноёдын өмчөөс “зувчуулдаг” эрсийг шилийн сайн эрс гэдэг бол өнөө цагт улсын өмчийг хувьдаа завшдаг, хууль бус газрын наймаагаар баяждаг эрсийг “шилдэг бизнесмен, алдарт уяач, УИХ-ын гишүүн” гэж нэрлэх болжээ.
Эрт, эдүгээгийн шилийн сайн эрсийг адилтгах нэг шинж байна. Дээр үеийн шилийн сайн эрс хүлэг сайн агт морьдод үнэнээсээ дуртай байж, нэг сайн хүлэг морийг, азарга адуунаас солиход ч бэлэн байдаг бол энэ цагийн эрс ганц хурдан азаргыг хагас тэрбум төгрөгөөр ч хамаагүй худалдаж авч чадна.
Эртний шилийн эрс ноёдыг, манж худалдаачдыг дампууруулдаг бол өнөөгийн “шилийн сайн эрс” нар банкыг дампууруулна.
Эртний шилийн сайн эрс “хар гэрт” хоригдож, есөн эрүү тулгагддаг байсан бол эдүүгээгийнх УИХ-д залагдаж, улс даяар хүндлэгдэнэ.
Үргэлжлэл бий…
URL: