З.Бат – Отгон: 13 дугаар зуунаас хойш болоогүй тэнгэрийн тахилга болно
Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат – Отгонтой ярилцлаа.
-Тантай ярилцалгүй удлаа. Сүүлийн үед танаар ямар сонин сайхан зүйл байна даа?
-Эрдэм судалгааны ажил маань маш урагштай, өрнөлтэй байгаа. Ном бүтээлийн хувьд би саяхан “Японы сумо дахь монгол нууц”, “Ардчилалын эрэлд”, “Монгол хаан ухаан” зэрэг номнуудыг бичиж дуусгаад, заримыг нь орчуулганд өгсөн. Гадаадад хэвлэгдэхээр зэхэж байгаа. Дараа дараагийн бүтээлүүд бичигдэж байна.
-Та болон танай академи өмнө нь монгол суу ухаан, хатан ухааны чиглэлээр нийгэм рүү хандсан соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй, тасралтгүй хийж ирсэн. Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байна?
Манай академи энэ сарын 20 – 23 – нд бөөгийн чиглэлээр нийгэм рүү хандсан нэгэн цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх 11 сард монгол хаан ухааны чиглэлээр олон түмнийг соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.
– Бөөгийн чиглэлээр гэхээр их сонирхол татаж байна. Ямар үйл ажиллагаа вэ?
Өнөөдөр /өчигдөр/ “Бөө, түүний мөн чанар” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Гадны зарим орнуудаас бөө нар ирж оролцоно. Мөн “Бөөгийн зан үйл, бөөгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Гадна, дотны бөө нар оролцож асуудлаа ярилцаж, санал бодлоо хуваалцана.
-Өнөөдөр хүмүүс олноороо бөө болж байна. Бас бөөг тойрсон олон сайн, муу асуудал яригдаж байна. Энэ үед танай академийн хийж байгаа энэ үйл ажиллагаа ямар ач холбогдолтой вэ?
-Эрдэм шинжилгээний хурлын эцсийн үр дүн, ач холбогдол бол нийхэмд бөөгийн тухай үнэн, зөв, нэгдсэн ойлголтыг өгөх, ялангуяа монгол бөөгийн тухай хамгийн зөв ойлголтыг өгөхөөс гадна ерөөсөө бөө гэж яг юу юм, бөөгийн мөн чанар нь юу юм гэдэг монгол суу ухааны үндсэн ойлголтуудыг өгөх юм. Харин хэлэлцүүлгийн эцсийн үр дүн, ач холбогдол бол зөвхөн монгол бөө нар дотроо төдийгүй гадны бөө нартай хамтарч өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаа ярилцах, хамтарч гарц хайх, хамтарч шийдвэрлэх болон газар газрын бөө нарын бөөлөх зан үйл, дэг ёсыг солилцох, санаа бодлоо хуваалцахад оршино.
-Танай академийг бас нэгэн чухал тахилга хийх гэж байгаа гэж сонссон?
-Тиймээ. Энэ сарын 22 – нд буюу бямба гарагт тэнгэрийн тахилга хийнэ. Энэ тахилга бол 13 –р зуунаас хойш огт хийгдэж байгаагүй тахилга гэдгээрээ онцлог. Бас яг 13 –р зууны ёс жаягаар хийгдэхээрээ онцлог.
-Тэгэхээр их сонирхолтой тахилга болох нь ээ? Энэ тахилгын зорилго нь юу юм болоо?
-Цагаан сүлдийг яг тэнгэрийнх нь ёсоор амилуулах зорилготой.
-Тайлбарлаач?
-Хар болон цагаан сүлдийг тэнгэрийн тахилга хийж амилуулдаг учиртай юм байна. Тэгэхдээ бүр яг хүн шиг гурван амиар давхар амилуулдаг юм байна. Тэгж гэмээнэ сүлд нь тэнгэрийн хүчийг татаж ирдэг, татаж буулгадаг оньс болдог юм байна. Харамсалтай нь, одоо манай төрийн ордонд байгаа цагаан сүлд, батлан хамгаалах яаманд байгаа хар сүлд нь, бас тэнгэрийн улаач нарын шүтээн дээр байгаа хар, цагаан сүлд нь тэнгэрийн ёсоор амилаагүй учир тьэнгэрийн хүчийг татаж ирж чаддаггүй юм байна. Тиймээс энэ тахилгыг хийснээр тэнгэрийн хүчийг татаж буулгах цагаан сүлд жинхэнэ тэнгэрийн ёсоор амилна.
– Хар сүлд амилах уу?
Энэ удаагийн тахилгаар зөвхөн цагаан сүлд амилна. Дараа өөр тахилгаар хар сүлдийг амилуулна. Аль аль нь тэнгэрийн тахилгаар амилах бөгөөд тэрхүү тэнгэрийн тахилга нь 13 – р зуунд хийгдэж байсан ёс, дэгээрээ хийгдэнэ. Бас 13 – р зуунаас хойш анх удаа хийгдэж байгаагаараа онцлог болно.
-Есдүгээр сарын 22 гэдэг өдөрт учир байна уу? Яагаад энэ өдрийг сонгов?
-Мөнх тэнгэрийн тооллоор есдүгээр сарын 22 бол намрын өдөр шөнө тэнцдэг өдөр. Энэ өдөр байгаль, эх дэлхий төдийгүй бүхий л орчлонгийн эрчим энерги цэвэршиж, ариусаж, цайж, цагаардаг байгалийн хуультай. Тиймээс намрын өдөр шөнө тэнцэх энэ өдрийг сонгож монголчууд эртнээс цагаалга буюу цагаан сарын баяраа хийж, шинэ оноо эхлүүлж, шинэ жилээ тоолдог байжээ. Жинхэнэ монгол цагаан сарын өдөр гэсэн үг. Ингэж байгалийн, дэлхийн, манай нарны аймгийн, манай галактикийн болон орчлонгийн эрчим энерги цэвэршиж, цагаардаг өдөр цагаан тэнгэрийн эрхшээл их байдаг. Иймээс энэ өдөр цагаан тэнгэрийн тахилга хийж, цагаан сүлдийг амилуулах юм.
– Тэгэхээр нэг ёсондоо цагаан сарын баяр гэж үзэж болох уу?
-Тиймээ. Тэгж ойлгож болно. Цагаан сараа хийнэ, цагаан тэнгэрийн тахилгаа хийнэ, цагаан сүлдээ амилуулна гэсэн үг.
-Энэ баяр, тахилганд хэн оролцох ёстой вэ? Жишээ нь, би оролцож болох уу?
Хэн ч оролцож болно. Тэнгэрийн тахилганд оролцож, тэнгэрийн хүч авч, тэнгэрт өөрийгөө мэдүүлж таниулах, тэнгэрийн энерги хүчийг авах гэсэн хэн ч оролцож болно. Гагцхүү монгол дээл хувцастайгаа оролцоно.
-Тахилганд оролцох хүн юу бэлдэх вэ?
Бэлдэж, авч очих зүйлс бий. Түүнийг манай академи руу холбогдоод мэдэх хэрэгтэй.
– Та монгол суу ухаан, хатан ухаан, хаан ухаан гэж нэлээд ярьдаг. Мөн энэ хүрээнд л бөө тархины тухай, бөө ухааны тухай ярьдаг. Харин бөө, бөөгийн асуудлаар нэг их дугараад байдаггүй. Яагаад ингэж бөө, бөөгийн асуудал, бөөгийн тахилга, бөөгийн зан үйл рүү орох болов?
-Бөөг зөв ойлгуулахын тул монгол суу ухаан, хаан ухаан, хатан ухаан руу орж их ярьсан. Түүний ачаар ч бөөгийн тухай олон түмний ойлголт зөв болох хандлага ажиглагдаж буй. Гэвч яагаа ч үгүй байна. Тиймээс зөвхөн лекцээр бус, эрдэм шинжилгээний хурал, тахилга гэх мэт онол, практик хосолсон олон аргаар бөөг улам ч илүү зөв ойлгуулах ёстойг ухаарсан. Мөн тэнгэрийн улаач нарын дунд хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалт хийх замаар тэнгэрийн улаач нарын дунд ч бөөгийн тухай зөв ойлголт түгээе гэж бодсон.
-Монгол суу ухаанд бөө гэдэг чухам яг юу вэ?
Бөө бол Монголын язгуур бүхний язгуур нь. Тиймээс монголчууд бөөг маш зөв ойлгох хэрэгтэй. Бөө гэдэг бол тэнгэрийн улаач төдий ойлголт бус. Харин бөө гэдэг бол тархи. Гэхдээ хамгийн дээд хөгжилтэй тархи, хамгийн дээд гэгээрэлтэй тархи. Маш энгийнээр тайлбарлавал, бөө гэдэг үг нь бөөн гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хүний оршин амьдрахуйд хэрэгтэй, шаардлагатай бүх юмыг бөөнөөр нь сураад, мэдээд, эзэмшээд, хэрэгжүүлээд, үйл хэрэг болгож чадаж буй тархи. Бүр энгийн хэлбэл, маш олон мэргэшлийг бөөнөөр нь эзэмшсэн тархи.
Малчин хүн мянган мэргэшилтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Мянган мэргэшлийн мэдлэг, чадвар, дадлага, туршлагыг бөөнөөр нь эзэмшсэн хүний тархи, оюун ямар байх нь ойлгомжтой. Ийм хүн амьдралыг хэрхэн авч явж, хэрхэн эрхшээх нь ойлгомжтой. Чухамхүү ийм хүмүүсийг л амьдралын од гэж нэрлэдэг байжээ. Тэгвэл Монголын их хаад, хатад 1943 мэргэшлийг бөөнөөр нь эзэмшиж, түүгээрээ дэлхийн амьдралыг эрхшээж чадсан бөөн ухаантанууд байсан. Тиймээс тэд амьдралын суу одууд байсан байна.
Гэтэл өнөөгийн хамгийн мундаг хүн 2 – 3 мэргэшилтэй байгаа. Ийм хүний тархи, оюун ямар ядмагхан байх нь тодорхой. Тиймээс тэд ганцхан салбарын од төдийгөөс хэтэрдэггүй байна. Ингэж бүх зүйлийг бөөнөөр нь эзэмшсэн тархийг л бөө тархи гэдэг. Бөө тархитай хүн бол бөө. Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаадагийн нууц бол бөөн ухааны ач, том том хот сууринг 4 – 5 ханатай ганцхан монгол гэрт багтаадаг нь бөөн ухааны ач, 1000 мэргэшлийг нэгхэн тархинд багтаан эзэмшдэг нь бөөн ухааны ач гэх мэтчилэн монголчуудын гайхамшигт чадварууд бол бөөн ухаандаа оршдог, бөөн ухаан нь бүгдийг бөөнөөр нь эзэмшсэн бөө тархиндаа оршдог.
Тэгэхээр бөө бол бөөн мэргэшилт, бөөн эрдэмт, бөөн ухаант тархийг шүтдэг, түүнд мөргөдөг мөргөл юм. Чухамхүү ийм учраас л бөө бол шашин биш, мөргөл билээ.
-Таны Монгол улс, үндэстэн төдийгүй монгол түмнийхээ төлөө хийх тэнгэрийн тахилганд амжилт хүсье. Энэхүү утга учир төгөлдөр тахилганд монголчууд маань олноороо оролцох байх гэж найдаж байна. Таны Монголын төлөө хийж байгаа бүх үйлсэд тань улам их амжилт хүсье. Хамгийн сүүлд уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
Баярлалаа. Энэ далимд хэлэхэд, манай академийг болон манай академийн хийж байгаа үйл хэргийг байнга дэмжиж байдаг нийт монголчууддаа бас баярлалаа. Уншигчдадаа хандаж хэлэхэд, тахилганд өргөнөөр оролцохыг уриалъя. Бидний хамтын хөдөлмөр, зүтгэлээр л Монгол улс, үндэстэн маань улам сайн сайхан болно.
www.info.mn
URL: