Роберт Фрийдланд хувьцааныхаа ханшийг өсгөхөөр шинэ орд илэрсэн гэж зарлав уу эсвэл…
Монголчуудын чихийг дэлдийлгэсэн нэгэн мэдэгдлийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уржигдар цацав. Монголын Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь ч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн дуулаа ч үгүй байхад Австралийн ”Айвенхоу майнз” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Роберт фрийдланд Оюу толгойгоос дутахааргүй том орд нээлээ хэмээн дэлхий дахинд зарлажээ. Энэ мэдээллийг монголчууд янз бүрээр л хүлээн авч байна. Фрийдланд гүйлгээ ухаантай, явуургүй аргатай. Хувьцааныхаа ханшийг өсгөх гэсэн арга нь байж мэднэ хэмээнэ. Энэ сарын 14-ний өдөр “Айвенхоу майнз” компанийн 10 гаруй хувийг эзэмшдэг, гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд, компанийнхаа хайгуулын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Ричард Госсе нар мэдэгдэлдээ “Оюу толгойн ордоос арваад километрийн цаана Хойд Улаан худ гэсэн орд шинээр илрүүллээ. Нийтдээ 25 удаа өрөмдлөг хийсэн. Нөөцийн хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа ч арвин баялагтай том орд гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцолсон байна. Ийм орд илрүүлсэн талаар Монголын холбогдох байгууллагад уламжилсан эсэхийг Монголын Эрдэс баялгийн зөвлөлийн орлогч дарга М.Ариунбаяраас тодруулахад “Би ийм мэдээллийг сая л сониноос уншлаа. Тэгээд “Оюу толгой” компанийн удирдлагыг энэ талаар тайлбар хийгээч гэж хэлүүлээд л сууж байна” гэв. Улаан худ гэдэг газарт хэдийнээс хайгуул хийж эхэлсэн, “BHP billiton”-той ямар гэрээ байгуулж ажиллаж байгаа талаар сонирхлоо. “Айвенхоу майнз” компани Өмнийн говьд хоёр, гурван сумын нутагтай тэнцэхүйц хэмжээний газарт ашигт малтмал эрж хайна гээд хайгуулын лиценз авчээ. Түүнийхээ төв хэсэгт өмнөд Оюугийн бүлэг, Хюго Дайметын ордыг илрүүлж улсын нөөцөд бүртгүүлэн 2003 онд ашиглалтын лиценз авч өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2013 оноос уурхайг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшиж байгаа “Оюу толгой” компани нь нөөцийг баталгаажуулсан Оюугийн бүлэг, Хюго Дайментын ордоос гадна Манахт, Хөх хад гэсэн хэсэгхэн газарт хайгуулын лицензтэй аж. Австралийн “Айвенхоу майнз” компани бусад эргэн тойрны талбайд ньөөр компаниудтай гэрээ байгуулан хайгуул хийлгэж байгаа юм. Роберт Фрийдланд нь уртаашаа сунаж тогтсон байрлалтай, эрдэс баялгийн судалтай, ашигт малтмалын орд илрэх магадлалтай томоохон талбайг хайгуул хийнэ гээд лицензийг гартаа оруулсан сүйхээтэй нэгэн. Гол хөзрийг атгаж байгаа түүнтэй дэлхийн уул уурхайн акул “BHP billiton” групп хүртэл 2000 оны тавдугаар сарын 20-нд 112 мянган га тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрөнгө оруулна хэмээн гэрээ байгуулж хайгуул хийх эрхээ олж авсан байх жишээний. 2005 оноос лицензтэй талбайн өмнөд хэсэгт нь “BHP billiton” групп хайгуулаа эхлүүлж одоогийн байдлаар найман сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа гэнэ. Ингэж их хөрөнгө зарлагадчихаад олз олохгүй бол тухайн компанийн хохь болно. Харин нөөц сайтай орд илрүүлбэл мөнгөний уурхайтай болдог хэрэг. “BHP billiton” группын хайгуул хийж байгаа Улаан худаас Оюугийн бүлэг орд хүртэлх газарт, мөн энэ ордын эзэмшлийн талбайгаас залгаад хойд хэсэгт бас “Энтрий гоулд” гэсэн гадаадын компанитай “Айвенхоу майнз” гэрээ үзэглээд хайгуул хийлгэдэг. “Энтрий гоулд” компани багагүй ч хөрөнгө цацсан гэсэн. Үүнийхээ үр дүнд Хэругагийн ордыг илрүүлээд байгаа. Гэхдээ “BHP billiton” группын илрүүлээд байгаа Улаан худ нь Хэругагийн ордоос илүү нөөцтэй байх магадлалтай, зэсийн агууламж нь ч өндөр, 60-60 метр өрөмдөхөд л эрдсийн биет илэрч байна хэмээн геологичид нь танилцуулсан нь Роберт Фрийдландыг яаран мэдэгдэл хийлгэж зарлахад хүргэсэн бололтой. “BHP billiton” нь хайгуул хийх бүхий л зардлыг даагаад хариуд нь орд илрүүлбэл 50 хувийг эзэмшинэ гэсэн болзолтойгоор хамтран ажилладаг юм байна. “BHP billiton” нь Роберт Фрийдландын удирддаг “Айвенхоу майнз” компанитай харьцуулшгүй том, дэлхийд уул уурхайн чиглэлээр тэргүүлдэг. Гэвч Таван толгойн ордын лицензийг эзэмшиж байгаад 1990-ээд оны дундуур үр ашиггүй гээд төрд буцааж өгөөд гарч байлаа. Анх Оюутолгойд хайгуул хийж эхэлсэн хэдий ч хий дэмий хөрөнгөө зарлагадна гэсэн үү Фрийдландад зайгаа тавьж өгсөн. Гэтэл голоод гарсан газраас нь дэлхийд дээгүүр орох орд илэрч, ашиггүй гэж үзсэн Таван толгойн орд нь өнөөдөр хэдэн тэрбум ам.долларын орлого олох эх үүсвэр болжээ. Тиймээс ч алдсан орон зайгаа нөхөхөөр хэдэн жилийн өмнө “BHP billiton” Монголд салбараа нээж Таван толгойн төсөлд оролцохоо мэдэгдсэн ч Монголын төр лицензийг 100 хувь эзэмшинэ гэж шийдвэрлэсэн учир нутаг буцацгаасан юм даг. Монгол дахь салбараа ч татан буулгаад харин “Айвенхоу майнз”-тай байгуулсан гэрээнийхээ дагуу хайгуулын ажлаа үргэлжлүүлж байлаа. Энэ групп Монголд удахгүй дахин салбараа нээж, өргөжүүлэхээр болсон байна. Мөн Улаан худын ордын нөөцийг бүрэн тогтоож,хайгуулын ажилд нэмж хөрөнгө оруулж, 2013 оны зургадугаар сарын 30 гэхэд Монголын эрдэс баялгийн зөвлөлд ордыг бүртгүүлж баталгаажуулан ашиглалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаад байна.
Д.ДОРЖПАГМА
URL: