Сайд лекц уншиж, өрөө төлөх гэнэ

Өнгөрөгч парламентын их сунгаанаар улс төрд хаягтай бүхэн байдгаа гөвж, сонгуульдсан. Улс төрийн намууд ч нэр дэвшигчдээсээ чамгүй хэдийг цуглуулаад амжсан. Ардын намын тухайд, горилогчдын чансааг 100 сая төгрөгөөр үнэлж байсан бол бяцхан хүчнүүд 20-30 саяыг нэхэмжилж байв. Харин энэ удаагийн ялалтыг хаягласан намынхан нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөгийн хураамж халаасалсан.

Харин энэ удаад улс төрийн томоохон хүчнүүд ирэх орон нутгийн сонгуулийн ханшийг хэдээр тогтохоо “халуун тогоондоо” хэлэлцэж эхэлсэн сурагтай. Тэр утгаараа Ардчилсан намынхан сонгуулийнхаа санхүүжилтийг босгоход анхаарч, гишүүдийнхээ татварыг төлүүлж, хандив цуглуулах аян өрнүүлж эхэлжээ. Учир нь УИХ-ын сонгуульд хүч үзэх эрхийн мөнгөө намдаа тушаагаагүй эрхмүүд нэгээр тогтохгүй байгаа гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 50 сая төгрөгөө бүрэн барагдуулаагүй байгаа юм байх. Тиймээс намын нөхөр нь эрхэм сайдад мөнгө олох нэгэн шилдэг арга зааж өгсөн мэдээтэй. Энэ талаар шаргал ордны жиргээчид ч аль хэдийнэ “цайны хачир” хийж суух болжээ.

Тэгэхээр сайд гуайд олдсон алтан боломж бол залууст төлбөртэй лекц уншиж, цугларсан мөнгөөр нь намдаа өрөө төлөх. Гэхдээ болж байна. Худал хэлж, хулгай хийх гэж байгаа биш. Өөрт байгаа боломжоо ашиглаж байна шүү дээ.

Эх сурвалж:”Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих