Японы хөрөнгийн зах зээл нурж, иен ”галзуурлаа”

Байгалийн гамшигт байдгаа алдсан япончуудын дараагийн сорилт нь валютын ханш болоод байна. Хөрөнгийн зах зээл нь тэр чигтээ ханшийн уналтад хүлэгдээд байгаа бол иенийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоо хоногт дээд амжилтаа эвдлээ. Экспортоос эдийн засгийн нуруугаа бүрдүүлдэг энэ улсад иенийн ханш чангарч буй нь нурсан эх орноо сэргээх алхмыг нь хойш татаж буй хэрэг юм. Одоо тогтоод байгаа иенийн ханш нь Японд Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн өндөр ханшийг бий болгоод байна. Иенийн ам.доллартай харьцах ханш 76.25 иен болсныг ВВС өнөөдөр дамжуулав. Энэ бол АНУ-д арилжигдаж буй мэдээ юм. Цунами нүүрлэхээс өмнө энэ ханш 80 даваад байсан билээ. Никкей 225 индекс 2,7 хувиар унаж, 8845 боллоо. Ийнхүү хөрөнгийн зах зээл нь нурж, экспортлогчдийн ашиг иенийн өсөлтөд ууршлаа. Өнөөдөр болсон Их долоон улсын Сангийн сайд нар дэлхийн зах зээлийг сэргээх гэрээ хэлэлцээрүүдийг санаачлахаар болоод байна.

Их долоон гүрэнд АНУ, Япон, Их Британи болон Хятад багтдаг билээ. Шинжээчдийн тааварлаж буйгаар Сангийн сайд нар Японд зах зээлдээ их хэмжээний иен нийлүүлж, ханшийг тогтворжуулахыг зөвлөх аж. “Дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад иен ихээхэн нөлөө үзүүлэх нь. Хэдийгээр их хэмжээний иенийг тэд зах зээлдээ нийлүүлж байгаа ч ам.долларын ханшийн уналтыг зогсоож чадахгүй” гэж “Доич” банкны Алан Раскин хэллээ. Японы Санхүүгийн сайд Ешихико Нода зах зээлдээ чиглэсэн алхмуудын талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзсан юм. Гэвч тэрээр хөгжлийн төлөөх төлөвлөгөө гаргаж буйгаа илэрхийлсэн. “Би зах зээлийг маш ихээр харж, ажиглаж байгаа” гэж сайд мөн тэмдэглэв.

А.Цомо


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих