Өнөөдрийн сенсаац

Өнөөдрийн өдөр тутмын сонинд гарсан сенсаац мэдээллүүдийг хүргэж байна.
Сенсааци 1: Өнөөдрийн “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан” сонинд хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон сэтгүүлчийг буруутгасан материалыг онцолсон байна. Тодруулбал, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй нэр төрд халдсан хэргийг шүүх хурал байлаа. Б.Наранхүү бага насны охидыг уруу татсан татсан мэдээллийн дагуу тэрбээр гомдол гаргаж байсан ч сэтгүүлчийн хэргийг цагаатгаж байсан. Гэсэн ч эрхэм гишүүн дахин гомдол гаргаж, нийслэлийн Шүүхээр хэлэлцэн анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Б.Наранхүү өмнөх шүү хурлуудад нэг ч ирээгүй. Гэтэл өчигдрийн шүү хуралд өөрийн биеэр оролцсон нь олны анхаарлыг татаж байв. Өмнөх шүүх хурлуудад Б.Наранхүүг буруутгаж байсан ч энэ удаагийн шүүх хурал сэтгүүлчийг буруутгаж 8.5 сая төгрөг төлүүлэхээр болсон юм. Гэсэн ч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдсэн. Харин Д.Болормаа шүүх хурлыг явц түүнийг буруутгах гэсэн зорилготой байсан. “Би шударга ёсны өмнө биш мөнгө эрх мэдлийн өмнө ялагдлаа” гэдгээ хэлсэн юм. Дөрөв дэх засаглалынхан нийгэмд болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж, хууль, дүрэм зөрчсөн эрх дархтнуудыг олонд мэдээлснийхөө төлөө хохирдог үзэгдэл дахин давтагдаж байгааг өдөр тутмын сонинууд онцолжээ.
Сенсааци 2: Сүүлийн үед барилгын салбарт “чөтгөр шүгэлжээ” гэх яриа ам дамжин яригдсаар байна. Энэ яриа ч өдөр бүр батлагдаж байна гэхэд болно. Энэ сар гарсаар хэчнээн ч хүн барилга дээрээс унаж алтан амиа алдаж байгааг та бид мэдэж байгаа. Хууль зөрчиж, иргэдийн амар тайван байдалд аюул учруулаад байгаа даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэйг дөрөв дэх засаглалыхан олон удаа сануулсан ч нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргадаг дарга нарын балгаар эрдэнэт хүний ам үнэгүйдсээр байгаа талаар  “Монголын мэдээ”, “Нийгмийн толь” сонин онцолсон байна. Тодруулбал, өчигдөр өдрийн 13.30 цагийн үед Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 18 дугаар дунд сургуулийн хажууд баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилга дээр осол гарч, хоёр хүн гэмтсэн байна. Ачаа зөөдөг подъемны тросс тасарсны улмаас ажилчид осолджээ. Ажилчид подемоор ачаа зөөчихөөд дараа нь өөрсдөө дээшээ гарах гэж байхад нь подъемны тросс нь тасарсан гэнэ. Энэ мэт хүний амийг үнэгүйдүүлсэн хэрэг гарсаар байна. Хичээлээ тараад явж байсан бяцхан охин, хичээлдээ явж байсан оюутан залуу гэх мэт бидний ирээдүй болсон залуус өнөөдөр гэнэт хорвоог орхин, хальж байгаа нь харамсалтай. Гэтэл УИХ-ын гишүүд, салбарын сайд гэх мэт эрх мэдэлтнүүд “Ниргэсэн хойно нь бархирав” гэгчээр одоо л нэг ухаан орсон хүний дүр үзүүлэн, тийм ч хариуцлага тооцно, ингэж ч ажлаас нь хална гэсэн үгсийг урсгасаар байна. Үнэхээр хариуцлага тооцож, энэ салбар ядаж аюулгүй ажиллагаагаа хангаж чаддаг болбол нэг талаар санаа амармаар…
Сенсааци 3: Бидний мэдэх Хан-Уул дүүргийн Цагаан хаалгыг энэ сарын 18-19-нд шилжих шөнө нураасан. Тус хаалга  дүүргийн түүх, үл хөдлөх дурсгалт зүйлсийн бүртгэлд  бүртгэлэй байдаг юм билээ. Яагаад энэ хаалгыг нураах болов. Энэ талаар “Өнөөдөр” сонинд нийтэлсэн байна. Нураах шатгааныг тодруулбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар автозамын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд замын зураг төсөлд орсон барилга байгууламжид арга хэмжээ авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Хан-Уулын Цагаан хаалга замын ажилд саад болсон учраас түүнд “арга хэмжээ” авсан нь энэ ажээ. Уг хаалгыг нураах НИТХ-аас шийдвэр гаргуулж, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын албанд үүрэг болгосон байна. Уг газраас нураах шийдвэр гагаагүй ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сарын 1-нээс өмнө зам барилгын ажлыг дуусгах учраас шийдвэр гарахыг хүлээлгүй хаалгыг нураасан байна. Энэ хаалгыг нурааснаар түүхээ баллаж байгаа гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна. Ямартай ч “арга хэмжээ” авахуулсан Цагаан хаалгыг дахин барихыг мөн л эрх бүхий дарга нар шийдэх гэнэ.
Сенсааци 4: Манай спортын салбарынхан хаашаа, ямар ч тэмцээнд явсан эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өргөөд ирдэг болсон. Үүнийг нь төр засаг өндрөөр үнэлж, тамирчдад шагнал урамшуулал олгохоор болсон. Гэтэл дэлхий дахинд улс орныхоо нэрийг дуурсгах гэсэн тамирчныхаа сэтгэл рүү ус цацсан гэсэн мэдээлэл өнөөдрийн өдөр тутмын сонингуудад гарсан байна. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбоо энэ сарын 24-нд эхлэх чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Даваасүрэнг оролцуулахаар болсон билээ. 48 кг-д улсын аварга болсон Д.Отгонцэцэг Лондонгийн олимпоос ирснийхээ дараа 51 кг-д  шилжсэн тул энэ жинд МУГТ Ц.Энхжаргал номер нэгт тооцогдох ёстой байсан. Гэтэл түүний оронд Б.Даваасүрэнг явуулахаар болсон нь гавьяатыг гомдоожээ. Ц.Энхжаргал Б.Даваасүрэнтэй өмнө нь гурав барилдахдаа хоёрт нь ялж байсан. Энэ удаа ядаж сорилт хийлгэлгүй сонгосонд нь холбооныхонд гомдолтой байгаагаа дуулгасан. Ц.Энхжаргалын хувьд “Лондон 2012” зуны олимпын наадамд оролцоогүй бөгөөд түүний тэсэн ядан хүлээж байсан тэмцээнд нь явуулаагүйд ийн гомджээ. Түүний хувьд сорилго барилдаан хийж хасагдсан бол ийн гомдоллохгүй гэдгээ хэлжээ.
Сенсааци 5: Хаан банк хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн гэх мэдээлэл өдөр тутмын сонинд хэвлэгджээ. Үнэхээр Хаан банк иргэдээ хуурав уу. Аль эсвэл иргэн түүнийг гүтгэсэн үү. Хуучнаар “Ард” кино театрын дэргэдэх салбараар үйлчлүүлсэн иргэн ийн гомдол гаргасан юм. Түүний хувьд гадаадад байдаг дүүдээ мөнгө явуулах гэж тус банкнаас мөнгө аван вальют солиулах газар очсон ч түүний 10000 төгрөгийг хуурамч хэмээсэн байна. Тухайн иргэн эргэн банканд хандсан ч тус банк иргэнийг буруутгаж, өөрсдийгөө хамгаалсан. Гэсэн ч Хаан банк тухайн иргэнд хандан энэ мэдээллийг цааш мэдээлж болохгүй гэсэн үүднээс иргэн мэдээллийг нууцалжээ.


URL:

Сэтгэгдэл бичих