“Петрочайна дачин тамсаг компани” дахин даварлаа

“Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай МУ-ын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлолт хийдэг. Одоогийн байдлаар 300 гаруй ажиллагсадтай тус компани сарын 200 долларын цалинтай гэвэл та итгэх үү. Сүүлийн 5 жилийн хугацаанд үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлээгүй аж.

Гэтэл дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2-3 дахин өссөн. Улсын хэмжээний цалин хөлс мөн 2-3 дахин өссөн. Уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс 1000 доллараас дээш болсон. Салбарын ҮЭХолбоо, тус компанийн ҮЭ-ийн хорооноос нийт ажилчидтай хуралдаж цалин хөлс нэмэгдүүлэх талаар 4 сарын өмнө шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Иймд МУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын маргаан үүсгэж тус компанийн нийт ажилчдын цалин хөлсийг 50 хувиас дээш хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт хийхээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэж байсан билээ.

Цалингаа нэмүүлэх хүсэлт тавьж улмаар ажил хаялт зарласан Монгол ажилчдад тус компаниийн зүгээс “Танай Засгийн Газар манай компанид 650 ам км талбайг ашиглах зөвшөөрөл олгохгүй байна. Тиймээс бид та нарын цалинг нэмэх боломжгүй” гэх инээдтэй ч гэмээр хариултыг өгчээ.

Тус компани нь өнгөрсөн хавар засгийн газраас 650 ам км газар нэмж авах хүсэлт Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд үүнийг зөвшөөрөөгүй юм. “Петрочайна дачин тамсаг” компани Засгийн газрын эл шийдвэрийг эсэргүүцэж Монгол ажилчдын цалинг барьцаалав.

Монгол улс өнөөдөр хаана явна вэ. Уул уурхайн томоохон ордод түшиглэсэн улсын иргэд гадаад руу хар ажилд хөтлөгдөн Солонгос, Японыг зорьсоор олон жилийн нүүрийг үзлээ. Тэднийг хөтөлж буй гол хүчин зүйл нь өндөр цалин. Арга ч үгүй биз. Томоохон орд газрууд нь бүгд гадныхны мэдэлд орчихсон. Эх орондоо ажиллах эрмэлзэлтэй залуусыг нь энэ мэт доромжилж байна. өнөөдөр Монгол улсад ажиллах, амьдрах, амьд явах баталгаа байна уу гэдгийг бид дахин дахин асуумаар байна. Асуулаа гээд хариултыг хаанаас олох нь бас эргэлзээтэй. Төрийн нүүрээр халхалж газар нутгаа халтар хэдэн цаасаар худалдсан энэ хэдэн улстөрчдөөс лав биш. Цөөхөн хэдэн Монголчууд бид өөрсдийнхөө төлөө, газар нутгийнхаа төлөө босох цаг болсныг олон зүйл харуулаад байх шиг ээ.

Тайчир


URL:

Сэтгэгдэл бичих