УИХ Оюу толгойн гэрээг яагаад хэвээр нь үлдээв
Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэх ёстой. Үүний тулд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хэрэгтэй гэдэг шаардлагыг өмнөх парламентын үеэс гишүүд тавьж эхэлсэн. Одоогийн УИХ-д ч ийм бодолтой 25 гишүүн бий.
Тэд өнгөрсөн мягмар гаригт болсон ээлжит бус чуулганы хаалтын хуралдаанд сэтгэл дундуур үлдсэн нь ойлгомжтой.
Учир нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэсэн заалтыг оруулсан байв. Гэхдээ мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх явцад энэ заалтыг өөрчилж, Оюу толгой гэдэг үгийг нь хассан юм. Ингээд уул уурхайгаас гадна эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдал, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг Засгийн газар эргэн харах шаардлагатай хэмээн өөрчилж оруулж ирсэн. Үүнийг мэдээж дээрх 25 гишүүн эсэргүүцсэн. Та нар Оюу толгойн гэрээг өөрчлөхгүй гэж үзэж байна. Ингэж болохгүй” хэмээн буруутгаж шүүмжилсэн.
Эцэст нь уг заалтыг дэмжих үү, үгүй юу гэдгээр санал хураахад лав парламентын танхимд суусан гишүүдийн 26 нь уул уурхайн салбарт хийсэн гэрээнүүдийг эргэж харах хэрэгтэй гэсэн санал өгсөн юм. Харин үлдсэн 27 нь дэмжсэнгүй. Ингэснээр Оюу толгойн гэрээ хуучнаараа явахаар болж байна.
Эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй болчихоод байгаа энэ үед УИХ ийм шийдвэр гаргасан нь зөв гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Оюу толгойд хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийнхон манай Засгийн газрын нөхдүүдтэй уулзаж “Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэвэл бид хөрөнгө оруулалтаа татахаас өөр арга алга” хэмээн хэлсэн сурагтай. Хэрэв ийм зүйл болбол Монголын эдийн засаг ганхаж, амьдрал улам хүнд болох нь ойлгомжтой. “Рио Тинто” хөрөнгө оруулалтаа татвал ард түмэн эргээд хөмөрсөн тогоон дахь хуучин Монголдоо буцна. Үүнийг УИХ-ын гишүүд тал талаас нь бодож, тунгаасны эцэст шийдвэрээ гаргаж, кноп дарсан биз ээ. Уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа анх удаа гурав дахь хөршийн бодлогыг оруулж ирсэн нь Орос, Хятадын дагуул орон мэтээр ойлгогдоод байсан манай улсыг дэлхий нийтэд өөрөөр харуулж эхэлсэн билээ. Тиймээс гурав дахь хөршийн бодлогыг халаад хаячихлаа гэхэд бид урд, хойд хоёр хөрш рүүгээ царайчилж таараа. Тэглээ гэхэд тэд манай саналыг эерэгээр хүлээн авч, ашигтай гэрээ байгуулах уу гэдэг нь эргэлзээтэй. Дахиад бүхнийг шинээр эхэлж бужигнана. Дээрээс нь Монгол Улс Орос, Хятад гэдэг хоёр том гүрний дагуул орон гэдгээ бататгахаас цаашгүй. УИХ үүнийг л бодож Оюу толгойн одоогийн гэрээг хэвээр нь үлдээхээр шийджээ.
М.ЦЭЦЭГ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: