Харүмафүжи зуун хувийн амжилтаа үргэлжлүүлсээр

Аки башёг тэргүүлж явсан манай гурван бөхийн хоёр нь тэмцээний арав дахь өдөр ялагдал хүлээснээр аварга цолонд горилогч озэки Харүмафүжи ганцаараа зуун хувийн амжилт үзүүлсэн бөхөөр тодроод байна. Өнгөрсөн тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн тэрбээр уржигдар Такаясүг эхний мөргөлт дээр тэнцвэр алдуулж, сэхээ авч амжаагүй байхад нь баруун гараар мавашины барьц аваад ёрикирдэн дэвжээнээс түлхэж гаргасан юм. Улмаар манай бөх өчигдөр барууны найм дахь маэгашира Окиноүмигээр ээлжит даваагаа авсан. Гэхдээ их аваргын болзол сонссон Д.Бямбадоржийн хувьд уг барилдаан нэлээд хүндхэн болсон бөгөөд нервээ арайхийн барьж буй нь ажиглагдсан юм. Тэрбээр бариа зөрүүн дээр зүүн гараар барьц авч, өрсөлдөгчөө дэвжээний зүүн зах руу түрсэн ч жин ихтэй Окиноүми дайралтыг зогсоосон төдийгүй хүчээр ааглан санаачлагыг авав. Гэвч озэки хүчийг нь дагуулаад уватэнагэ мэх хийн хоёр бөх дэвжээнээс зэрэг гарсан юм.

Шүүгчдийн зөвлөл барилдааныг хянасны эцэст манай бөхөд ялалтыг өгсөн. Үнэхээр ч удаашруулсан бичлэгээс харахад Окиноүмигийн гар түрүүлж газар хүрсэн байлаа. Ийнхүү ямар ч байсан эхний 10 өдөр унахгүй байх даалгавраа давуулан биелүүлж, зуун хувийн амжилтаа үргэлжлүүлж буй Харүмафүжи үлдсэн дөрвөн өдөр гурав ялахад л цол нэмэх ихээхэн магадлалтай боллоо. Их аварга Хакүхо башёгийн 10 дахь өдөр маэгаширагийн тавдугаарт бичигдсэн Точиозанд өвдөг шороодсон.

25 настай япон бөх тачиай дээр баруун гарын ашигтай барьц авснаар карьертаа анх удаа ёкозүна цолтныг унагаж, кимбоши авах болзлыг биелүүллээ. Тэрчлэн тавдугаар сарын тэмцээний түрүү бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ялалтын цувралыг мягмар гаригт нутгийн дүү Какүрюү М.Ананд тасалсан юм. Хэдий тийм ч манай хоёр бөх маргааш нь алдаагаа дор нь залруулж Хакүхо Гоэйдог гуравхан секундэд ёрикиригээр, Кёкүтэнхо Хоомашёог хатакикоми мэхээр яллаа. Тэдэнтэй зэрэгцээд байсан озэки Кисэностао хашир туршлагатай Аминишикигийн тавин хувиа биелүүлэх зорилтынх нь “золиос” болсноор манай гурван бөх намрын тэмцээнийг ахиад л манлайлах болов.

Өнөөдөр Хакүхо өмнө нь гурав ялж байсан Миёогирюүтэй, Харүмафүжи хоорондын тулаанд 12:6-гаар давамгайлж буй Гоэйдотой тус барилдана. Жюүрёогийн зүүн жигүүрийн хоёрт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр “жүжигчин” Такамисакирд дийлдсэн ч нэгэнт тавин хувиа хийсэн тул Кюүшюүгийн тэмцээнд дээд зиндаанд дэвших нь тодорхой болжээ. Тэрчлэн макүшитад Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэйро А.Өнөболд, Сэншёо Э.Баярбат, Рюүонами Б.Буянжаргал, Тоорүгава Д.Ууганбаатар, санданмэд Аратоши В.Цэрэндорж, Чиёшёома Г.Мөнхсайхан, Дайонами Б.Ууганбаяр нар тавин хувиа хийгээд байна.

МАКҮҮЧИ ЗИНДАА

Зүүн                      Цол               Баруун

Хакүхо 10-1              Ё

Харүмафүжи 11-0     О                Кисэносато 9-2

Котошёогикү 2-2-7    О                Барүто 1-3-7

Котоошюү 2-4-5        О                Какүрюү 9-2

Миёогирюү 8-3         С                 Гоэйдо 6-5

Аойяма 3-8               К                Точиношин 3-8

Шёохозан 3-8            М1              Кайсэй 5-6

Аран 2-9                  М2               Гагамарү 3-8

Хоомашёо 6-5          М3               Тоёоношима 3-8

Аминишики 8-3        М4               Тоёохибики 5-6

Точиоозан 7-4          М5               Такэказэ 7-4

Токитэнкү 5-6           М6                Масүнояма 6-5

Миябияма 4-7          М7                 Шёотэнро 4-7

Дайдо 4-7                М8                Окиноүми 8-3

Китатайки 3-8           М9                Такаясү 9-2

Ёшиказэ 6-5             М10              Вакакоюү 5-6

Кёкүтэнхо 10-1         М11              Ваканосато 5-6

Чиёотайрюү 5-6        М12              Такарафүжи 3-8

Асасэкирюү 5-6        М13              Тэнкайхо 3-8

Асахишёо 6-5            М14              Кимүраяма 5-6

Фүжиазүма 4-7          М15               Саданофүжи 3-8

Таканояма 4-7            М16

МОНГОЛ СҮМОЧДЫН АМЖИЛТ

Жюүрёо

З-2 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3

З-10 Таканоива А.Баасандорж 5-6

З-14 Араваши Э.Дөлгөөн 4-7

Б-14 Ониараши Ө.Өлзийжаргал 2-9

Макүшита

З-1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-1

З-5 Азүмарюү С.Тодбилэг 4-2

Б-8 Широнорюү Э.Одгэрэл 3-3

З-9 Сэйро А.Өнөболд 4-1

З-10 Кагамио Б.Нанжид 3-2

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-4

Б-21 Вакамишёо Г.Ган-Эрдэнэ 2-4

Б-30 Рюүо Э.Санчирболд 3-2

З-36 Сэншёо Э.Баярбат 4-1

Б-42 Тайга С.Шаравнямбуу 3-2

З-45 Рюүонами Б.Буянжаргал 4-1

З-58 Тоорүгава Д.Ууганбаатар 4-2

Санданмэ

Б-7 Аратоши В.Цэрэндорж 4-2

Б-11 Чиёшёома Г.Мөнхсайхан 4-2

Б-42 Дайонами Б.Ууганбаяр 4-2

Б-97 Такакасүга Э.Энхманлай 3-2

Р.МАНЛАЙ

sportzone.mn


URL:

Сэтгэгдэл бичих