ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр албан тушаалдаа үлдэх гэж Шадар сайд Д.Тэрбишдагвыг “царайчилж явна”
Засаг солигдоход хамгийн ихээр мэгддэг хүмүүсийн тэргүүн эгнээнд яам, агенлагийн дарга нар байдаг билээ. Монголд сүүлийн 22 жилийн хугацаанд улс төрийн албан тушаал гэдэг сонин эрх мэдэл бий болж, үүнийг тойрсон улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн анхаарал санаашрал ил цагаандаа гарч төрийн алба хаагчид нэрвэгддэг нь жам ёсны үзэгдэл болжээ. Албан тушаалын төлөө улаан цайм хөөцөлдөж явдагаас болж Монголд тогтсон зөв голдьрилоороо ажил үүргээ гүйцэтгэдэг газруудын үйл ажиллагаа цалгардаж ирсэн. Үүний томоохон жишээ бол мөнхийн хэл ам дагуулж буй Улсын ОБЕГ болоод байгаа бөгөөд дарга, удирдлагууд нь улсын хөрөнгийг онц их хэмжээгээр хувийн эрх ашигтаа зориулан идэж шамшигдуулсан талаар одоо ч шүүх, цагдаагийн байгууллагад асуугдсаар байна.
ОБЕГ-ын дарга нь байнгын байгалийн гамшиг шигээ эрх мэдэл, албан тушаалын гамшигтай явж ирсэн бөгөөд одоогийн удирдлага болох Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд ч гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын дарга ууж согтууран машин барьж яваад хоёр хүний амь насанд хүрсэн бол саяхан тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад нэгэн аврагч хүнд бэртэн одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Ноён Ц.Амгаланбаяр мөн л П.Даш генералын гашуун туршлагаар Нөөцийн газрын дарга Батсайхантай хамсран ОБЕГ-ын их хэмжээний хөрөнгө, мөнгийг хувьдаа завшсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй хар мэдээллүүд, дам ярианууд гарч ирсэн билээ. Ц.Амгаланбаяр нь Цагдаагийн академийн захирал, Замын цагдаагийн газрын дарга, ОБЕГ-ын дарга гэсэн албан тушаалуудыг хашсаар ирсэн бөгөөд энэ албан тушаал дээр байх хугацаанд нь ажил үүргийн дутагдлууд, алдаанууд гардаг ч ямарваа нэгэн байдлаар дарагдсаар өнгөрдөг талаар тус салбарын ажилчдын дунд явган яриа тархжээ.
Баттай бус эх сурвалжийн мэдээллээр бол одоо ноён Ц.Амгаланбаяр шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөгөөр үзэгдэх болж, таван жил суусан албан тушаал дээрээ нэмээд дөрвөн жил эрх мэдлээ хадгалан генерал цолтой болохыг горьдож яваа сурагтай. Ер нь хуучин цагийн даргаас хусуулаад дарга болдог тогтолцоог халж, хариуцлага тооцдог ардчилсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар эрхбиш нэг юм бодох цаг ирсэн биз ээ. Монгол Улсын зовлонг үүрэлцэж явдаг Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүн өөдлөн дэвжихийн тулд шинэ удирдлага, шинэчлэл хэрэгтэйг байнга хүсч явдагаа өөр хоорондоо ярьсаар байна.
С.Өлзий (www.wikimon.mn)
URL: