Эрчүүд ээ, биеэ үнэлж тэнэгтэв дээ!
Хайр сэтгэл моодноос гарах цагаар залуу эрчүүд биеэ үнэлдэг болдог юм байна. Гахай явган, нохой нүцгэн оюутан залуу хажуугаар нь “Бенз” хөлөглөн, хөөрхөн охин хажуудаа суулган гарах ганган ахыг хараад атаархсандаа тэр үү амархан мөнгө олох аргыг сонгодог болж. Та танилцах зартай сониныг хараарай. 20-той “боё” байна, эгчмэд бүсгүйтэй танилцана, санхүүгийн дэмжлэг авна, яараарай ч гэх шиг. Яана даа, яана залуучууд минь. Та нарт яаж улс орноо, орон гэрээ даатгана даа, харамсалтай байна. Сэтгэл чинь ялзарчихаж, сэтгэлгээ чинь сүйрчихэж. Үгүй, ирээдүйн өрхийн тэргүүн, үр хүүхдүүдийн минь эцэг шүү дээ. Хар нялхаасаа биеэ зараад мөнгө олох бэлэнчлэх сэтгэлгээтэй болчих гэж. Эгч хүүхнээр татуулна тэтгүүлнэ, өөр юу юу ч билээ. Нөгөө сайхан 20 насны хорьж болдоггүй дурлал хаачсан юм бэ. Зураг шиг охидыг тэрэг шиг дайрдаг үе яасан бэ. Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг насаа мөнгө бодож хөгшин хүүхний өвөр дулаацуулж өнгөрөөхөөс харамсахгүй, харамлахгүй байна уу. Ядаж л цэл залуу насаа хайрла л даа, биеэ биш юм аа гэхэд. Үгүй тэгээд зараар танилцсан, мөнгөн дээр тогтсон, насны зөрүүтэй эр, эм хоёрын дунд үнэнч сэтгэл байх уу. Яаж ч бас үгүйсгэхэв, өдрийн од шиг л байх даа.
942461.. [20:35:14]
dajgui egch naras s avay.tseverch 26 tai zaluu bn
891262.. [16:13:50]
Hi chin setgelese s-r tuslah soeltoi hun bnu 2 dajgui zaluu bn
898034.. [15:43:35]
Dajgui zaluu egch nartai taniltsana massaj hiiye. Gol ni sanhuugiin demjleg ogoh huntei shu…
958285..
2012/09/13 14:30
20toi boy bna sanhugin duslaltsa bainga avna yaraltai gantshan huntei uulzna shu yaraltai dajgu shu
Ээ л дээ. Ганц эгчтэй ч биш, эгч нартай танилцаж массаж, бас бус юм хийх сонирхолтой залуус байх гэж. Ер нь дурлал чи Монголд, Монголын залуусын дунд байна уу. Эргэн тойрон тэр тэнэг залуу, энэ явдалтай охин гэсэн яриа. Хүнийг сайн сайхнаар харж болохоо байсан орчлон уу. Тэгсэн мөртлөө эмэгтэйчүүдийн эмч нар нь бэлгийн замын халдварт өвчин дийлдэхээ байлаа гэж халаглан хашгичих. Яагаад хайр сэтгэлийг өнгө, мөнгөний дараа тавиад байгаа юм бэ. Залуусаа зүгээр л дурла, үеийн жаахан охинд сэтгэлээ илчил, гол нь сэтгэлээсээ. Залуу хүн байна даа, шататлаа дурла, шаналсан ч яадаг юм. Үхье гэж бодотлоо л дурла, тэрнээс цааш хэрэггүй. Салсан ч, нийлсэн ч дараа нь сайхан дурсамж болно. Тэгж шоудах гээд мөнгө байдаггүй, арга ядахдаа харвин нь халбийсан авгайгийн өвөрт хэвтэж билээ гэдгээс чинь харьцуулшгүй гэрэл гэгээ, жаргалтай мэдрэмж тэр үед тархинд, бас зүрхэнд чинь орж ирнэ.
Охидыг яахав, гэнэн тэнэгтээ гэж бодохсон. Гэтэл эрчүүд юу вэ, эрхтэнээрээ удирдуулдаг. Эрхтэн нь харин мөнгөнд удирдуулаад л. Эгчмэд гэж нэрлээд байгаа бүсгүйчүүдийнхээ эмзэг сэдэв дээр битгий дөрөөл. Адгийн аргаар мөнгө, зугаа цэнгэл хөөсөн ийм хүмүүст ирээдүйг даатгаж болж байна уу үгүй юү. Саяхан Н.Батцэрэг гишүүн өрхийн тэргүүн бүртэй төр гэрээ хийх саналыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр тавьж байсан. Бусад гишүүд мөрөөрөө гэр бүлээ тэжээгээд явж байгаа залуус төртэй би эхнэр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн хүн. Ноён нуруутай байж, эхнэрээ өлсгөхгүй, хүүхдээ дааруулахгүй, орох оронтой ойчих аягатай амьдруулна гэж давхар гэрээ байгуулбал уурлана шүү дээ. Тэглээ ч эмэгтэйчүүдийг дорд үзэж байгаа хэрэг гээд өөр хоорондоо тэнэг балай, гажиг Гармаа шиг нь гайхаад л өнгөрсөн. Эрхэм гишүүний хэлсэн аргагүй юм байна л даа, “танилцъя” зарын эгчмэд бүсгүй хайсан “хайлтын булан”-г үзвэл. Эрчүүд ийм балиар болсныг мэдсэн болохоор л энэ асуудлыг тавьсан байх. Юун ноён нуруу, мөнгөтэй хүүхэн хайж байгаа хүний нуруу нь яаж ч ноён байхав. Хугарсан нуруутнуудыг “ноён” байлгах саналаа УИХ-ын чуулганд оруулах хүртлээ сөхнө гэсэн, Н.Батцэрэг гишүүн. Эмээс адгийн аргаар тусламж авах арчаагүй бодолтонгуут харьцангуй цөөн ч хүн амынхаа тоотой харьцуулахад зарын сонины нүүр дүүргэх ийм хүсэлтэн хэт олон. Бүр парламентын байнгын хороон дээр яригдах хүртэл хэмжээнд оччихсон байна шүү дээ.
Залуу насанд мөнгө олохоос илүү, мөнгө олох аргаа олох хэрэгтэй. Гагцхүү хулгай хийж, худлаа хэлж, бас биеэ үнэлэх аргыг л олж тэнэгтэв. Адгийн арга. Олсон мөнгөнд чинь буян байхгүй, онож төрсөн орчлонд чинь ч учир байхгүй. Хүний орчлонд хүн шиг амьдраад буцах үндсэн теором бий. Залуусын баян хүүхэнтэй холбогдсон энэ завхрал яав ч хайр дурлал бялхсан амьдралтай нийцэхгүй байна. Бүр тэс хөндлөн байна.
Сэтгэлээ нээ, дурлал үнэртүүл. Энэ чинь чиний залуу нас. Дараа нь чамд бид эх орон, эхнэр хүүхдээ даатгах гээд байна, эр хүн шиг бай.
Л.Мөнхзаяа
shuud.mn
URL: