АРДЫН НАМ ХУВЬСГАЛТ НАМ РУУ НҮҮЖ БАЙНА

Монгол Ардын намд харьяалалтай байсан 300 гишүүн өчигдөрхөн Хувьсгалт намдаа үнэнч хэвээр үлдлээ. Угаасаа ч МАХН-ын гишүүд болохоор гишүүнчлэлээ л сэргээж байгаа гэж тэд тайлбарлаж байна. Нэг дор 300 гишүүн урвуулан авч чаддаг гэдгээ МАХН ёслол төгөлдөр нотоллоо. Нийслэлийн МАН-ын удирдах ажилтны зөвлөлгөөн гэгчийг шинэхэн цагаан ордондоо хийж, намын үүрийн дарга нараа цуглуулж хуралдаад ганцхан хонож байхад ийм явдал боллоо шүү дээ. Шинэхэн дарга, удирдлагатай болсон нийслэлийн МАН-ын хорооныхон 152 үүрийн дарга нараа цуглуулан хуралдаад ч нэмэр болсонгүй.

Хуралдсаны маргааш л 300 гишүүн нь МАХН руу алхаад марш боллоо. Харин МАН-ынхан дарга нарынхаа уран гоё үгтэй илтгэлийг сонсоод сууж байсан ч сэтгэл зүрх нь МАХН-даа байсан бололтой. Тэгээд ч болоогүй дараагийн 300 нь МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхээр бэлтгэж байгаа гэнэ. Нэг хоёр удаад ч ингэж МАН-аас МАХН руу явж байгаа юм биш.
Анхдагч нь мэдээж Н.Энхбаяр тэргүүтнүүд. Түүний араас дагаж гарсан хүмүүсийг тэр үед маш том алдаа хийлээ гэцгээж байсан ч цаг хугацааны эрхээр сонголт зөв болсныг өдгөө харж л байна.
Тийм ч болохоор МАН-ынхан МАХН руу хошуурч байх шиг. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар тун чиг эгзэгтэй үед Н.Энхбаярын МАХН-ыг дагаснаар өдгөө азтайд тооцогдож буй. Хамтарсан Засагт уригдаж, залагдан байж очсон МАХН-ынхан дунд албан тушаалгүй хүн бараг үлдээгүй гэхэд болно. Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд болсон жишээ энд хангалттай. Тиймдээ ч магадгүй Засагт багтах нь байтугай УИХ-д бүлгээ байгуулж чадахгүй яваа Ардын намыг Хувьсгалт намаар сольж байхыг үгүйсгэхгүй.

Хоёр дахь нүүдэл суудал амжилт олсноос МАН-ын гишүүд их зүйлийг ойлгож ухаарсан бололтой. Ийм сонголт хийхэд нөлөөлсөн өөр нэг үндэслэл яахын аргагүй албан тушаал, эрх мэдэл. Олон жил төрийн толгойд явсан Ардын намынхан хаа сайгүй “лааз өшиглөж” явна. Тэдний эгнээнд нэгдэхгүй байхын тулд МАХН хэмээх шүхэрт орж зогсохоос өөр арга үгүй. Дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооноос харахад л МАХН-д боловсон хүчин дутмаг болохыг хэн хүнгүй л ойлгосон байх. Түүгээр ч зогсохгүй агентлаг, газрын дарга нар гээд дахиад ч бялуу хүртэх боломж энэ намд бий. Гурав дахь удаагийн нүүдлээр саяхан албан тушаалаа өгсөн Монголбанкны ерөнхийлөгч Пүрэвдоржийн хүү Хангал, Усны газрын дэд дарга асан З.Батбаяр нарын 300 хүн МАХН-даа эргэн ирэв. Тэдний төрийн ажил хийж үзсэн туршлага нь Хувьсгалт намынханд хэрэг болох нь гарцаагүй.
Энэ мэт олон хүчин зүйл гурав дахь их нүүдлийг МАХН руу чиглүүлсэн гэж харагдана. Яагаад гэвэл ирэх дөрвөн жилд МАН-д тийм ч сайхан ирээдүй харагдахгүй байгаа гэхэд болно. Харин яаж ч байсан МАХН-д наалдах нь аль аль талаасаа ашигтай хувилбар хойно улс төрийн сонголтыг хүндэтгэн үзэх учиртай.


Дараагийн их нүүдэл УИХ-ын экс гишүүд байж ч магадгүй. Д.Арвин, Р.Раш, Д.Загджав нарыг уугуул нам руугаа явах нь гэсэн мэссеж аль эртнээс л ниссэн. Хариуг нь харин хаанаас илгээхийг л хүлээх үлдэж байна. Нэгэн сайхан нартай өдөр хууччуулаа дагаад МАХН-даа очлоо гэсэн мэдээ ирэх л дутуу байх шиг. Хэдийгээр тэд өөрсдөө ямар нэг тайлбар хэлэхгүй байгаа ч Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд “үгүй үгүй” гэсээр байгаад л Н.Энхбаяртай нэгдсэнийг зориуд сануулъя.
УИХ-ын сонгуулийн өмнө болсон анхны нүүдэл суудлын дараа ямархан үр дүн гарлаа даа. Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ынхан МАХН руу олноороо нүүж байгаа нь сайны ёр уу, муугийн ёр уу. Нүүдэл суудал ч дуусах болоогүй байна даа.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих