Н.Түвшинбаярыг ялсан Оросын тамирчин допинг хэрэглэсэн үү?
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярыг өнгөрсөн олимпод ялж алтан медаль авсан Оросын тамирчин Тагир Хайбулаевыг допинг хэрэглэсэн байж магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр twitter, facebook-ээр жиргэсэн юм. Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал, Н.Түвшинбаяр олимпын хос алтан медальтай болох нь гэсэн цуу яриа гарлаа.
Энэ талаар албаны хүмүүсээс тодруулав. Олимпийн хорооны дарга Д.Загдсүрэн хэлэхдээ “Энэ талаар өнөөдөр надаас хоёр, гурван хүн асууж байна. Олон улсын олимпийн хорооноос албан ёсны мэдээлэл ирээгүй. Тиймээс баттай эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Энэ мэдээлэлд сураг тавихыг Монголын үндэсний допингийн эсрэг төвд хэлсэн байгаа” гэв. Жүдо бөхийн холбоо болон Монголын үндэсний допингийн эсрэг төвөөс тодруулахад мөн л “Албан ёсны мэдээлэл ирээгүй” гэсэн хариу хэлсэн юм. Харин олимпийн хос медальт Н.Түвшинбаяраас өөрөөс асуухад “Энэ талаар танаас өмнө надаас нэг хүн асуусан. Миний хувьд мэдсэн зүйл алга. Худлаа цуу яриа байж мэднэ шүү дээ” гэсэн юм. Оросын сайтуудаар энэ талаарх мэдээлэл байсангүй.
Х.ЦЭНД-АЮУШ
medee.mn
URL: