Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-аар батлагдсан энэхүү хуулиар бол зарим хороо Иргэдийн Хурлын төлөөлөгчгүй байх нөхцөл бий болсон аж.
Тиймээс хуулийн дөрөвдүгээр зүйлийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно”, “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно” гэсэн өгүүлбэрүүдийг нэмэхээр хуулийн тесөлд тусгажээ. Ингэснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сум, дүүргийн бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэх юм байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: