Амраг садны төрийн алба буюу төрд шургуулагчид

Сонгуулийн өмнөх нь “Амраг садны сонгууль” гээд л шуугиж, ах дүү, хамаатан садан, эхнэр нөхөр гэр бүлээрээ энэ удаагийн сонгуульд хүч үзэж байгаа хүмүүсийн талаар манай сайт уншигч та бүхэндээ сонирхуулж байсан билээ. Тиймдээ ч өнөөдөр нэг гэр бүлийн базууд, мөн үе дамжин гэр бүлээрээ УИХ-д сууж байгаа улс төрчид гээд л гоё ганган гуншин зүүсэн нэлээд хэд хэдэн хүмүүс бий. Гэхдээ үүнийг нэг их буруутгах илүүц биз. Учир нь тэднийг ард түмэн сонгосон. Тэдэнд итгэсэн, итгэлийн хүлээгээд дугуй танхимд суун, улс орны асуудлыг тэдгээр иргэдийг төлөөлөн шийдвэрлэлцэж сууна.

Энэ бол ард түмэнд халтай зүйл биш. Харин хамгийн аюултай нь УИХ-ын гишүүн болчихоод албан тушаал, танил талаа ашиглан ах дүү хамаатан саднаа төрийн албанд шургуулах. Яг одоогийн байдлаар нэр цохох нэлээд хэдэн хүмүүс өөрсдийн ах дүүгээ аль нэг газрын дарга, ахлах мэргэжилтэн болгоод амжжээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл, нөгөөтэйгүүр албан тушаалаа хувийн сонирхолдоо нийцүүлэн ашиглаж буй хэрэг.

Хэдийгээр тэдэн дунд өөрсдийн хүч чадлаараа энэ суудалд суусан нэгэн байгааг үгүйсгэхгүй ч ихэнх нь “ярианы” хүмүүс байгаа нь тодорхой. Тэдний нэг нь Ардчилсан намын нөлөөтэй улстөрчдийн нэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж. Тэрбээр өөрийн ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар шургуулжээ. Өмнө нь “УБ хот тохижилт” компанийн захирал хийж байгаад 2004-2005 онд УИХ-ын гишүүний туслах болсон түүхтэй ч хотын мээр Э.Бат-Үүлийн албан тушаалын томилгооны тэргүүн эгнээнд нэрээ бичүүлэн ийнхүү газрын дарга боллжээ.

Нэг намын хүмүүс иймэрхүү тохиролцоо байдаг л юм байна. Түүний араас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг орох нь. С.Эрдэнэ сайдын хувьд хамаатнаа нэг газрын дарга болгосон сураг дуулдаж байгаа бөгөөд нэлээд нууцлалтай байгаа аж. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн томилгоо нийтэд ил өрнөж байна. Тэрбээр Хууль зүйн яамны газар, хэлтсийн дарга нарыг бараг л бүгдийг нь халж, албан тушаалыг нь бууруулсан ч ганцхан хүнийг албан тушаалыг нь хэвээр үлдээжээ.

Тэр нь УИХ-ын дарга З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий. Тэрбээр өмнөх парламентын үед Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дар­га байсан. Одоо ч тэр хэвээрээ ажиллаж байна. Харин цомхтгосон орон тоон дээрээ Ардчилсан намын залуусаар орон тоо бөглүүлж эхлэв. Түүний нэг нь өмгөөлөгч О.Алтангэрэл. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болжээ. Түүнээс гадна Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болсон нь нэлээд хэл ам дагуулаад байгаа. Уг нь Л.Гантөмөр сайдад ам сайтай хүмүүс нэлээд их байдаг билээ.

 

Гэвч тэрбээр өндөг шиг өөгүй хүн биш. .Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулангаас гадна УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн туслах Л.Оюунцэцэг Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-мониторингийн газрын дар­га болж мөн л суга дэвшүүлсэн байна. Мөр тэрбээр өөрийн зөвлөхөөрөө МАН-ын гишүүн, “Ёс эрдэм” бүрэн дунд сургуулийн захирал Э.Энхпүрэвийг авчээ. “Электрон жаал” гэж нэрлэгддэг түүний ур чадварыг сайд ийнхүү таашаасан аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нэгэн томилгоо хийсэн нь дэд даргын орон тоо байв. Харин тус суудал очсон хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн байсан төдийгүй садангийн дүү нь Хөдөлмөрийн яамны төрийн нарийн болсон гэх мэдээ ч байна.

 

А.Хүү chuhal.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих