“Орос III”-ын чанар муудсаныг зуугаараа F үнэлэгдсэн сурагчдын дүн харуулав
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон дахин хэл аманд өртөв. Хоёр жилийн өмнө 150 гаруй сурагч хоолондоо хордож, сайдын тушаалаар ажлаасаа халагдаж байсан Ж.Соронзон энэ удаа 80 сурагчийг сургуулиасаа хөөсөн гэх асуудалд холбогдоод байна.
Тодруулбал, Ж.Соронзон захирал тус сургуулийн наймдугаар ангийн 80 сурагчийг давтан шалгалтдаа “F” үнэлгээ авсан гэдэг шалтгаанаар сургуулиас хөөх шийдвэр гаргажээ.
Гэвч найман жилийн турш олон сая төгрөгийн төлбөр төлж, бас бус “хандив өргөж” өдий хүрсэн сурагчдын эцэг, эх хэл ам хийж, яамны үүдэнд жагсах дээрээ тулснаар асуудал түр намжаад байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн захирал Ж.Соронзон “F” дүн авсан 80 сурагчаас дахин шалгалт авахаар болжээ.
Хэдийгээр муу сурч, муу дүн авсан нь сурагчидтай холбоотой ч сурагчийг муу сургах эсэх нь хичээл зааж буй багшаас хамаарна. тэр тусмаа ангиараа F үнэлгээ авч байгаа нь шууд багшийн буруу. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн хувьд чанартай боловсрол олгодог гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын гэрээгээр 1995 онд байгуулагдсан энэ сургууль цагтаа тийм ч байлаа.
Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд тус сургуулийн боловсролын чанар муудсаныг зуу, зуугаараа “F” үнэлгээ авч байгаа сурагчдын боловсрол харуулж байна. Ж.Соронзон захирлын хэлснээр бол өнгөрсөн жил 180 сурагч нэгээс дээш хичээлд “F” үнэлгээ авчээ. Эдгээрээс дахин шалгалт авахад 100 сурагч нь тэнцсэн аж.
Харин үлдсэн 80 сурагч дахин шалгалтдаа тэнцээгүй тул тэднийг сургуулиас нь хөөх шийдвэр гаргасан гэнэ. Нэг зэрэг 80 хүүхэд давтан шалгалтад муу дүн авсан тул үүнийг зөвхөн сурагчдын өөрсдийнх нь толгой муугаас болсон гэхэд итгэмээргүй.
Хэрэв Ж.Соронзон захирал өөрийнх нь хувийн сургууль мэт аашилж, сонгон авч хичээл зааж буй багш нараа ар, өврийн хаалгаар бус, эзэмшсэн мэргэжил, боловсролыг нь харгалзаж ажилд авсан бол өнөөдөр энэ сургуулийн 80 сурагч давтан шалгалтад “F” дүн авчихаад уйлж зогсохгүй байсан биз.
Гэтэл муу сурсан нэр зүүчихээд буй 80 сурагчийн эцэг, эх чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд “Орос III”-т найман жилийн турш сая, сая төгрөг зарцуулчихаад байгаа. Одоо есдүгээр ангид орох сурагчийн жилийн төлбөр 1.850.000 төгрөг. Энэ хүүхэд анх нэгдүгээр ангид орохдоо буюу 2004 онд 700 мянган төгрөгийн төлбөр төлж байв. Ингэхээр 2004-2012 оны хооронд хүүхдээ “Орос III”-т сургах гэж нэг айл 10 гаруй сая төгрөгийн төлбөр төлжээ.
Түүнчлэн энэ сургуульд зүгээр төлбөр төлөөд хүүхдээ оруулдаггүй гэдгийг хүн бүр мэднэ. 09-р сарын 1-нд Ж.Соронзон захирал эсвэл ангийн багштай нь “гарын бэлэг”-тэй золгодог заншилтай гэдгийг энэ сургуульд хүүхдээ оруулсан бүх эцэг, эх ил хэлэхгүй ч, далд ярьдаг. Ингээд бодохоор сургуулиасаа хөөгдөх гээд байгаа сурагчдын эцэг, эх найман жилд 20 орчим сая төгрөг зарцуулчихаад аттестат дээр нь “F” гэдэг дүн тавиулахыг хүсэхгүй байх нь аргагүй.
Харин Ж.Соронзон бүх бурууг сурагчид болон хүүхдэдээ анхаарал тавьдаггүй гэх шалтгаанаар эцэг, эхэд нь тохчихоод “Ийм зүйл жил бүр давтагдаж байдаг” хэмээн хээв нэг яриад сууж байна. Ж.Соронзон олноороо муу дүн авч байгаа хүүхдүүдийнхээ бурууг багш нартайгаа ч хуваалцах ёстой.
Өнгөрсөн жил муу дүн авсан 180 хүүхдийн 100 нь эргэж сургуульдаа орохдоо таньдаг, мэддэг хүмүүсээрээ дамжуулж, арын хаалгаар дахин тэнцсэн гэнэ. Тус сургуульд иймэрхүү асуудал үүсдэг гэдгийг Ж.Соронзон захирал өөрөө ч хэлж байна лээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шалгалтын хуудсыг гурван багш засдаг. Яагаад гэвэл нэг нь тэр хүний таньдаг, мэддэг хүүхэд байлаа гэхэд нөгөөх нь үнэн зөвөөр засна. Ямар нэгэн алдаа гаргасан багшийн цалингаас үхтэл нь хасдаг. Өнгөрсөн жил гэхэд л алдаа гаргасан багш нарын цалинг хасаад 280 сая төгрөг цуглуулсан” гэжээ.
280 сая гэдэг их мөнгө. “Орос III”-ын багш нар ганцхан жилд ийм хэмжээний мөнгө цалингаасаа хасуулж байхыг бодоход нэлээд олон сурагчийн дүнг зассан байж таарах нь. Мэдээж, ийм их эрсдэл хүлээж, дүн засч байгаа багш нар чамгүй харамж авдаг нь ойлгомжтой. Тиймээс дүн засалт хийгдээгүй байсан бол шалгалтад муу дүн авсан сурагчдын тоо 180-аар тогтохгүй байсан биз. Тэгэхээр энэ асуудал эцэстээ “Орос III” сургуулийн боловсролын чанар яаж доройтсоныг, “Орос III” сургууль нэртэй бизнесийн байгууллага болж хувирсныг харуулж байгаа хэрэг.
Энэ жилийн хувьд “Орос III”-ын нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 2.8 сая төгрөг болжээ. Дээр нь хүүхдээ оруулах гэж сургуулийн удирдах албан тушаалтнуудад нь нэг саяаас дээш төгрөгийн үнэ бүхий эд зүйлээр “гарыг нь хүндрүүлнэ”. Ингэж байж сургуульд хүүхдээ оруулах тухай ярина.
Ер нь эцэг, эхчүүд ийм байдлаар “ажилладаг” уламжлалтай. Сургалтын төлбөр, гар хүндрүүлэх эд зүйлсийн үнэ гээд бас бус зүйлийг нэмэхээр хүүхдээ “Орос III”-т оруулахын тулд дотоодын их, дээд сургуульд сургахаас ч их мөнгө зарцуулж байна. Ийм хэмжээний мөнгө зарцуулчихаад байхад хүүхэд нь муу дүн авсан гэдэг шалтгаанаар сургуулиас хөөгдөх дээрээ тулбал хэнбугай нь ч уурлаж бухимдана.
Тийм учраас Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон “Авсан шигээ өг” гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, авч байгаа мөнгөндөө тааруулж, хүүхдүүдэд боловсрол олгох хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулж байна хэмээн итгэж, хөлсөө урсгаж олсон мөнгөө хайрлахгүй зарцуулдаг.
Харин Ж.Соронзон та хариуг нь гомдоохгүй барьж баймаар юм. Эс бөгөөс найман жилийн турш Ж.Соронзон болон багш нарынх нь “гарыг хүндрүүлчихээд” хөөгдөх гэж байгаа сурагчдын эцэг, эх 2004 оноос хойш өгсөн зүйлсийнхээ жагсаалтыг бичээд АТГ-т өгчихвөл яана. Хүүхдийг нь гомдоосны хариуг ийм хатуугаар ч авах юм бил үү, хэн мэдлээ.
”Өглөөний сонин”
URL: