Хаширдаггүй Д.Хаянхярваад хариуцлага тооцъё

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүд 2700 гаруй сургууль, цэцэрлэгийн ажилтнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн халагдах тушаалаа хүлээгээд сууж байна гэх мэдээллийг өгсөн. Учир нь Сангийн сайд асан Д.Хаянхирваа долдугаар сарын 16-нд буюу сайдын ажлаа өгөхийн өмнө нэгэн тушаал гаргаснаас 2700 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болсон гэнэ.

Сангийн сайд Д.Хаянхирваа өнгөрсөн долдугаар сарын 16-нд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн ажлын байрны норм, нормативыг шинэчлэн тогтоох хүрээнд 156 тоот тушаалыг баталжээ. Хуучин боловсролын сайд Ё.Отгонбаяр “Зарим сургуулиудад багшийн орон тоо илүүдсэн. Түүнийг зохицуулах шаардлагатай гэж үзэн албан бичиг ирэхэд нь олон хүн ажлаас чөлөөлөгдөж, хүндрэл үүсэх талтай тул хуучнаар нь үлдээх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Гэвч Сангийн сайд асан Д.Хаянхирваа 156 тоот тогтоолыг баталсан” гэсэн тайлбарыг өгч байгаа бол Сангийн сайд Д.Хаянхирваа нь “Ийм нөхцөл байдал үүснэ чинээ санаагүй, гол нь багш нарын илүүдлийг арилгах зорилгоор тушаал баталсан”  гэсэн тайлбарыг хэлээд сууж байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс тодруулахад, “МАН-ын сайд нарын хийсэн ажил. Сайдын ажлаа өгөхийн өмнө ийм хууль баталж байгаа нь санаатайгаар бидний ажилд садаа болох гэсэн арга. Бид ажил хийхээсээ илүү тэдний хийсэн балгийг цэгцлэх гэсээр хамаг цагаа барж байна” хэмээн ширүүхэн тайлбар өгсөн. Энэ тушаал ирэх 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих бөгөөд энэ үеэр 2700 гаруй сургууль, цэцэрлэгийн ажилтан халагдаж, тэдний цаана байгаа олон хүн орлогын эх үүсвэр нь багасна гэсэн үг.

Яагаад ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө ийм тушаал гаргасан нь сонин. Л.Гантөмөр сайдын хэлсэнчилэн санаатай үйлдэл байж болох талтай. Ер нь Д.Хаянхирваа сайд ажилдаа “гүндүүгүй” ханддаг нь нууц биш ээ. УИХ-ын сонгуулийн өмнө  Дархан-Уул аймгийн иргэдэд улсын төсвөөс мөнгө гаргаж, тараасан байсан. Энэ талаар тодруулахад, “Тараах ёстой мөнгөнөөс үлдсэнийг нь Дархан-Уул аймгийн иргэддээ тараачихсан” гэж хэлээд сууж байх жишээтэй. Сонгууль болох гэж байгаа юм чинь сайдын нэрээ ашиглаад иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан, тэгээд яах юм гэсэн утгатай юм яриад сууж байх жишээтэй. Гэтэл сайдын ажлаа өгөхийн өмнө 2700 орчим хүнийг мөн ажилгүй болгочихоод, ийм юм болно гэж бодоогүй гээд сууж байдаг Монгол хүний гүндүүгүй зан уу, эсвэл хэний төлөө ямар ажил хийдэг ээ мэддэгүйнх ч юм уу. Монгол Улсын иргэдийг зүгээр л доромжилж байгаатай адил сонсогдож байгаа биз. Иймэрхүү шийдвэр гаргаад сууж байдаг “нөхөр” өнөөдөр дахин УИХ-ын гишүүн болсон. Харин бэлэн мөнгө дур мэдэн тараасан, 2700 иргэн ажилгүй болгох шийдвэр гаргасан УИХ-ын гишүүнээс хариуцлагыг нь хэн нэхэх хэрэгтэй юм бэ. Одоогийн сайд нь ч гэсэн тарьсан балгийг нь цэвэрлэхийн оронд, хариуцлагыг нь үүрүүлж, дур мэдэн тараасан мөнгийг нь түүний УИХ-ын гишүүний багцаас нь гаргавал ямар вэ.

2700 багш Д.Хаянхирваагийн эсрэг жагсвал яана аа?

А.ШАРХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих