“Мобижоом”-д шударга шулуулъя

«Мобиком» корпорацийн санаачлан гаргаж ирсэн «Хосоор нь хожьё» сугалаа илт луйвар байсан гэдэг нь олон нийтэд ил болсон билээ. Энэхүү сугалааны гурав дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаа тус корпорацийг нэг мөсөн балласан.

Тэд энэ сарын 10-ны 13:00 цагт МҮОНТ-ийн студид урьдчилан бичлэг хийж, оройн 21:00 цагт эфирт цацжээ. Урьдчилж бэлдсэн нэвтрүүлгээ орон даяар цацаж байгаа мөртлөө, шууд нэвтрүүлэг мэтээр үзэгчдэд хүргэж «төөрөгдөлд оруулсан» хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас үзсэн байна. Зүй нь бол «Мобиком» корпораци нэвт­рүүлэг явуулахаас өмнө «шалгаруулалтыг урьдчи­лан бэлдсэн бичлэг» хэмээн тайлбар өгөх ёстой байжээ., Тиймээс тус газраас үзэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзээд «Мобиком»-д 10 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна.

Монголчуудыг «Мобиком» шиг шулж, мөлжиж, асар их хөрөнгө босгож, гадны хөрөнгө оруулагчдын халаасыг зузаалдаг байгууллагад 10 сая төгрөгийн торгууль ногдуулна гэдэг хэтэрхий «жулдсан» арга хэмжээ. Гэхдээ энэ нь ШӨХТГ-ын буруу биш, ийм монополь эрхтэй газруудын хууль бус үйл ажиллагааг зохицуулах боломжгүй хуулийн хар гай. Тэгвэл Монголын ард түмний халаасыг жоом шиг хэмлэж, мэрэх аргаар шулж буй «Мобиком »-ын «Мобижоом» болсон түүхийг эргэн сөхье.

1996 оны гуравдугаар сарын 18. Үүрэн холбооны анхны оператор «Мобиком» корпорацийн төрсөн өдөр.
Монголчууд шулуулж эхэлсэн энэ өдрөөс хойш 16 жил өнгөрчээ. Үнэндээ бол «Мобиком» манай улсын техник, технологийн хоцрогдлыг маш сайн ашиглаж чадсанд л гол учир нь байгаа юм.

1996 онд урьдчилсан төлбөрт» картын шинэ дугаар авахад 33900 төгрөг байсан гээд бод доо. 2005 онд 16700, одоо 7.000 болж буураад байна. Алт, мөнгөн дугаар, 9911, 9919-тэйгээсээ шалтгаалаад эдний дугаар дээшээ 100 сая төгрөгт хүрч байгаа гэх мэдээлэл бий. Магадгүй, 9911-тэй дугаар 100 сая төгрөгт хүрч байгаа гэдэг шум нь «мобижоом»-ынхны өөрсдөө зохиосон үнийн хөөрөгдөл байж ч мэдэх юм. Дугаар харах үйлчилгээ л гэхэд 1996 онд 6000 төгрөг, 2005 онд 1500 болсон.

Харин ярианы тариф 1996 онд 390, 2005 онд 190-250 байсан бол өдгөө сүлжээндээ 70, бусад сүлжээнд 100 төгрөг байна. Бусад сүлжээнд 40 төгрөгөөр мессэж бичнэ. Ийм давруу үнэ тарифтай байгууллага «Мобиком»-оос өөр хаана ч байхгүй. Дэндүү үнэтэй тариф. Цаг тухай бүрт нь тохирсон шулалт хийж байв.

Бусад үүрэн холбооны операторуудын ярианы тариф сүлжээ харгалзахгүй дунджаар 50 төгрөг. Тиймээс ч «Мобиком»-ын дотоод ажилчид нь хямд төсөр тарифтайг нь бодож Юнител, Скайтел, Жи-Мобайлыг сонгож хэрэглэж байна.

Гэхдээ «Мобиком»-ын монопольчлол бага багаар буурч байгаа гэдгийг дээрх үнийн тариф харуулж байгаа юм. 1996 онд 33900 төгрөгөөр зарагдаж байсан дугаар өнөөдөр 7000 төгрөг болж, дөрөв дахин буурчээ, Энэ нь шинэ үүрэн холбооны операторууд гарч ирсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны оператор шинээр байгуулагдах тусам «Мобиком»-ын монопольчлол багасч байна гэсэн үг.

Мөн хүрээнд хийгдэж байгаа гэх ажлууд нь яг үнэндээ компанийнх нь хариуцлагын ажлууд байдаг гэхэд болно. Тухайлбал, эднийх 1996 онд олсон орлогынхоо 5.1 сая ам.долларыг эргүүлэн хэрэглэгчдэд зориулсан гэж тайлагнадаг. Энэ нь сүлжээгээ өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг «Том жоом» болохын тул хийж байсан ажлууд байв.

1999 онд хэрэглэгчдэдээ зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 16.6 сая ам.долларт хүрлээ хэмээн тухайн үедээ сенсаци тарьсан. Улмаар 2003 онд оргил үедээ хүрч, 50.2 сая ам,долларт хүрч байна гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл энэ нь ердөө л хэрэглэгчдийг яаж, шулах вэ, яаж монополь байдлаа алдахгүй байх вэ гэдэгт л зориулагдаж байжээ.

«Мобижоом» олсон ашгийнхаа 100 төгрөг тутмын 81-ийг нь хэрэглэгчдийнхээ тусын тулд хөрөнгө оруулалт болгон бэлэглэдэг гэж ярих дуртай, Яг үнэндээ энэ нь дараагийн 100 төгрөг олох гүүрээ өөрсдөдөө барьж байгаа хэлбэр юм. Энэ нь нийт ашгийнхаа 81 хувийг хөрөнгө оруулалт маягаар монголчууддаа хүргэдэг сайхан сэтгэлтэй компани гэсэн үг. «Мобиком» ингэж чаддаг байсан бол аль хэдийнэ дампуурах байлаа.

Японы хувь нийлүүлсэн корпорациуд болох «Sumi­tomo», «KDDI» нь Монголоос ашиг олох нь чухал биш, зүгээр л хүмүүнлэг, энэрэнгүй хөрөнгө оруулалт хийж байгаа мэтээр өөрсдийгөө рекламддаг. Хэрэв тийм байсан бол «Мобижоом» нэртэй улаан загалмайн нийгэмлэг байгуулчих хэрэгтэй байсан юм. Гэтэл бодит амьдрал дээр юун хүмүүнлэгийн үйлстэй манатай. «Улаан шулаач» буюу «Улаан жоом» нийгэмлэг болчхоод байна. Бид энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Б.Даваахүү

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих