Шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ

60-70-аад он бол монголчуудын хувьд эрч хүч, эрмүүн тэмүүлэл, их бүтээлийн он жилүүд байсан гэж би хувьдаа боддог. Цаг хугацааны хувьд авч үзвэл 1953-1957, 1958-1960, 1961-1965  он гэдэг бол БНМАУ-ын УААА, соёлыг алс хэтийн \нэг, хоёрдугаар таван жил, гурван жилийн\ төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх зорилтуудыг хэрэжүүлэхийн тулд хот хөдөөгүй, дээр дооргүй, гар хумхилгүй ажиллаж байсан үе билээ.

Чухамхүү энэ үед Монгол улсын нийслэл “Эсгий хот” гэдэг олон зууны нэрээсээ салж, орчин үеийн хотын өнгө төрөхтэй болсон билээ. Гуч гаруй жилийн түүхтэй Аж үйлдвэрийн комбинатын бүтээгдэхүүний зэрэгцээ  монголчууд  өөрсдөө талх барьж, масло цохиж, нарийн боов, чихэр, ямааны шүүс \лимонны жүүс\ хийж, эдийн болон гарын саван, шүдэнз, шаазан, лаазалсан мах, архи үйлдвэрлэж, атарын I, II аян өрнүүлж, гурилтай, будаатай, төмстэй, хүнсний ногоотой болж хоол ундны маань нэр төрөл олшров.

Энэ жилүүдэд хойд урьд хоёр хилийг холбосон төмөр замтай, баруун зүүн хязгаарыг холбосон боронзон шугамтай,  12 аймаг авто баазтай, Улаанбаатар аймгуудын хооронд иргэний агаарын шугам нээгдэж, шуудан, зорчигч тээвэрлэх болсон, радио нэвтрүүлэгийн өндөр хүчин чадал бүхий Хонхорын станц ашиглалтанд орсон,   тархай бутархай амиа аргацаасан нүүдлийн мал аж ахуйг хоршооллож дууссан, хөдөөгийн бүх сум, томоохон суурин цахилгаан гэрэлтэй, улаан булан, нүүдлийн кинотой, сургуулийн насны бүх хүүхдийг хөдөөд 4 жил, хот,аймгийн төвд 7 жилийн боловсролтой болгож чадсан үе байлаа. 1960 он гэхэд 419 ЕБС-д 115,3 мянган хүүхэд суралцаж, 185 цэцрлэг яслид 9,6 мянган хүүхэд хүмүүжиж, 7 дээд сургуульд 6,9 мянган оюутан суралцаж байв.

За тэгээд “Соёлын довтолгоон”, “Социалист хөдөлмөрийн бригад”, “Бүх нийтээрээ бичиг үсэгтэн болох уриа”, ”арьс өнгө, сүрьеэг илрүүлж, эмчлэх экспедицийн 4 удаагийн аян”, ”улаан тарианы хүүхнүүд” гээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байж, дундад зууны харанхуй бүдүүлэг байдлаас салж, хүнсний зүйлийн нэр төрөл олширсны ачаар намхан нуруутай, навтгар хамартай гэж дуудагдаж байсан Монголчууд европынхноос дутахааргүй эрүүл саруул, өндөр гуалиг ач зээ нартай болсон юм даа.

Хөдөөгийн малчид малынхаа ашиг шимийг зарж хэдэн бор юм олдог байсан бол нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлсний урьдчилгаа гэж бэлэн мөнгө гар дээрээ авч эрчүүд нь хөөрөг дайлан, гаанс тамхины хавтга,  хэт хутганаас гадна мөнгөний хэтэвч буюу түрийвчээр гангардаг болов. “Тээр жилийн өнтэйг яана, тэхийн зогсоолын өндөрийг яана” гэдэг шиг тэр үеийн мөнгөн дэвсгэртийн томыг ч хэлэх үү?

Ийнхүү ахмад үеийнхний шаргуу хөдөлмөрийн хүчээр Монгол орны нүүр царай танигдахын аргагүй өөрчлөгдэж  ёстой нөгөө социализм гэдэг нь нүдэнд нь үзэгдэж, гарт нь баригдаж байсан үе билээ. Гэвч яг энэ мөчөөс эхлэн нам төрийн удирдлага, бараг бүхнийг “ноль”-оос эхэлсэн бүтээн байгуулалтанд сэтгэл ханаж, амжилтандаа цадаж, шударга шүүмжлэлийг умартаж, бусдыг сонсохоо байж, элдэв нэр хоч өгч, хэлмэглүүлж эхэлсэн нь их бүтээн байгуулалтын эрч хүчийг сулруулах, нэгэн хүчин зүйл болсоон гэж зарим судлаачдын үзэж байгаатай санал нэг байна.

Хүүхэд насны дурсамж бараг мартагдадгүй юмуу даа? Манайх гэдэг айл үнээн ферм дээр голдуу  байж ээж маань хэдэн малын дэлэн шувтарч, аав маань мал туух, өвс хадах, хашаа  хороо барих, ан хийх зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэж, бас чөлөө завандаа мужаан, дархны ажил хийж хэдэн хүүхдүүдийнхээ гэдэсийг тэжээж, бусдын зэрэгтэй өсгөсөн   билээ. Тэр үеийн албан хаагчид  үнэхээр нийгэм хамт олны  эрх ашгийг урьдал болгосон хүмүүс байлаа. Фермийн эрхлэгч, бригадын дарга, малын зоотехникч, хүний  эмч, багш, клубын эрхлэгч, киномеханикч гээд эрхэлсэн ажилдаа эзэн болсон хүмүүс байж дээ.

1960-аад оны эхэнд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа нэгдэл” гэж байхад манай ангийн багш Лхүндэвчоён, зоотехникч Чимэдбазар, хүний бага эмч Лавдмаа, клубын эрхлэгч Эрдэнэхүү, кино механикч Рэнбуу нар “Өгийнуурын домог” хэмээх гарван бүлэг, таван үзэгдэлтэй жүжиг тоглож олныг шуугуулж байв.

Манай бригадын малын зоотехникч нэг гэр бүлийн Осор, Наран гээд хоёр залуу 200 гаруй үнээний хээлийг ганц  оройн сааман дээр үнээний үтрээнд толь тавьж, илдэс авч, тусгай бэлтгэсэн шилэн дээр нааж, микроскопоор хараад л тогтоож байсныг тодхон санаж байна. Санахын учир гэвэл микроскопоор нь “хэцүү нэрт” дурандуулж фермийн хүүхнүүдийг айлгаж, ичээж явлаа.

Малын санитарь Баасанжав гэдэг шавилхан залуу ганцаараа хэдэн мирнуусан хуцанд дайруулах шахам байж, 500 шахам хонинд гардан хээлтүүлэг хийж байхыг  малчид хараад гайхширч байж билээ.

Фермийн дарга Шархүү ах шинэ хэвлэл ирэх бүр хүүхэд биднээр дун татуулж, саальчдыг цуглуулж сонин уншлага  хийнэ. Санаанд тодхон үлдсэн нэг зүйл бол манай бригадын сонин хүргэгч янжин Шарав гэж өвгөжөөр хүн  байнга л бүүргээ түшчихсэн шогшуулж явах. Учрыг лавлавал хорь гартлаа хийдэд суусан морь унаж чаддаггүй нэгэн байж. Гэвч  бригадын тэр олон өрхт сонинг  хүргэлгүй тасалдуулсан нэгээхэнч  удаагүй гэж хүмүүс ярьдаг юм.

Бригадын дарга нар жил бүрийн 5 сарын 01-нд тэргэнд шинээр сургасан адуу үхэрээ хөллөж, хөөвөр хялгасаа ачаад  залуучуудаа  дагуулаад улаан туг хийсгэсээр уртаа гэгчийн ердийн хөсгийн цуваатай сумын төвийн тал талаас орж ирнэ. Сургуулийн хүүхдүүд бид бригадынхаа цувааг даган гүйлдэж хирдээ л хөл хөөрцөг болцгооно. Морь уралдаж, бөх барилдаж, спортын уралдаан тэмцээн болж, малчид маань нэг хэсэгтээ хаврын хүнд хүчрийг мартаад, баясаад, цэнгээд буцацгаах.  Манай бригадын дарга Нямаа, Шаравдорж, Дүгэрсүрэн гээд цэргийн даргын цүнх мөрөвчилсөн, 25-ын үзэг энгэртээ зүүсэн, бугуйн цаг гялалзуулсан идэрхэн эрчүүд байсан нь тухай үеийн сэхээтний нэг имиж төрх байсан бололтой.

Сумын намын ухуулагч Балжид гэж өндөр бор хүүхэн  “Эх орон 152” гэдэг том дөрвөлжин радио хүлээн авагч ар нуруундаа үүрчихсэн томоос том гурван зайг нь ганзгалчихсан хөдөөгийн айл өрхөөр орж, суртал ухуулага хийж, радио гэж сонин хачин юмыг хүмүүст үзүүлж, зарим нь бүр доторхи хүнийг нь харах гэж  араар нь шагайж байсан гэдэг. Энэ бол зөвхөн нэг суманд болж байсан үйл явдал биш тэр үеийн хөдөөгийн амьдралын нийтлэг нэг үзэгдэл байсныг гэрчлэх хүмүүс одооч эсэн мэнд байгаа болохоор олныг нуршаад яах вэ?

Энэ бүгдийг дурсахын учир гэвэл сэтгээд бодоод, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл байвал хийх ажил мундахгүй байдагийг сануулах гэсэнд оршино. Ер нь аливаа шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ гэсэн зүйр үг ч байдаг даа.

Жалга довны депутат гэж шүүмжилж байсан  хүмүүс өнөөдөр эргээд нөгөөдөхөө үгүйлээд эхлэв. Нэгдэл гэж нэг бишээ гэж байсан нөхдүүд зуд зурханд нэрвэгдээд ирэхлээрээ  хамтын хүчний давуу талыг  санагалзаад ирэв. Амьдын тус үхсэн хойно нь л гэдэг болж байгаадгаа. Үүнийг бичигч би бээр 1986-1989 онуудад Архангай аймгийн Хашаат сум, “Их эхлэлт” нэгдэлийн даргаар ажиллаж байх үед гэрээ түрээс улс орон даяар эрчимтэй нэвтэрч, малчдын идэвхи санаачлага ихээхэн өрнөсөн жилүүд байв. Нэгдлийн үйлдвэрлэлийн бүхий л салбар нэгжүүд бие даасан аж ахуйн тооцоогоор ажиллаж, гишүүдийн цалин хөлс чамгүй нэмэгдсэн үе байлаа. ХААН гэдэг тухайн сумын ганц саалийн үнээ байж дээ.

Сургууль, эмнэлэг,цэцэрлэг, яслийн мах сүү,цагаан идээ, хүнсний ногооны бүхий л хэрэгцээг хангаж, намын хороо, захиргаа, үйлдвэрчний эвлэл, хянан шалгах хорооны ажлын байр, халаалт дулаан, машин унаа, бинзен шатхууны зардлыг нэгдэл л хариуцдаг байлаа.

Жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ гэж 20 жил ярьсан ч хөдөөд хэдэн “ТҮЦ”-ээс өөр ахисан дөхсөн зүйлгүй. Гэтэл манай нэгдэл гэхэд жилдээ 3,0 тн цөцгийн тос үйлдвэрлэдэг сүүн заводтай, талхны цех, гуанз, үйлдэхүүний дэлгүүр, мал нядалгааны газартай,  барилгын бригад,  блокны цех, хивс нэхдэг тасаг, шахмал түлшний хэсэгтэй, зочид буудал, эхчүүдий амрах байр, ахуйн үйлчилгээний төвтэй, халуун усны газар, авто засварын төв, хадлангийн салаа, тариа бригад, үтрэмийн тасагтай  ер нь одоо бодоход юм юм байж дээ. Сумын төвд ажилгүй хүн гэж бараг байсангүй. Цэргээс ирсэн залуучуудад 14 хоногийн чөлөө өгөөд, ажил заагаад явуулдаг байлаа.

Нэгдэлчдийн  амралтын газар гэж  2 ортой, арван шовгор  барьж, өндөр хүчдэлтэй холбоод зурагт хөргөгч тавьчихаад  завсар хооронд нь Нийслэл, Дархан хотын шифийнхнийгээ цагаан гүүний саам, улаан үнээ, цагаан ямааны сүү, тарваганы боодогоор дайлсан шиг суулаа шүү дээ.  Одоогийн сумын засаг дарга нарыг бодвол “Лусын хаан” шиг л байж дээ.

Энэ бол ганцхан “Их эхлэлт”  нэгдлийн тухай ярьж байгаа хэрэг биш тухай үед ажиллаж байсан ХАА-н 255 нэгдлийн ерөнхий дүр зураг харагдаж байна аа гэсэн үг юм. Эцэст нь ганц үг дайхад С.Батболдын засгийн газар ХААН–ийн дарга нарыг амьд сэрүүн байгаа дээр орон нутагт томилолтоор ажиллуулж, шинэ цагийн хоршоо байгуулах “АЯН”-ыг эхлүүлээсэй билээ.

Даяар монгол


URL:

Сэтгэгдэл бичих