УИХ-ын гишүүн асан Р.Будын дүү хэрцгийгээр хүний амь хөнөөсөн ч одоо болтол хэрэг нь шийдэгдэхгүй байна

Хамт ажилладаг эмэгтэйг хүчирхийлж, хоолойг боож амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо

нуусан жигшүүрт хэрэг өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 19-нд гарсан. Энэхүү хэрэгт “Мөнх замбала” компанийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байсан Ж.Нэргүйг сэжигтэнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм. Түүнийг шүүх хурал энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Гэхдээ одоогийн байдлаар түүнийг шүүх хурал өмгөөлөгч гадаад явсан, улсын яллагч амарсан зэрэг шалтгаанаар гурвантаа хойшлогдоод байгаа юм. Энэхүү хэргийн талаар талийгаач Э-гийн аав Г.Молотовтой ярилцлаа.

-Сэжигтэн Ж.Нэргүй таны охиныг яаж таньдаг байсан бэ?

-Миний охин чинь 1988 онд төрсөн 23 настай ч гэсэн ээжийнхээ өвөрт унтдаг байсан. Найз залуу ч байгаагүй. Боловсролын их сургуулийн компьютер, англи хэлний багшийн ангийг төгссөн юм. Энэ хэрэг чинь зургаан сард гарсан шүү дээ. Охин маань есөн сард нь Нийслэлийн 79-р дунд сургуульд багшлах гэж байсан. Тэгээд зүгээр суухаар гээд “Мөнх замбала” гэдэг компанид түр хугацаагаар мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Тэр компанид ажиллаад 14 хонож байсан юм. Алуурчин Ж.Нэргүй тэр үед л манай охиныг зүс таньдаг болсон гэсэн.

-Сэжигтэн Ж.Нэргүй нь хэд орчим насны хүн бэ. Гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй бас хоёр хүүхэдтэй хүн байсан гэсэн. Эхнэрийгээ аавынх руугаа явах хойгуур нь ийм бузар юм үйлдсэн байгаа юм.

-Хэрэг гарах өдөр яг юу болсон бэ?

-Манай охиныг гэртээ байхад нь утсаар залгаж, дарамталсаар байгаад гэрээс нь дуудаж гаргаад “халтуур” хийдэг машиндаа хүчээр суулган авч явсан байгаа юм. Утасны биллээс харахад тэр өдөр манай охин руу 10 удаа залгасан байдаг юм билээ. Тэгээд манай охинтой уулзаад хэрэг үйлдэх үедээ өөр хэн рүү ч яриагүй байдаг. Өдрийн 16 цагаас эхлэн 22.00 цаг хүртэл тарчлаасан гэсэн.  Тэгээд миний охиныг зодож, балмадаар хүчиндсэн байгаа юм. Тэрээр мэдүүлэг өгөхдөө ”Хүчиндчээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” гэсэн байдаг.

-Охиныхоо цогцсыг хаанаас олсон бэ?

-Манай охин гэрээсээ гараад сураггүй болчихоор нь цагдаагийн байгууллагад хандан эрэн сурвалжилсан. Бүр олдохгүй болохоор нь таньж мэддэг бүх хүнийхээ машин, таксигаар охиныг ес хоног хайсны эцэст алуурчин Ж.Нэргүйгийн жорлонгоос олсон юм. Тэрээр миний охиныг алчихаад гар утсыг нь эхнэрийнхээ дүүд 20 мянган төгрөгөөр зарсан байсан. Тэгээд охиныхоо утасны ярьсан дугаараар хөөн Ж.Нэргүйг Офицеруудын ордны хажууханд баривчилсан. Охиныг минь алчихаад таксигаар халтуур хийгээд санаа амар явж байсан.

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтааныг юу гэж үзсэн бэ?

-Задлан шинжилгээгээр миний охинд гэмтээгүй, хөхрөөгүй эрхтэн гэж байгаагүй. Харин ховч ясыг хугалсан тул үхэлд хүргэсэн байна гэсэн. Мөн Ж.Нэргүйн үрийн шингэн болохыг тогтоосон.

-Хэргийн зүйл ангийг улсын прокурор нь хөнгөвчилсөн гэсэн. Энэ талаар?

-Тэр Ж.Нэргүй гэгч алуурчин нөхрийн төрсөн ах нь Дорнод аймгийн шүүгч Ж.Наранбаатар гэж хүн байдаг. Харин аавынх нь дүү нь УИХ-ын гишүүн асан Р.Буд байгаа юм. Хэрэг гарснаас хойш 1.3 жил өнгөрөөд байхад энэ хэрэг шийдэгдэхгүй, шүүх хурал ямар нэгэн аргаар хойшлогдоод байгааг дээрхи хоёр хүний нөлөө ороод байгаа болов уу гэж хардаж байгаа юм.  Энэ хэрэгт улсын яллагч нь 91.2.2-оор яллах тогтоол үйлдсэн. Энэ заалтад ганцхан танхайн сэдэлтээр хүнийг хөнөөсөн эсэхийг л шүүнэ гэсэн үг. Оногдох ял нь ч бага. Бид үүнийг эсэргүүцэж байгаа. Уг нь анх энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-ээр эрүү үүсгэсэн байсан юм. Энэ нь хүнийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр алсан бол оноодог ял. Би үүнийг эсэргүүцэн УЕПГ-ын дарга Д.Дорлигжавтай уулзсан.

-УЕПГ-ын дарга Д.Дорлигжав таны хүсэлтийг хүлээн авсан уу?

-Миний охиныг айлган сүрдүүлж, хүчиндэж алаад, санаатайгаар нуун дарагдуулсан. Мөн охины минь утсыг зарж борлуулсан байгаа юм. Энэ тухай  УЕПГ-ын дарга Д.Дорлигжавт танилцуулахад тэрээр минийхүсэлтийг хүлээн авч, тэр өдөрт нь шийдвэрлсэн.

-Тодруулбал?

-Д.Дорлигжав дарга энэ бол ганцхан заалтаар зүйлчлэх хэрэг биш гээд Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.15, 126.1 зэрэг заалтуудаар зүйлчлэх хэрэгтэй гэж үзэж прокуруудад хэлсэн. Гэвч энэ сарын 10-нд болсон шүүх хуралд прокурор н.Алимаа 91.2.2-оос бусад зүйлийг хассан байна лээ. Би үүнийг эсэргүүцэж байна. Бүр болохгүй бол энэ асуудлаар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандана гэж бодож байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих