“I Phone 5” жинхэнэ тэсрэлт байх нь
Гар утас зохион бүтээгч компаниуд “галзуурах” нь ээ. Уржигдар шөнө Сан Франциско хотноо “Apple” компани “I Phone 5″ гар утсаа танилцууллаа. Урьдын л адил хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгэчихээд байсан бүтээгдэхүүнийг танилцуулахаас өмнө өмнөх загваруудыг нь бодвол тийм ч олон таамаглал дэвшүүлээгүй байсан юм. Ерөнхийдөө шилэн гадаргуутай болох нь гэсэн мэдээлэл байсан ч бусад үзүүлэлтийнх нь талаар мэдээлэл хомс байсан билээ. Харин дэлхий даяар дэгдээд байсан таамаглал, цуу яриаг өчигдөр нэр мөр болгож шинэ бүтээгдэхүүн олны өмнө гарлаа. Ингээд тус бүтээгдэхүүн ямар “ид шидтэй” болохыг сонирхуулъя.
Хамгийн эхний үзүүлэлт бол гадаад үзэмж. Өмнөх хоёр загвар хоорондоо төстэй, гаднаас нь харахад шинэчлэлт байхгүй мэт харагдаж байсан бол шинэ загвар нь “I Phone” хэрэглэгчдийг догдлуулж байна. Өргөнөөрөө хуучинтайгаа ижилхэн боловч илүү өндөр болжээ. Мөн дэлгэцээ томсгож дөрвөн инч болгосон байна. Жингийн хувьд мэдээж хөнгөхөн болсон. “I Phone 4″ 140 грамм жинтэй байсан бол одоогийнх нь 112 грамм. Зузаан нь ч 9.3 мм-ээс 7.6 мм болтлоо нимгэрчээ. Тэгэхээр сүүлийн үеийн гар утаснуудаас хамгийн “ухаантай”, хамгийн нимгэн, хамгийн хөнгөн нь болж байгаа юм. Харин өнгөний хувьд уламжлалт хар, цагаан нь хэвээрээ.
Төв процессор нь өмнөхөөсөө хоёр дахин хурдтай, А6 чиптэй. Шуурхай санах ой нь 512 мега байтаас нэг гега болж нэмэгджээ. Тогтмол санах ой нь харин урьдын адил 16, 32, 64 гега гэсэн сонголттой. Камерын хувьд дэлгэцийн хэмжээ томорсноос хамаараад 960х640 байснаа 1136х640 болж нэмэгдсэн бөгөөд нягтрал нь 326 мега юм байна. Үүнийхээ зэрэгцээ Full HD 1080p видео бичих, видео бичих завсраа фото зураг авах, 28М пиксел хүртэл хэмжээтэй панорама зураг авах зэрэг дэвшлүүдийг нэвтрүүлжээ. Мөн нүүрэн талын камер нь 720p хүртэл HD чанартай болж сайжирчээ. Сүлжээний хувьд юун 3G, юун утасгүй интернэт. “Apple”-ийнхан 4G (LTE) сүлжээг нэвтрүүлсэн нь хамгийн том дэвшил болоод байна. Ингэхээр мэдээж хэрэг интернэтийн хурд гэдгийг ёстой нэг мэдрүүлэх шиг болох нь. Энэ олон дэвшилт зэрэг хийгдчихээд байхад ч батерей нь улам сайжирсан тухай мэдээлэл байна. Идэвхигүй үедээ 225 цаг, дата ашиглахдаа найман цаг болжээ. Харин өмнөх загвар нь идэвхигүй үедээ 200 цаг байсан юм. Үүнийхээ зэрэгцээ цоо шинэ iOS 6 үйлдлийн системийг анх удаа суулгасан гэнэ. Тэгэхээр бид шинэ утастайгаа танилцах гэж, шинэ утсаа ашиглах гэж багагүй хугацааг сонирхолтойгоор өнгөрөөх нь ээ.
USB холбогч кабел нь жижгэрсэн шинэ загвартай болж түүнийгээ “Lightning” гэж нэрлээд байгаа. Гэхдээ хуучин кабелаа ч мөн ашиглаж болох хувиргагчтай байх юм байна.
Мэдээж хэрэглэгчдийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол үнэ. “Apple”-ийнхан зах зээлийн жишгээр 4S-ийн үнийг буулгаад шинэ бүтээгдэхүүнээ одоогийн утасны үнээр худалдаалахаар болжээ. Тэгэхээр та бид АНУ-аас шинэ “I Phone” захилаа гэхэд 650 ам.доллартай байх шаардлагатай боллоо. Харин захиалгаа өнөөдрөөс авч эхэлж байгаа ажээ. Эхний ээлжинд АНУ, Канад, Англи, Франц, Герман, Австрали, Япон, Хонгконг, Сингапурт энэ сарын 21-нээс эхэлж худалдаална гэсэн. Тэгэхээр та бид уг гайхалтай бүтээгдэхүүнийг ирэх долоо хоногоос эхлэн ашиглах боломжтой болох баяртай мэдээ байна.
С.АЛТАНЦЭЦЭГ
URL: